Америкийн телевизийн ток шоуны алдарт хөтлөгч, нэвтрүүлэгч, тайлбарлагч Ларри Кинг 2021 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 87 насандаа таалал төгссөн.
Ларри Кинг 1957 онд Миами хотын “WMBM” гэх жижиг радиогоос ажил мэргэжлийн замналаа эхлүүлсэн түүхтэй. Тэрээр радиод анх ажилд орохдоо өглөөний есөн цагийн хөгжмийн хөтөлбөр, үдээс хойших мэдээний хөтөлбөр болон спортын мэдээг хөтөлж долоо хоногт ердөө 50 ам.доллараар цалинждаг байжээ.
Тэрээр 1978 онд амеркийн “MBS” телевизтэй гэрээ байгуулж, өөрийн нэрээр нэрлэсэн анхны “The Larry King Show” ярилцлагын нэвтрүүлгийг хийх болсноор телевизийн салбарт хөл тавьсан байна. Харин Ларри Кинг 1985 онд “CNN”-ийн багт нэгдэж, өөрийг нь сэтгүүл зүйн салбарт мөнхөлсөн алдарт “Larry King Live” ярилцлагын шоуг хөтлөн явуулах болсон юм. Тэрээр уг шоуг 25 жилийн турш тасралтгүй хөтөлсөн гэх үзүүлэлтээр телевизийн нэг шоуг ганцаараа хамгийн удаан хөтөлсөн гэх Геннисийн амжилтыг тогтоосон байдаг. Ларри Кинг энэ хугацаанд XIV Далай лам, АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч, ОХУ-ын залуухан Ерөнхийлөгч Владимир Путин, Битлз хамтлагийн Жон Леннон тэргүүтэй мянга мянган нийгэм, урлаг, соёлын алдартнуудтай ярилцлага хийжээ. Телевизийн салбарын оргил үе гэгдэх 2000 оны эхэн үед америкийн алдартнууд дунд “Larry King Live” шоунд л оролцоогүй бол жинхэнэ супер од биш гэх ойлголт бий болж, Ларри Кингийн ярилцлагад орох хүсэлтэй хүмүүс уртаас урт дараалал үүсгэдэг байв. Мөн тэрээр 1982 оноос хойш 20 жилийн турш “USA Today” сонинд тогтмол нийтлэл хэвлүүлсэн бөгөөд түүний нийтлэлүүд ихэвчлэн амьдралын хэв маягийн талаарх сэдвийн хүрээнд богино хэмжээтэй нийтлэгддэг байжээ.
Ларри Кинг радио, телевиз, сонины салбарт 60 жилийн турш үнэнчээр зүтгэхдээ 60 мянга гаруй ярилцлага хийж дэлхийн сэтгүүл зүйн домог, “Ярилцлагын хаан” гэх нэрээр түүхэнд өөрийгөө үүрд мөнхлөн үлдээсэн юм. Гэсэн ч тэрээр 60 жилийн хугацаанд өөрөө тун цөөн ярилцлага өгсөн байдаг. Үнэндээ хүмүүс түүний жинхэнэ нэр Ларри Кинг бус Лоуренс Харви Зайгер байсан гэдгийг тэр бүр мэддэггүй. Тэрээр маш олон алдартнуудын дотоод ертөнцийг нээсэн боловч хувь хүн талаасаа огт танигдаагүй эрхэм байжээ.
Ларри Кингийн ярилцлагыг үзээгүй хүн, түүнээс үлгэр дуурайлал, урам зориг авдаггүй сэтгүүлч үгүй билээ. Тиймээс “iToim” агентлагийн 6 жилийн ойн энэхүү өдөр сэтгүүл зүйн домог, ярилцлагын хаан Ларри Кингийн америкийн алдарт зохиолч Брендон Берчардтай хийсэн ярилцлагыг эмхэтгэн хүргэж байна. Хэвлэлд нийтлэгдээгүй уг ховор ярилцлагаас та Ларри Кинг гэх агуу эрхмийн хүүхэд нас, ертөнцийг үзэх үзлээр аялна гэдэгт итгэлтэй байна.
-Брендон Берчард (ББ): Таны амьдрал, амьдралын хэв маягийг бүрмөсөн өөрчилсөн үйл явдал тохиолдож байв уу. Таны амьдралд онцгой дурсамж үлдээсэн мөчөө хуваалцахгүй юу?
