УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанктай хамтран "Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Монголын эдийн засагт үүсэх эрсдэл, гарц шийдлийн талаар маш сонирхолтой илтгэл тавьсан.
Сайд асан М.Энхсайхан итгэлдээ “ОУВС-гийн хөтөлбөрийн дараа ОУВС-гийн хөтөлбөр жинхэнэ хэрэгжиж эхэлнэ. Үүнд, сэтгэл санаа, орчин нөхцөлийн хувьд нийгэм бэлэн байна уу, мэргэжлийн хүмүүс бэлэн байна уу гэдгийг ярих хэрэгтэй байна” гэсэн нь оролцогчдын сонирхлыг ихээхэн татсан.
Тэрээр ингэж хэлж байгаа шалтгаанаа тайлбарлахдаа “Монгол Улсын тавьсан өр дэндүү их байна. Ядуу хөгжиж байгаа орнуудын төрийн тавьсан гадаад өр нь хувийн хэвшлийнхээсээ дээгүүр байдаг. Хөгжингүй орнуудад төрийн тавьсан өр нь хувийн хэвшлийнхээсээ бага байдаг. Манай төрийн тавьсан өр хэмжээнээс хэтэрсэн байна. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа бид яаж ч өрөө дараад дахиад л өртэйгээ үлдэнэ. Дээр нь Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийг яаж дарах вэ гэдэг асуудал гарна. Эцсийн дүнд дахиад л ОУВС-гийн хөтөлбөр дээр буух болов уу” гэсэн юм. Хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд асан М.Энхсайханаас зарим асуултад хариулт авлаа.
-Та Валютын сангийн хөтөлбөр дуусаад дахиад Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж таарна гэсэн агуулгатай зүйл ярилаа. Үүнийгээ дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Хүн бизнес хийх гээд зээл авахдаа эхлээд ойр дотнын хамааман, ах дүү, найз нөхдөөсөө гуйна, асууна, хайна. Дараа нь банкинд хандана. Бүр болохгүй бол хамгийн сүүлд найдаж байгаа хүнээсээ гуйдаг. Үүнтэй адил улс орон өр зээлд автагдаж, хүндрэл үүсвэл хамгийн сүүлчийн зээлдэгч нь хэн байдаг юм бэ гэдэг асуулт байдаг. Монгол Улс бол өөрийн эдийн засгийн нөөцөөс хэтэрхий их давсан өр зээлийг өмнө үүсгэчихсэн. Дээр нь санхүүгийн сахилга бат муутай явснаасаа болж өрийн дарамтад орчихсон. Өрөө бага багаар төлж байгаа ч энэ их хуримтлагдсан өр тийм амар дуусахгүй. Өнөөдөр ил байгаа буюу Чингис, Самурай бондын өрийн тухай яриад байгаа ч үнэн хэрэг дээрээ урд хөрштэй байгуулсан их хэмжээний өр төлбөрүүд бий. Жишээ нь, Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлээс үүссэн өр байна. Эдгээрийг харгалзсан ч өнөөдрийн ОУВС-тай тохирсон хугацаанд энэ өрөө төлж чадахгүй. Хөтөлбөр дуусахаар ахиад бид хэнээс гуйх вэ гэдэг асуудал үүснэ. Эцсийн зээлдэгч нь ОУВС байх гарцаагүй учраас л ийм санааг гаргаж ирсэн. Үүнд олон нийт, манай мэргэжлийн хүмүүс, улстөрчид нь сэтгэл санааны хувьд бэлэн байна уу, үгүй юү гэдгийг би зориуд өдөж тавьж байгаа юм.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс энэ УИХ-ыг өөрөө тарах саналыг гаргалаа. Энэ асуудал улс төрийн хүрээнд халуун сэдэв болж байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Миний хувьд Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлыг хараахан тавиагүй гэж ойлгож байгаа. Асуудлыг зөвшилцье гэж ярьж байна. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ, Засгийн газар гээд манай төрийн институциуд илүү хариуцлагатай, үр ашигтай ажиллахыг сануулсан том сануулгын дохио өглөө гэж харж байгаа ш дээ.
