Open iToim app
Таны сонорт | 8 мин уншина

Амай: Залуус эд баялаг цуглуулахын төлөө биш, хийж бүтээхийн төлөө амьдрах хэрэгтэй

Амай: Залуус эд баялаг цуглуулахын төлөө биш,  хийж бүтээхийн төлөө амьдрах хэрэгтэй
Нийтэлсэн 2018 оны 1 сарын 29
Амайгийн цаг хугацаагаар БИД
Дэлхийн 86 улсыг 11 жилийн турш тойрон аялсан Монгол Бадарчин Амай буюу Золбаяр энэ амралтын өдөр залууст зориулан “Цаг хугацаагаар” нэртэй лекц уншлаа. Түүний лекцийг сонсохоор танхим дүүрэн залуус цугласан юм.  Бадарчин хүн түүх хүүрнэдэг, би та бүхэнд өөрийн амьдралын талаар ярьж өгөхийг хүслээ хэмээгээд улс төр, эдийн засаг,  хувь хүний үнэлэмж гээд  сургамжтай олон зүйлийг ярилаа. Ингээд түүний лекцээс сонссон тэмдэглэлээ хүргэе.

Ардчилал бол гажуудал социолизм бол хөгжил юм

-Амай 1979 онд төрсөн. Дэлхийн 86 улсаар аялахдаа БНМАУ бол дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улс байжээ гэсэн дүгнэлт хийжээ. Харин өнөөдрийн Монгол Улс бол БНМАУ-аас тэс өөр гэдгийг тэр онцолсон юм. БНМАУ-д хүн бүр ажилтай, тууштай хөдөлмөрлөж, чин шударга байвал нийгмийн тогтолцоо тэр хүнийг шагнадаг. Харин өнөөдөр хүн хэчнээн шударгаар ажиллаж хөдөлмөрлөсөн ч насаараа байрны лизинг төлдөг шүү дээ гэж тэр хэлсэн юм. 
Тэрээр хэлэхдээ, “Дэлхийн олон улсаар аялж байхад социалист систем  хөгжлийн хамгийн зөв зам юм шиг санагдсан. Канад, Швед гээд энэ тогтолцоогоор хөгжсөн улс ч үүнийг харуулж байна. Би нэгдүгээр ангиас тавдугаар анги хүртлээ ЗХУ-д суралцсан. Тухайн үедээ монгол хүн, ЗХУ-ын  хүн хоёрын ялгааг ойлгож эхэлсэн. ЗХУ, Орос улс 2 ялгаатай шиг БНМАУ, Монгол Улс хоёр ялгаатай гэж би боддог. ЗХУ-д суралцаж байхад тэнд бүх зүйл сайхан байсан үе юм. Тэр үед ЗХУ-ын хүмүүс их аз жаргалтай байсан. Ард түмнийхээ орох орон, идэх хоол, ажлын байранд анхаарал хандуулдаг. Хүмүүсийн ажил амьдрал жигдэрсэн үе байсан. Чинхүү шударгаар хөдөлмөрлөж байгаа хүнийг дэмжих тогтолцоотой.  Үүнээс би нийгмийн ажилтан гэдэг ямар чухал мэргэжил болохыг ойлгосон. Харин ЗХУ-ын Эрхүү хотод суралцаад Улаанбаатарт шилжиж ирэхдээ төрийн бодлого ямар ялгаатай байдаг гэдгийг анзаарсан. Эрхүү бол ЗХУ-ын нэг л тосгон юм. Ер  нь социалист улс орнууд боловсрол, эрүүл мэндийн салбартаа онцгой анхаардаг. Гэтэл тэнд ид цэцэглэж байсан амьдралыг үзчихээд, боловсрол, эрүүл мэндийн салбартаа ямар их анхаардаг вэ гэдгийг мэдэрчихээд иртэл энд зарим зүйлс  эсрэг байсан.
ЗХУ-д хямрал эхэлж байхад Монгол Улсад ирэхэд илүү хямарсан байлаа. Монголд социализм нуран унаж, хоёрхон жилийн дотор талханд дугаарлах болж, бидний үнэт зүйл өөр болсон.
23-р сургууль бол их хатуу. Төрийн хүн болгоно гэсэн зарчим баримталж, ёс суртахууныг шаарддаг сургууль байв. Энэ сургуулиас улс төр, бизнесийн гэх мэт олон салбарт манлайлагч төрсөн. Монгол хүн бол эх орныхоо төлөө гэсэн сэтгэхүй, үнэт зүйлийг суулгаж өгдөг байлаа. Жишээлбэл, Монгол Улсын газрын зургийг буруу зурвал, дээр доороос нь дутаавал багш дэвтэр ураад өгч явуулдаг. Гэртээ очоод загнуулна.
Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэвэл бид нэг үндэстэн гэсэн сэтгэхүйг баримталдаг байсан. АНУ шиг холимог хүмүүс бид биш.  812 жил оршин тогтнож буй нэг гэр бүлийн хүмүүс юм. 10 хором ярихад бид ах дүү болдог шүү дээ.
Ийм айлыг захирах, удирдах гол зүйл Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах. Бид хүүхдүүдээ ямар мэдээллээс хамгаалах, залуустаа ямар мэдээлэл өгөх, ямр мэдээллийг өгөхгүй байх вэ гэдгийг тооцоолж уур бухимдал стресс үүсгэх мэдээллээс залуусаа  хамгаалдаг байсан. Харин тэр хамгаалах тогтолцоо 90-ээд оноос хойш үгүй болсон гэж би боддог. Үүнээс хойш бидний тархи руу юуг л бол юуг хийдэг болсон. Хамгийн гол нь сүүлийн 27 жил бид бүхэн аливааг болохгүй, бүтэхгүй байна гэдэг мэдээллээр тархиа угаалгасан.