-Ларри Кинг (ЛК): Яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Миний аав дөнгөж нас бараад байсан гэхээр би 9 настай л байсан байх. Аав минь 46 настай байсан юм. Бид маш дотно байдаг байлаа. Миний эцэг хүүгээ алдсан эр хүн байсан юм. Би хэзээ ч уулзаж байгаагүй нэг төрсөн ахтай. Ах маань 6 настай байхдаа нас барсан. Аав нэг л өдөр гэнэт зүрхний шигдээсээр нас барсан. Би тэр үед хэзээ ч хичээлээ тасалдаггүй сайн сурагч байсан. Бямба гариг байсан. Би тэр өглөө номын сан орж зургаан ном зээлээр авсан юм. Тэгээд гэртээ ирэх үед цагдаа нар манай шатаар бууж байсан. Манай аав их алдартай хүн байсан. Цагдаа нар бараг бүгд түүнийг таньдаг байлаа. Тэгээд нэг цагдаа намайг тэвэрч машиндаа суулгаад “аав чинь нас барсан” гэж хэлсэн. Дараа нь тэр намайг тайвшруулахаар кинонд дагуулж явсан.
Дараа өдөр нь би маш их бухимдсан. Тэгээд аав минь намайг орхиж явсанд маш ихээр гомдож, түүний оршуулгад ч оролцоогүй. Есөн настай хүүхдийн хувьд аавыгаа алдана гэдэг маш том орон зай. Дараа нь, үлдэж хоцорсон гэрийнхэн маань “Одоо аав чинь үгүй болсон. Чи бол эр хүн. Тиймээс чи одоо энэ гэрийн тэргүүн болох болно” гэдэг төсөөлөхөд ч бэрх. Би энэ бүхнийг зохицуулж, гэрийн тэргүүн байж чадаагүй. Үүнээс хойш би хэзээ ч сайн сурагч байгаагүй. Хичээлээ тасалж, олон удаа худлаа ярьж, ахлах сургуулиа орхисон. Тэгээд хэзээ ч коллежид сураагүй. Аав минь нас барсан явдал надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн. Гэхдээ намайг өөрчилсөн нэг зүйл бол би радиод үнэн сэтгэлээсээ хайртай байсан явдал юм. Би таван настай хүүхэд байхаасаа л үргэлж радио сонсох болсон. “Los Angeles Dodgers”-ийн тоглолтыг бол үргэлж чагнана. Тэгээд радиогийн хөтлөгчид нэвтрүүлгээ хөтлөхийг сонсоод тэднийг дуурайдаг байлаа. Бейсбол тайлбарлагчдыг бас дуурайна.
Намайг 12 эсвэл 13 настай байхад манайх Нью-Йоркийн Бруклин рүү нүүсэн. Тэр үед би үргэлж Манхэттен дүүрэг орж радио шоунуудад очдог байлаа. Зөвхөн радио хөтлөгчдийг хэрхэн нэвтрүүлэг хөтөлж байгааг харах гэж шүү дээ.
-ББ: Таныг зүгээр оруулчихдаг байсан юм уу. Эсвэл хулгайгаар хардаг байсан юм уу. Өнөөдөр бол зүгээр нэг хүн аль ч радио руу нэвтрэх хэцүү шүү дээ?
-ЛК: Үгүй ээ. Би зүгээр л та нарыг харж болох уу гээд орчихдог байсан. Зарим шоу бол бүр үзэгчидтэй байдаг. Миний сэтгэл радиод маш их татагдсан. Гэхдээ ажиллаж чадаагүй. Ер нь бол би 19, 20 насандаа маш олон ажил хийсэн. Тэр үед дүү маань хуулийн сургуульд орсон учир би ээждээ туслах хэрэгтэй байсан юм. Манайх Нью-Йоркод очсон эхний хоёр жилээ халамжаар л амь зуудаг байлаа. Би тэр үеэс харааны шил зүүж эхэлсэн. Анхны шилээ халамжийн мөнгөөр авсандаа үргэлж аавыгаа зүхдэг байлаа. Нью-Йорк бол үнэхээр өгөөмөр хот. Гэхдээ хоёр жил бүхнийг халамжаар зохицуулна гэдэг үнэхээр ичмээр. Тийм ч учраас би нас ахих тусмаа илүү либериал үзэлтэй болсон байх. Би халамжийн бодлого, нийгмийн халамж, ядуурал зэрэг асуудлыг маш гүнзгий ойлгодог.
-ББ: Аав тань нас барсны дараа хотын удирдлага танай гэр бүлд тусалдаг байж ээ?
