Open iToim app
Бусад | 3 мин уншина

Өдрийн хоол идсэний дараа яагаад нойр хүрдгийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ

Өдрийн хоол идсэний дараа яагаад нойр хүрдгийг эрдэмтэд ингэж тайлбарлажээ
Нийтэлсэн 2019 оны 11 сарын 22
Ихэнх хүмүүст өдрийн хоол идсэний дараа нойрмоглох шинж тэмдэг илэрдэг. Япон, Хятад зэрэг орнуудад өдрийн хоолны дараа унтдаг соёлтой. Бусад орнуудтай харьцуулахад эдгээр орнуудад зүрх, судасны өвчлөл 37 хувиар бага байдаг аж. Гэвч манай улс шиг ажлын цагаар унтах нь зохисгүйд тооцогддог орны хувьд үүнтэй тэмцэхээс өөр сонголтгүй. Тиймээс яагаад заавал өдрийн хоолны дараа ажлын цагаар нойр хүрдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг хүргэж байна.
Юун түрүүнд бид амьдралын буруу хэвшлээс улбаатайгаар ажлын цагаар нойрмоглох асуудлын талаар энд яриагүй гэдгийг сануулах нь зүйн хэрэг юм. Ихэнх хүмүүсийн хувьд алкоголь, кафен, элсэн чихрийн зохисгүй хэрэглээ, дэлгэц хэт их ширтэх, стресс, эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэх, жирэмсний үеийн хямралаас улбаатайгаар нойргүйдэж, тэр нь удаан үргэлжилснээр эрүүл мэнд, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлөх тохиолдолд их байдаг.
Харин хооллосны дараа нойр хүрэх нь хүний биед цанаасаа заяасан байгалийн зүйл гэдэг дээр эрдэмтэд санал нэгддэг бөгөөд энэ нь эрүүл мэндтэй холбоотой тийм ч ноцтой асуудал биш аж. Үндсэндээ таны бие идсэн хоолоо шингээж, ашигтай бодисуудыг хэрэгтэй эд эрхтэнд хүргэж, ашиггүй, биед сөрөг нөлөөтэй бодисыг ялгахын тулд маш их энерги зарцуулдаг. Шинжлэх ухаанд хооллосны дараагаар хүний биеийн энергийн төвшин багасах энэхүү үзэгдлийг “Postprandial somnolence” гэж нэрлэдэг. Зарим судлаачид үүнийг хоол идсэний дараа хүний бие дэх серотонины хэмжээ ихээр нэмэгддэгтэй холбон тайлбарладаг аж.
Гэсэн ч эрдэмтдийн олж тогтоосноор хооллосны дараа нойр хүрэх нь ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс ихээхэн хамаардаг болохыг олж тогтоожээ. Уураг болон нүүрс усаар баялаг хоол хүнс нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс илүүтэй нойрмоглох мэдрэмж төрүүлдэг байна. Тухайлбал, яргай загас, шувууны мах, өндөг, бууцай, үр, шар буурцаг, сүү сүүн бүтээгдэхүүн, бяслаг зэрэг уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдэд “триптофан” гэх амин хүчил ихээр агуулагддаг. Триптофан нь хүний сэтгэцийн байдал, унтах циклийг зохицуулахад чухал үүрэгтэй серотониныг боловсруулдаг байна. Харин нүүрс ус нь цусан дахь “триптофан”-ыг шимэгдүүлдэг аж. Тиймээс нүүрс ус ихээр агуулсан талх, гурилан бүтээгдэхүүн, гоймон, цагаан будаа, эрдэнэ шиш, элсэн чихэр, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараа нойр ихээр хүрдэг байна.
Ажлын цагаар хүмүүс ихэвчлэн нүүрс ус, уураг ихээр агуулсан хүнсний бүтээгдэхүүнээс гадна бялуу, амттан, нарийн боов зэргийг идэх нь элбэг байдаг. Гэвч эрдэмтдийн хийсэн ажиглалтаар өдрийн хоолоо хэтрүүлэн идсэн хүмүүсийн нойр хүрэх байдал тохируулж иддэг хүмүүстэй харьцуулахад их байжээ. Мэдээж  “Postprandial somnolence” үзэгдлийн дагуу хэдий чинээ их хоол иднэ, боловсруулахын тулд төдий чинээ энерги зарцуулагдана. Хэтрүүлэн идэх нь эрүүл мэндэд ч сөрөг нөлөөтэй. Тиймээс хоолоо зөв тохируулан идэх нь зөвхөн таны эрүүл мэнд төдийгүй ажлын бүтээмжтэй холбоотой асуудал юм.
АНУ-ын Үндэсний нойрны төвийн хийсэн судалгаагаар хүний бие шөнийн 02, болон өдрийн 14 цагт энергийн байгалийн нөхөн сэргээлт буюу унтаж амрахыг шаарддаг байна. Тиймээс ч Европын зарим орнуудад “Siesta” буюу ажлын цагаар хэд хэдэн удаа завсарлага авч, цай, кофе, жигнэмэг зэргийг идэн, дасгал хөдөлгөөн хийж, хамт олноороо ярилцах цагийг гаргасан байдаг.
Эх сурвалж: Medical news today
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн