Монголын анхны NFT арилжаалах платформ “Mongol NFT” болон “B Production” хамтран Монголын дуу хөгжмийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг бий болгох зорилгоор блокчейн, NFT технологи дээр суурилсан “Мета Мьюзик прожект” төслийг эхлүүлснээ өнөөдөр зарлалаа.
Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар уран бүтээлчдэд NFT-г санал болгох, NFT-ээс үр шим хүртэх, стримингийн үйлчилгээ үзүүлэх платформ бий болох юм. Тодруулбал, Монголын хөгжмийн салбар шинэ шатанд гарч, уран бүтээлчдэд эдийн засгийн шинэ боломжууд бий болж, эцсийн хэрэглэгчдэд үзүүлэх үр өгөөж илүү нэмэгдэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид онцлов. NFT-ийн платформыг ашиглан уран бүтээлчид өөрсдийн шинэ дуу, зураг, цомгоо олон нийтэд сурталчлах, худалдан борлуулах, цаашлаад дэлхийд экспортлох боломж нээгдэж байгаа юм байна.
"B Production"-ийн үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Болд “Орчин үед уран бүтээлээ хүмүүст хэрхэн хүргэх, яаж зах зээлд борлуулах вэ гэдэг техник технологитой салшгүй холбоотой болсон. Бид өөрсдийн зохиосон, мөн хийж байгаа уран бүтээлээ дэлхий дахинд гаргах боломж гарч ирж байна гэж харж байгаа. “B” продакшны хувьд өөрсдийн бүтээл, хамтран ажилладаг уран бүтээлчдэдээ энэ талын ойлголтыг өгөх, бүтээлээ борлуулах бололцоог гаргаж өгөх болно.
Уран бүтээлчид өөрсдийн бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулах, патент дээр анхаардаг. Тэгвэл Mongol NFT-ийн гол давуу тал нь найдвартай оюуны өмч, системийн аюулгүй байдлыг дэлхийн жишигт нийцүүлсэн явдал юм. Бид Mongol NFT-ийн залуустай хамтран Монголын урлагийг зөв чиглэл рүү хөтөлж дэлхийтэй мөр зэрэгцэн алхах болно” гэлээ.

‘Infinite Solutions" компанийн үүсгэн байгуулагч Б.Габит “Mongol NFT блокчейн технологид уран бүтээлч дуугаа оруулснаар мөнхрөх боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн уран бүтээлчийн дуу хүүхдэд нь өвлөгдөх болно. Дараа дараагийн хүн рүү шилжин уран бүтээлийн орлогыг хуваарилан явах бүрэн боломжтой. Энэ боломж нь давхар дижитал эдийн засгийг бий болгож байна. Mongol NFT-д зөвхөн дуучин гэлтгүй бүхий л төрлийн зүйлсийг дижитал хувилбарт шилжүүлэн оруулах боломжтой. Бид өөрсдийн платформыг хүн бүрд нээлттэй байлгах болно. Уламжлалт өв соёл, дуу хөгжмөө ч мөн оруулж дэлхийд таниулах болно. Манай багийн гишүүд өнөөдөр Монгол болон Америкт байршиж аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагаанд анхаарч байна. Бидний 2022 оны хамгийн том ажил бол олон улсад гарах юм.
Өнөөдөр бидний ярьж байгаа “Metaverse бол The Sandbox Metaverse юм. Энэ бол гурван том ‘Metaverse’-ийн нэг нь. Энд бид өөрсдийн хотоо байгуулж, монгол наадам, үзэсгэлэн тоглолт, уран бүтээлээ байршуулах болно. Энэ ажил Mongol NFT-ээр дамжих юм. Ингээд bонгол хэрэглэгчид эндээс өөрсдийн таалагдсан уран бүтээлээ худалдан авна. Яг л компьютерын тоглоом шиг хялбар юм.
Түүнчлэн "Metaverse" дээр байх бусад 300-400 сая гадаад хүн манай хот руу орж, монгол уран бүтээлээс худалдан авах болно. Ингэхдээ заавал Mongol NFT койныг авна. Одоогоор Mongol NFT-д 30 гаруй уран бүтээл орсон бөгөөд 300 гаруй уран бүтээлчийн бүтээлийг нэмэхээр ажиллаж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, соёл урлагийн салбарт 15 жилийн түүхтэй "B" продакшн нь бүрэн шинэчлэгдсэн олон улсын A зэрэглэлийн кино, хөгжим, дуу бичлэгийн цогц студийг нээжээ. “B” продакшны байгуулсан “440Hz records” компани цогц студийнхээ акустик дизайн архитектурыг АНУ-ын “Wes Lachot” компанитай хамтран шийдсэн бол тоног төхөөрөмжүүдээ Их Британи улсын “Solid State Logic” QUESTED брендүүдээс сонгон авсан байна.