-ЛК: Тийм ээ. Нью-Йорк хот бол маш том гэр бүл. Тиймээс хотын удирдлагууд гэр бүлүүдийн хийдэг тэр л зүйлийг хийсэн. Би нэг хэсэг юу ч хийлгүй явж байтал гудамжинд тааралдсан нэг залуу надад Майамид ажиллах санал тавьсан юм. Тэгээд л би радиод хөл тавьсан. Хэрэв би өөрийн бүх амьдралаа эргэн харах юм бол тэр мөч миний хувьд миний амьдралыг бүхэлд нь өөрчилсөн үйл явдал байсан. Би угаасаа найз нартаа спорт, кинонуудыг үргэлж тайлбарладаг байлаа. Би зүгээр л аливаа зүйлийг тайлбарлах дуртай байсан.
-ББ: Тэгвэл та төрөлхийн тайлбарлагч байж ээ?
-ЛК: Тийм ээ, байгалиасаа. Мөн би үргэлж маш сониуч байдаг нэгэн. Найруулагч Энтони Куинн намайг “Чи бол төрөлхийн хамгийн тансаг зэрэглэлийн сониуч зантай этгээд” гэж байсан удаатай. Миний энэ зан чанар намайг хэзээ ч орхиж байгаагүй.
-ББ: Энэ таны хамгийн сайн чадвар уу?
-ЛК: Гарцаагүй. Өнөөдрийг хүртэл. Миний сониуч зан "би хэзээ ч бүх зүйлийн хариултыг олж, мэдэж чадахгүй" гэдгийг надад ойлгуулж, өнөөдрийн миний ертөнцийг үзэх үзлийг бий болгосон. Би бүх зүйлийн хариултыг мэддэг, хүмүүсийг үзэн яддаг. Би бүхнийг мэддэг юм шиг аашилдаг ч тийм биш хүмүүсийг үзэн яддаг.
Би хэзээ ч өөрийгөө зочноосоо илүү мэдлэгтэй нэгэн гэж боддоггүй. Энэ хугацаанд надаас дутуу хууль мэддэг хуульч, надаас дутуу улс төр мэддэг улстөрч, надаас дутуу шоу бизнес мэддэг дуучинтай нэг ч удаа ярилцлага хийж үзээгүй. Учир нь би үргэлж сониуч нэгэн байсаар ирсэн. Амлая. Би үргэлж автобусны жолоочоос “Та яагаад автобусны жолооч болсон юм бэ? Та автобус жолоодоогүй үедээ юу хийдэг вэ?” гэж есөн настай сониуч хүү хэвээрээ. Миний хийсэн бүх ярилцлагуудыг нөхөж үзсэн ч би “сонирхолгүй юм”, “онцын ач холбогдолгүй юм”, “хамааралгүй юм” гэх үсгийг бараг л хэлж байгаагүй байх.
-ББ: Сониуч биш байна гэдэг бол танд хэцүү тийм үү?
-ЛК: Үгүй ээ. Чи надаас ямар хариулт авахыг хүсэж байгааг би мэднэ. Тиймээс л би чамд чиний хүссэнийг хариулж байгаа юм. Хэрэв энэ миний шоу байсан бол би ярьж байгаа сэдвээс шал хамааралгүй юм гэж бодох байлаа. Зочдын хувьд бол надаар дамжуулж өөрийгөө үзэгчдэд хүргэхийг зорьж байгаа. Тиймээс би бол түүх өгүүлэгч. Би ярих дуртай. Бас би хүмүүсийг хөгжөөж, инээлгэж чаддаг. Би маш олон зочидтой ярилцлага хийсэн. Гэхдээ би үргэлж сониуч байсаар ирсэн. Та надтай онгоцонд зэрэгцэж суухыг үнэхээр хүсэхгүй л болов уу.
