ОХУ болон АНУ-ыг маш олон зүйлс тусгаарладаг. Их гүрний ашиг сонирхол, геополитикийн асуудал, өрнө ба дорнын соёл, үзэл бодол, улс төр, суртал ухаалаг гэх мэт. Өнгөрөгч 2018 онд Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон “ИХ 20”-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах байтугай гар барьж, биесийнхээ мэндийг ч мэдэлцэлгүй өнгөрцгөөсөн. Энэ бол эдгээр их гүрнүүдийн дунд үүсээд буй хурцадмал асуудлууд өнөөдөр ямар муу шатанд хүрсний илрэл гэж олон улсын улс төрийн тоймчид дүгнэжээ.
Хүйтэн дайны он жилүүдэд буюу 1962 оны аравдугаар сард хуучин ЗХУ болон АНУ-ын харилцаа муу талаараа түүхэн дээд хэмжээндээ хүрч Кубын хямралыг үүсгэв. Тухайн үеийн нөхцөл байдал нэг л буруу үйлдэл, шийдвэрээс улбаалан цөмийн дайн үүсэх хүртэл хурцадмал байдал бий болгосон юм. Аз болж хүн төрөлхтөнд аюул нүүрлэхээс сэргийлж чадсан ч хэн нь түрүүлж саран дээр хөл тавих вэ, хэн нь илүү агуу хүчирхэг гүрэн болохоо үзэх гэж эцэс төгсгөлгүй өрсөлдсөн.
Гэсэн ч өөр, өөр системтэй дэлхийн хоёр тэнхлэгт тэргүүлэх байр суурьтай их гүрнүүдийн удирдагч нар хүйтэн, хөндий харилцаагаа дээшлүүлэхийн тулд хэдэн арван сая ам.долларыг зарцуулсан байдгийг доор сийрүүлье.
ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв хүйтэн дайны уур амьсгалыг сайжруулахын тулд хамгийн түрүүнд алхам хийсэн хүн аж. АНУ-ын 33 дахь Ерөнхийлөгч асан Роналд Рейган “ноён Горбачёв ЗХУ болон АНУ-ын хооронд буй ханыг сэт татан нураах болно” гэж байв. Үүний нэг бодит жишээ нь өнөөдрийн “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ” юм. Харамсалтай нь эдгээр орнууд өнгөрсөн хугацаанд харилцаагаа улам дордуулах ажилд хэдэн арван тэрбум ам.доллар зарлагдсаар иржээ. АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн жилүүдэд энэхүү олон улсын гэрээнээс гарах тухайгаа нээлттэй илэрхийлэх болсон.
Гэхдээ үнэн хэрэгтээ эдгээр улсууд нь өнөө хэрнэ үргэлжлэх улс төрийн үл ойлголцлоосоо болж хэт хол мэт тус тусдаа аж төрөх боловч ОХУ болон АНУ-ын газар нутаг хоорондоо ердөө 82 километрын зайтай. Тодруулбал 1867 онд Оросууд Аляскийг тэр чигт нь 7,2 сая ам.доллараар АНУ-д зарсан байдаг. Үүнээс хойш Орос, Америк болон Еврази, Хойд Америкийн эх газрыг Берингийн хоолой дахь “Том Диомеда” болон “Жижиг Диомеда” арлууд зааглах болжээ. Уг хоёр арлыг цагийн бүсчлэлээс нь хамаарч Өчигдрийн арал болон Маргаашийн арал ч нэрлэдэг. Учир нь олон улсын цагийн бүс дээр нэг нь +12 нөгөө нь -9 цагийн бүсэд орших аж. Гэхдээ энэ хоёр арал нь хоорондоо ердөө тав хүрэхгүй километрын алсад оршино.
Энэ бол машин ойрхон зай болохын нэг жишээ нь Их Британийн аялагч Карл Бушби болон Францын аялагч Дмитрий Кьеффер нар 2006 онд мөсөн хавтанг дамжин уг хоёр арлыг явган туулж чадсан явдал юм. Харин 1987 онд АНУ-ын Линн Кокс гэх бүсгүй энэ зайг ганцаар сэлж туулсан байдаг.
Түүний энэ баатарлаг үйл хэргийг тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв болон АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган нар цөмийн дайны төгсгөлийг билэгдсэн сайхан үйл явдал хэмээн онцлон тэмдэглэж, талархал дэвшүүлж байв. Энэ талаар Михаил Горбачёв “Линн Кокс гэх энэ зоригт залуу бүсгүйн үйлдэл ЗХУ болон АНУ-ын ард түмэн хоорондоо ердөө хоёр цаг сэлж хүрэх ямар ойрхон зайд амьдардаг болохыг харууллаа” гэж 1987 онд “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ”-нд гарын үсэг зурах үедээ хэлж байжээ.