-Та итгэлдээ ЖДҮ-ийг дэмжих зээлийн асуудлыг арилжааны банкуудад руу шилжүүлж, хяналтыг нь Засгийн газар, Монголбанкнаас хийж болох саналыг дэвшүүлж байсан. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийн зээлтэй холбоотой асуудал олны дургүйцлийг ихээхэн хүргэж байна. Ер нь УИХ-ын гишүүн мэдээлэлд ойр байдаг гэдгээ ашиглан энэ зээлийг авах нь зөв юм уу?
-Нийслэлийн прокурор, АТГ-т энэ асуудлаар хэрэг үүсгэж энэ асуудлыг шалгаж байгаа юм байна лээ. Бид албан ёсны шалгалтын дүгнэлтийг гартал илүү дутуу юм яриад байх хэрэггүй гэж бодож байгаа. Шалтгалтаар юу нь хууль зөрчсөн, юу нь ёс суртахуун зөрчсөн бэ гэдгийг хэлээд өгөх байх гэж найдаж байгаа. Нийгэм бол мэдээж дургүйцэж байна. Би ч хувь хүнийхээ үүднээс дургүйцэж байгаа иргэдийн тоонд орж байгаа. Ийм байдалтай явж болохгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл энэ асуудал олон хүний хүч хөдөлмөр, ирээдүйдээ итгэх итгэлийг мохоосон буруу зүйл болж байна. Энэ буруу зүйлийг хууль хяналтын байгууллагынхан шалгаад шийдэхийг шийдээд явах байх. Харин цаашдаа ЖДҮДС зээлийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг дээр эдийн засагчид санаа зовох асуудал байх ёстой. Тус сангийн мөнгөөр банкны тогтолцоонд яаж жижиг дунд үйлдвэрийг илүү их санхүү үйлчилгээ авах бололцоог үүсгэх вэ гэдэг рүү тэр мөнгө зарцуулагдах ёстой. Түүнээс биш өөрөө банктай зэрэгцээд зээлжүүлэх үйл ажиллагаа хийж байгаа нь буруу байна гэдэг саналыг дэвшүүлж байгаа.
-Монголд том мега төслүүд яагаад хэрэгжихгүй байна вэ. Том төслүүд дээр ажиллаж байсан хүний хувьд юу гэж боддог вэ?
-Одоохондоо манайхан том төсөл боловсруулж чадахгүй байна. Дэндүү их сэтгэлийн хөөрлөөр явж байна. Ер нь том төслийг дагаж дандаа сэтгэлийн хөөрөл явдаг. Энэ сэтгэл хөөрлөөсөө болж дандаа эргэж унацгаадаг. Үүнийг давтаад байгаа байдал л харагддаг.
-Мега төсөлд багтах Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил эхэлсэн. Гэхдээ та төслийн ТЭЗҮ ч боловсруулагдаж дуусаагүй байхад ажил нь эхэлчихлээ гэж шүүмжилж байсан. Энэ төслийн эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?
-ТЭЗҮ нь боловсрогдож дуусаагүй байхад үйл ажиллагааг нь эхлүүлж, хөрөнгө гаргаж төслийг нь эхлүүлсэн улс орон байдаг. Ялангуяа ТЭЗҮ нь дуусаагүй байхад учиргүй яарч сандарч, ажлаа эхэлсэн төслүүд голдуу унадаг юм. Нефтийн үйлдвэрийн төсөл тийм хувь заяатай учирчихвий гэж анхааруулга л өгсөн. Хэрвээ баригдчихвал эдийн засгийн хувьд ямар өгөөжтэй вэ гэдгийг одоо боловсруулж байгаа ТЭЗҮ нь хэлж өгнө. Тэр нь гараагүй учраас өмнөөс зохиож яриад хэрэггүй л дээ.