Би анх Майамид “Pumpernick’s” гэж ресторанд шоу хийдэг байлаа. Майамигийн далайн эрэг дээрх ресторан. Нэг өдөр Бобби Дарин миний шоунд оролцлоо. Тэр бол миний ярилцлага хийсэн хамгийн анхны алдартай хүн. Кофе уух зуураа, хөгжмийн аянд ярилцдаг шоу байсан юм. Өглөө бүр нэг цаг орчим зочинтой ярилцана. Би ч түүнээс өмнө худалдаачин, зөөгч гээд олон хүн урьж ярилцсан. Бүр нэг өдөр сантехнигч хүртэл миний шоунд оролцож байлаа. Би тэр үед 22 настай байсан. Би тэр сантехникчээс 35 минутын турш асуулт асуусан. Би одоо хэрнэ тэр ярилцлагаас сурсан зүйлээ үргэлж санаж явдаг. Тэр залуу надад “Хэрэв би ус алдаж байгаа хоолойг засах юм бол тэр өдөржингөө аз жаргалтай байдаг” гэж хэлсэн юм. Миний хувьд би хөтлөгчийн хувиар ярилцлага хийсэн хүн бүрээсээ нэг зүйл олж авч, суралцдаг. Энэ бол яагаад би ажилдаа, хийж байгаа зүйлдээ ийм их хайртай вэ гэдгийн хамгийн сайн илэрхийлэл юм.
-ББ: Хэрэв таны хэн нэгэн шүтэн бишрэгч, эсвэл хөтлөгч болохыг хүсдэг хэн нэгэн би өөртөө их эргэлздэг, олны өмнө гарах айдастай гэж хэлбэл та юу зөвлөх вэ?
-ЛК: Би зүгээр л хэрэв чи айдастай бол тэр айдастайгаа нүүр тулж, айдас руугаа оч гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, хэрэв чи олон хүний өмнө гарахдаа сандардаг бол би ч гэсэн анх тэгсэн.
-ББ: Сандарч байгаагаа зүгээр хүмүүст хэл гэж үү?
-ЛК: Тийм ээ. Мэдээж хэрэг. Би шууд дамжуулалт хийсэн анхны өдрөө санадаг юм. Би энэ дурсамжийг хэзээ ч мартаж чадахгүй байх. Би бүхэл амьдралынхаа турш радио хөтлөгч болохыг хүсэж, мөрөөдөж ирсэн. Би Майамид очлоо. Радиод анх ороход "Бидэнд манай өглөөний хөтөлбөрийг хөтлөх хүн хэрэгтэй байна. Чамайг ажилд авлаа" гэсэн. Баасан гариг байсан юм. Даваа гаригийн өлгөө би анхны шууд хөтлөлтөө хийнэ. Би бүхэл амралтын өдрүүдийн турш унтаж чадаагүй. Их сандарч байсан. Тэгээд л хаа явсан газраа “Сайн байцгаана уу. Өглөөний мэнд” гэдэг үгийг давтаж байлаа. Нэвтрүүлэг өглөө 9 цагт эхэлнэ. Би үүрийн 5 гэхэд студид очлоо. Маш сайн бэлдсэн. Тэгээд найм хагасын үед менежер надад “Ларри амжилт хүсье. Чиний карьер ингээд эхэлж байна. Чи ямар нэр ашиглах вэ?” гэдэг юм. Би “Юу гэсэн үг вэ?” гэлээ. Чи “Зайгер” гэдэг нэр ашиглаж болохгүй. Магадгүй Ларри Зага гэвэл яаж байна гэдэг юм. Гэхдээ Зага гэхээр хэт хуучинсаг, бас хүмүүс тогтооход хэцүү юм. Чамд өөр нэр хэрэгтэй гэж байна. Би ч дотроо “Юу яриад байгаа юм бэ? Би 15 минутын дараа шууд эфирт орох гэж байна шүү дээ” л гэж бодож байлаа. Тэгээд би “Miami Herald” сониныг нээж үзтэл “Кингийн архины бөөний худалдаа” гэсэн сурталчилгаа байна. Хаяг нь Вашингтоны өргөн чөлөө гэсэн байсан. Тэгээд тэр “Ларри Кинг гэвэл ямар вэ” гэлээ.
-ББ: Тэр сонгосон хэрэг үү?
-ЛК: Тийм ээ. Би ч давгүй сонсогдож байна гэлээ. Тэгээд дараа нь би нэрээ албан ёсоор Ларри Кинг гэж өөрчилсөн. Радиод миний тоглуулсан анхны дуу “Les Elgart”-ын “Swingin Down the Lane” гэдэг дуу байсан юм. Ая ч явж эхэллээ. Тэгээд дуу дуусах үед би дууг нь бага, багаар сулруулж ярих хэрэгтэй боллоо. Дуу дууслаа. Би юу ч хэлээгүй. Сандарсан хэрэг. Тэгээд шууд өөр дуу эхлүүлээд цаг руу хартал нэвтрүүлэг эхлээд аль хэдийн 2 минут өнгөрчихсөн байлаа. Хэрэв та тэр өглөө радио сонссон бол хэн ч юу ч ярилгүй, хөтөлбөрийн турш хөгжим нэг нэгээрээ солигдсоор байлаа. Гэтэл радиогийн ерөнхий менежер студийн хаалгыг өшиглөөд ороод ирлээ. Маршал Симмон гэж хүн. Тэгээд “Энэ бол харилцааны бизнес. Хараал ид. Харилцаа” гэж хэлээд хаалга саваад гараад явлаа. Гарсных нь дараа би хөгжмөө зогсоогоод “Өглөөний мэнд. Намайг Ларри Кинг гэдэг” гэж хэлсэн. Ингэж л би энэ нэрийг анх удаа хэлсэн юм. Хэдий би радио хөтлөгч болохыг бараг бүх насаараа мөрөөдөж, хүлээсэн ч яг миний мөч ирэх үед сандарчихсан. Айсандаа миний гар хүртэл чичирч байлаа. Энэ өдрийн дараа би өөртөө “Хэрвээ би энэ ажлыг хийх юм бол хамгийн шилдэг нь байх болно” гэж хэлсэн. Тэгээд бүхэл амьдралынхаа турш би ахиж хэзээ ч сандраагүй.
-ББ: Та бол дэлхийд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн хүн. Тэр хэрээр таны амьдралд бусадтай харьцуулахад илүү сайн боломжууд тохиолддог ч стресстэх, дарамтанд орох тохиолдол мөн илүү байдаг байх. Та ер нь стрессээ тайлахын тулд юм хийдэг вэ?
-ЛК: Миний хувьд стресс бол сайн зүйл.
-ЛК: Майамигийн их сургуулийн захирал Хенри Кинг гэж хүн “Зарим хүн стресстэхийг хүсдэг. Харин би бол стресстэх дуртай” гэж хэлж байсан юм. Заримдаа маш их стресстэй үед телевизийн шууд хөтлөлт хийнэ. Гэхдээ би нэвтрүүлэг эхлэхээс өмнө түүнийгээ дарж чаддаг. Би үүндээ ч дуртай. Учир нь бүх хяналт миний гарт байна гэдгийг мэдрэх сайхан байдаг. Намайг “CNN”-д байх үед Манхэттен дахь нэг барилгад тэсрэх бөмбөг тавьж, дэлбэлсэн юм. Тэр барилга яг миний байрладаг зочид буудлын хажууханд байсан юм. Тэгээд би шууд дэлбэрэлт рүү гүйж очсон. Тэр үед гал сөнөөгчид намайг таньж оруулсан. Бүх хүмүүс л барилгаас зугтаж байлаа. Харин би гал руу гүйж ороод “CNN” рүү шууд дамжуулалт хийсэн. Тэгээд би миний ард шатаж байгаа барилгын нөхцөл байдлын талаар тайлбарлаж эхэлсэн. Өмнө нь бол хэзээ ч шатаж байгаа барилга тайлбарлаж байгаагүй.
-ББ: Зураглаач байхгүй биз дээ?
-ЛК: Тийм ээ. Би зүгээр л өөрийнхөө хоолойг дамжуулсан. Би тэр үед дэлбэрч үхэх талаар юу ч бодоогүй. Зүгээр л өөрийн зөн совингоо дагасан.
-ББ: Та тоо томшгүй олон ч одуудтай ярилцлага хийсэн хүн. Мэдээж тэдний зарим нь олны өмнө гарахдаа сандардаг. Та тэдэнд юу гэж зөвлөдөг вэ?
-ЛК: Би тэднийг тайвшруулахыг хичээдэг. Би тэдэнтэй нүдээрээ харилцаж, хоолойныхоо өнгийг зөөллөж, өөрт нь анхаарч байгаагаа үзүүлдэг. Зарим хүнтэй ярилцлага хийхэд үнэхээр хэцүү байдаг. Жишээ нь, Франк Синатра. Би түүнээс та яагаад ярилцлага өгөх ийм дургүй юм бэ гэж асууж байсан. Ийм хүмүүсийн сэтгэл хөдлөлийг гаргаж ирэх чухал. Зарим хүн төрөлхийн байдаг. Гэхдээ зарим зочинтой ярилцахдаа өөрийн зөн совиндоо найдахаас өөр аргагүй. Зөн совин үргэлж амжилттай байдаг. Магадгүй буруу байх. Гэхдээ хэрвээ чи хэн нэгэнд үнэхээр дургүй бол түүгээрээ л бай. Миний хөтлөгчийн зөн совин намайг үргэлж зөв залдаг. Миний хөтлөгчийн зөн совин миний амьдралын зөн совингоос тэс өөр. Би амьдралдаа шууд нэвтрүүлгийн үеэр гаргасан алдаанаасаа олон алдаа хийсэн.