Гэхдээ хүйтэн дайны үед Оросын мэдлийн “Том Диомеда” арлын стратегийн байршлыг ашиглан ЗХУ тэнд цэргийн баазыг төвлөрүүлэх болсон нь өнөөдөр ч оршсоор байна. Өөрөөр хэлбэл үүгээр АНУ-ын нэг ч хөлөг онгоц гатлан гарах боломжгүй аж.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч асан Роналд Рейган 1986 онд Тун Юун Лин гэх Хятад гаралтай инженерт Дорнод Сибирь болон Аляска мужийг холбох гүүр барих зураг төсөл боловсруулахыг даалгаж байжээ. Тун Юун Лин ч үүнийг ажил хэрэг болгож түүнд 16 хуудас бүхий тив дамнасан “Энх тайвны гүүр”-ний төлөвлөгөөг гардуулсан байна. Гэхдээ тус нүсэр бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, инженерийн нүсэр шийдэл нь уг төслийг бүтэшгүй мэт харагдуулахад хүргэж улс төрийн шалтгаануудаас болж өдий хэрнэ нэг ч зүйл нь ажил хэрэг болоогүй юм.
Хэрвээ үүнийг өнөөдөр бодит ажил болгох аваас дэлхий нийт улам бүр ойртож, худалдааны асар том шинэ сүлжээ бий болно. Харамсалтай нь Берингийн хоолойгоор жил бүр их хэмжээний хойд туйлын мөс нэвтрэн гардаг. Мөн жилийн долоон сарын турш цаг агаар хасах 40-48 хэмийн хүйтэн байдаг зэрэг нь тэнд ямар ч барилгын ажил хийх боломжгүй болгодог бөгөөд энэ нь уг нүсэр төслийг үнэхээр бүтэшгүй мэт болгож буй хамгийн том хүчин зүйл юм. Харин Еврази болон Хойд Америк тивийг холбох энэхүү ажилд БНХАУ буюу өөр нэг их гүрэн нэмэгдэн орж ирсэн нь үүнийг бодит болгох боломжтой харагдуулах болсон аж.
БНХАУ нь “бүс ба зам санаачилга”-ын хүрээнд дэлхий нийтийг өөрсдийн нэгдсэн замын сүлжээнд холбох нүсэр ажлыг эхлүүлээд буй. Хятадын тэргүүлэх бодлогын хүрээнд одоогоор Африк, Ази, Европ тив төмөр замаар холбогдох нь цаг хугацааны асуудал болоод байна. Гэхдээ тэдний дэлхийн төв болох зорилго бодитой байж чадах үгүй нь Хойд Америк болон Өмнөд Америк тивтэй хэрхэн холбогдох вэ гэдгээс ихээхэн шалтгаална.
Гэвч БНХАУ-ын эрх баригчид аль 2007 онд Хятадыг АНУ-тай хурдны галт тэргээр холбох төслийг эхлүүлсэн байдаг. Энэхүү төмөр замыг ОХУ-ын газар нутгаар барьж байгуулах зөвшөөрлийг тус улсын хууль тогтоогчид 2008 онд өгсөн аж. Ингээд 2015 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ төсөл дээр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Үүнээс өмнө ОХУ, АНУ, БНХАУ болон Канад гэх дөрвөн хүчирхэг гүрэн нэгдэж Берингийн хоолойг барих тухай яриа олонтой гарч байсан ч энэ асуудлаар олон улсын төвшинд нэг ч удаа бодит уулзалт болж байгүй юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэхүү нүсэр ажлыг урагшлуулах тухай асуудал их гүрнүүдийн төвшинд улам бүр хүчтэй яригдах болжээ. Хэдий энэ ажилд АНУ-ын тал ОХУ болон БНХАУ-тай үүсгэсэн улс төрийн зөрчлийн улмаас идэвхийлэн оролцохгүй байгаа ч Ерөнхийлөгч Доналд Трамп дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд ирэх 20 жилд нэг их наяд ам.долларыг зарцуулахаар төлөвлөөд буй. Хэрэв ОХУ-ын Дорнод Сибирь болон АНУ-ын Аляска мужийг холбох “энх тайвны гүүр“ буюу Берингийн хоолойн ажил хийгдэхээр болбол энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу бүтээн байгуулалт болох юм.
Ингэснээр дэлхийн хамгийн ачаалалтай боомтууд болох БНХАУ-ын Шанхай хотын боомт болон Канадын Ванкуверийн боомт хүртэлх зайг усан завиар туулдаг 15-20 өдөр, нисэх онгоцоор туулдаг нэг өдөр, галт тэргээр туулах 2-4 өдөр болон ачааны автомашинаар туулах 7-10 өдрийн цаг хугацааг асар их хэмнэх боломж бүрдэнэ.
Харин Монгол Улсын хувьд ирээдүйд хийгдэх өндөр магадлалтай дэлхийн хуучин тэнхлэгийг нэгтгэх энэхүү тээврийн сүлжээнд нэгдэх нэг боломж нь Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр юм.
Эх сурвалж: Human Interest