-ББ: Таны хамгийн том алдаа юу байсан бэ. Тэндээс та юу сурсан бэ?
-ЛК: Би буруу эмэгтэйтэй гэрлэсэн. Би маш олон буруу шийдвэр гаргасан. Мөнгөө хэзээ ч зөв зарцуулж байгаагүй. Ядуу тарчиг дунд өссөн хүүхэд нас минь намайг үүрд дагасан. Би хэт үрэлгэн хүн. Би хамгийн том машиныг унадаг байж дахиад хэнд ч хэрэггүй том машинтай хүн.
-ББ: Таны бодлоор амжилттай хүнийг юу бүтээдэг вэ?
-ЛК: Амжилтыг яаж тодорхойлж байгаагаас л шалтгаална. Магадгүй нэг хүний хувьд мөнгөтэй болох нь амжилт байж болно. Нөгөө хүний хувьд нэр алдар бол амжилт. Хүүхдүүд нь ямар хүн болж төлөвшсөн бэ гэдэг амжилт байж болно. Хүн бүр амжилтыг өөр өөрөөр тодорхойлдог.
-ББ: Тэгвэл ихэнх хүмүүсийн хувьд амжилтыг юу гэж тодорхойлдог гэж та бодож байна?
-ЛК: Ихэнх хүн энэ талаар огт боддоггүй. Ихэнх хүн бусдын хашаанд байгаа зүлэг илүү ногоон гэж боддог. Гэхдээ надад чамд хэлэх нэг сайхан зөвлөгөө байна. Бүх зүлэг ногоон өнгөтэй биш. Чиний хашаанд байгаа зүлэг л хамгийн ногоон өнгөтэй. Тиймээс өөртөө байгаа зүйлдээ талархах хэрэгтэй. Чи өмнө нь нэг удаа сорилт гэж ярьж байсан. Жеки Глисон надад сорилтын талаар нэг юм хэлж байсан юм. Гэхдээ тэр яг ч сорилт гэдэг утгаар нь хэлээгүй. Тэр сорилт гэдэг бол юу дуртайгаа хийх явдал гэсэн юм. Өөрөөр хэлбэл чи заавал өөрийгөө сориод байх албагүй.
Миний бодлоор амжилт гэдэг бол чиний хаана очих ёстой вэ гэдгийг аль хэдийн тодорхойлсон хэт олон давтамжтай, улиг болтол цацагддаг зар сурталчилгаа юм. Гэхдээ маргааш өглөө нар манддагаараа л мандана. Энэ бол санхүүгээ удирдаж, ямар нэгэн нийгмийн байр суурь эзлэх тухай ойлголт биш. Амжилт гэдэг бол байх газраа байж, ямар нэгэн үнэ цэнэтэй гэж үзсэн, чамд хамаатай тэр зүйлийнхээ нэг хэсэг болж, түүнийхээ араас явсаар байхыг хэлнэ.
Чи метрон дотор яваа мотоциклчин эр байж болно. Гэхдээ орой гэртээ харих үед үр хүүхэд чинь чиний хайрыг хүргэж, чамайг дүүргэнэ. Харин дараа өдөр нь хүүхдийн чинь багш “Танай хүүхэд аймшигтай” гэж хэлэх болно. Энэ чинь л амжилт юм.
-ББ: Тэгэхээр амжилтыг өөрийнхөөрөө тодорхойл гэсэн үх байх нээ. Тэгвэл хүмүүст амжилтыг өөрийнхөөрөө тодорхойлоход юу саад болдог вэ?
-ЛК: Үймээн самуун. Урьдаас тооцоолоогүй, төлөвлөөгүй зүйлс. Жишээ нь зам тээврийн осол ч юм уу, эсвэл нэг л өдөр гэртээ ирэхэд аав нь нас барчихсан байх, өвдөх гэх мэт. Жон Кенниди “Амьдрал шударга биш” гэж хэлсэн байдаг. Угаасаа шударга биш. Тэнд нэг хүүхэд үхэж байхад энд нэг хүүхэд зүгээр л амьдарч байна шүү дээ. Адольф Гитлер 67 насалсан. Гэтэл хэн нэгэн 12 насандаа нас бардаг. Угаасаа шударга биш. Тиймээс чиний амьдралд үймээн самуун тохиолдох үед хамгийн сайнаараа давж гарах ёстой.
-ББ: Та яаж үүнийг давж гарсан бэ?
-ЛК: Би амьдралдаа “Би ийм ч зүйлийг хийх болно. Тийм ч зүйлийг хийх болно” гэдэг хэрнэ огт хийдэггүй маш олон хүнтэй уулзаж байсан. Би бичих болно. Би энэ хэлэлцээрийн ард гарч амжилтад хүрнэ гэдэг. Гэхдээ тэд тэгдэггүй. Вүүди Аллен энэ талаар “Эхлээд тэнгэрээс буух хэрэгтэй” гэж их гоё хэлсэн байдаг. Маш амархан. Зүгээр л газарт буу. Би үргэлж газарт л байсаар ирсэн. Кинг Коул ингэж хэлсэн байдаг юм. “Дэлхий дээр ердөө хоёр төрлийн хүн байдаг. Тэдний 98 хувь нь үнэг агнахыг харж суудаг” гэж. Өөрөөр хэлбэл хүмүүсийн ихэнх нь тэнгэр дээрээс хүмүүс үнэг агнахаар хойноос нь хөөж байгааг харж суудаг. Тэд ялагчдад алга ташиж, ялагдсан хүмүүсийг чичилдэг. Гэхдээ ердөө хоёр хувь нь л үнэгийг хөөдөг. Би үргэлж үнэгний араас явдаг.
-ББ: Миний ажигласнаар та сүүлийн зургаан жилийн хугацаанд нэлээд өөрчлөгдсөн. Яаж ийм зүйл болов?
-ЛК: Би өөрийгөө бага ч болов насанд хүрсэн хүн шиг төлөвшиж байгаа гэж найдаж байна. Гэхдээ дотроо бол би одоог хүртэл хүүхэд хэвээрээ. Гэхдээ энэ их чухал. Өөрийнхөө дотор байгаа хүүхдийг хэзээ ч битгий явуул.
-ББ: Та телевизээс зодог тайлсан. Цаашдаа юу хийе гэж төлөвлөж байна?
-ЛК: Үнэндээ би юу бодох талаараа ч мэдэхгүй байна. Би чинь одоо 80 гарсан хүн шүү дээ. Би өөртөө анхаарал тавих, эрүүл мэндийнхээ талаар л бодож байна. Эсрэгээрээ өөрийгөө бухимдуулж, янз бүрийн юм бодохыг хүсэхгүй байгаа. Бас би энэ талаар нээх их бодохгүй байх хэрэгтэй байх. Гэхдээ ойрын үед үхэх талаар их бодож байна.
-ББ: Үхлийн талаарх таны төсөөлөл ямар байдаг вэ?
-ЛК: Ердөөсөө энд байхгүй, оршихгүй байх тухай л асуудал. Мөнхийн амьдрал мөн биз дээ. Би Мариа Куомог байнга боддог. Тэр бол миний сайн найз байсан. Би түүнтэй дахиж уулзаж чадахгүй. Тэр ч гэсэн өнөөдөр Нью-Йоркод юу болж байгааг мэдэж чадахгүй. Марио энд оршихоо больсон. Тэгвэл би энэ орчлонгоос явбал яах вэ. Энд үлдсэн миний хүүхдүүд дахиж эргэж ирэхгүй болсон миний талаар юу бодох бол. Жишээ нь, би их унтах дургүй. Ер нь унтах дургүй. Гэхдээ би унтах ёстой гэдгийг мэднэ. Хэрэв хэн нэгэн надаас юу хүссэн тэр бүхнийг чинь биелүүлье гэвэл би хамгийн түрүүнд дахиж хэзээ ч унтахгүй байхыг сонгоно.
-ББ: Гэхдээ та ядарвал яах вэ?
-ЛК. Үгүй шүү. Ядардаггүй, унтдаггүй баймаар байна. Тэгвэл ч манай эхнэр амиа хорлох байх даа. Гэхдээ л би ядрахгүй байхыг сонгоно. Учир нь намайг унтаж байх хооронд дэлхийн өөр хаана нэгтээ үргэлж ямар нэгэн онцгой үйл явдал болж, би түүнээс нь хоцорч байдаг.
-ББ: Энэ таны үргэлж сэрүүн байх шалтгаан гэж үү. Өөрөөр хэлбэл сониуч зан?
-ББ: Тэгвэл та өөрийн туулсан амьдралдаа өнөөдрийг хүртэл өөрийгөө ямар нэгэн зүйлийг бүтээж, хүссэндээ хүрч, хүмүүст ямар нэгэн мессеж өгч чадсан гэж бодож байна уу?
-ЛК: Миний бодлоор би хүмүүсийг хөгжөөж чадсан. Би хүмүүсээс сайн асуултууд асууж, түүгээрээ дамжуулан хүмүүст мэдлэг, боловсрол өгч чадсан гэж бодож байна. Миний хүмүүст мэдлэг өгсөн энэхүү бяцхан үйл хэрэг минь төгсөшгүй томоос том ертөнцөд ямар нэгэн зүйлийг бүтээж чадсан гэж найдаж байна. Би хэн ч биш, ямар ч хэрэгцээгүй хэн нэгэн байхыг хүсээгүй. Би үргэлж Годфрей шиг хүмүүсийг дурсахыг хүсдэг. Хүмүүс намайг хэний талаар яриад байгааг мэдэхгүй байж болох юм. Тэгвэл энэ хүн “CBS” телевиз болон радиогийн бүх цаг үеийн орлогын 38 хувийг дангаараа олсон хүн. Тэр бол домог. Гэхдээ хүмүүс түүнийг танихгүй. Тэд хүмүүст танигдаж, илүү ихийг хүртэх ёстой. Би бол хүмүүст танигдсан. Бас миний булшны чулуун дээр “Дараагийн дугаараар эргэн уулзъя” гэж бичнэ гэж найдаж байна.
-ББ: Таны хамгийн их бахардаг зүйл юу вэ?
-ЛК: Би маш олон зүйлсээр бахархдаг. Би гэр бүлээрээ их бахардаг. Миний хүүхдүүд. Тэдний зарим нь амжилттай яваа. Зарим нь тийм биш ч бүгд сайн хүүхдүүд. Би эхнэрээрээ бахархдаг. Би өөрийнхөө хамгийн хайртай, хамгийн их анхаарал хандуулдаг хүмүүсийг хамгийн ихээр шүүмжилдэг. Хэдий тэр галзуу ч гэсэн гайхалтай эмэгтэй. Хэдий тэр хамт амьдрахад тийм амархан хүн биш ч гэсэн ер нь би яагаад заавал тийм төгс хүнтэй хамт амьдрах ёстой юм гэж үргэлж боддог. Мөн би өөрийнхөө амжилтуудаар маш их бахархдаг. Би өөрийн салбартаа алдрын танхимд бичигдэж чадсан. Хэдий би маш олон "EMMY" шагнал хүртсэн ч үе тэнгийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг бол хамгийн гайхалтай зүйл. Мөн гудамжинд явж байхад хүмүүс намайг таньж, “Сайн уу Ларри” гэх нь үнэхээр гайхалтай. Би энэ талаар өмнө нь огт ярьж байгаагүй. Бараг эхнэртээ ч хэлээгүй байх гэж бодож байна. Нэг удаа би Жон Маккейнтэй ярилцлага хийхээр Тампа руу ниссэн юм. Маккейн тэр үед Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан. Бид хоёр Тампагийн их сургуульд ярилцлага хийхээр тохирч тэнд зэрэг газардсан. Тэгээд бид ярилцлагаа хийхээр оюутнуудын цайны газарт орлоо. Гэтэл тэнд байсан оюутнууд бүгд л “Сайн уу Ларри” гэж байсан. Гэтэл Жон Маккейн надаас “Чи яагаад Ерөнхийлөгчид нэр дэвшээгүй юм бэ” гэж асуусан. Энэ бол миний хувьд үнэхээр бахархмаар мөч байсан.
-ББ: Хэрэв энэ таны амьдралын хамгийн сүүлийн ярилцлага байвал та юу хэлэх вэ?
-ЛК: Би “Дараагийн дугаараар дахин уулзъя” гэж хэлмээр байна. Гэхдээ би чамд миний оршуулга дээр хүмүүс эмгэнэл илэрхийлэхдээ юу хэлэх ёстой талаар хэлье. Би түүхэн дэх хамгийн хөгшин эр өнөөдөр аз жаргалтайгаар инээмсэглэсээр нас барлаа гэж хэлэхийг хүснэ. Түүхэн дэх хамгийн хөгшин эр гэдэг маш чухал шүү.
Энэ бол ярилцлагын хаан Ларри Кингийн амьдралдаа оролцсон хамгийн сүүлийн ярилцлага байсан юм.