Түүний дэлхийг тойрох хүсэл хөгжлийн талаар мэдэх хүслээс эхтэй

Дэргэд чинь хүн өлсөж байхад, хэчнээн чи өөрөө өлсөж чамд хоол бэлэн байсан ч ганцаараа идэхэд хэцүү мэдрэмж төрөх нь ойлгомжтой. 90-ээд онд яг л ийм мэдрэмж надад хүчтэй төрсөн. Амай гоё машинтай болох сонин биш юм байна. Харин нийгэм хэрхэн хөгждөг юм бол гэсэн асуултыг өөртөө тавьж, хариултыг нь олохыг хичээсэн.
1990 онд дэлхийг тойрох мөрөөдөл түгээмэл биш байсан үе. Интернэтээс нэг зураг үзэх гэж 30 минут уншуулдаг байсан гэхээр ойлгомжтой. Одоогийнх шиг мэдээлэл бүр нээлттэй биш байсан учир тэр чөлөөтэй мөрөөдөх боломжгүй байсан гэж хэлж болно. Гэхдээ тэр сурах бичиг судалж, хаана ямар үндэстэн байдаг, би хаашаа явж юуг мэдэж болох вэ гэж идэвхтэй хайгуул хийсэн.
Үүний дараахан сургуулиа төгссөн ч, хүнд өвдөж 3 сар хэвтэрт орсон байна. Уушги нь цоорч, хүнд хагалгаанд орж, хүчтэй эм тариа байнга хэрэглэсэн байна. Гэхдээ тэр энэ нөхцөл байдлыг надад боломж байсан гэж ярьсан юм. Яагаад гэвэл амьдрал үхлийн зааг дээр тэр амьдралын талаар их зүйлийг бодсон байна.
Амай хэлэхдээ  “Нэг жил хөдөлгөөний хязгаарлагдмал байдалд байхдаа энэ амьдралыг их юм үзэж, их зүйлд суралцаж, үр бүтээлтэй өнгөрөөхийг хүссэн. Бүтэн гурван сар хэвтэрт байхдаа амьдрал их богинохон юм шиг санагдаж байлаа. Одоо бодоход амьдралд муу зүйл гэж байдаггүй юм билээ. Миний өвдсөн нь надад их зүйлийг бодогдуулсан. Хэрвээ нэрийг чинь 9 үед сайнаар дурсаж байвал амьдарсанд тооцно. Нэг үед амьдрах бол амьдрал биш. Тэгэхээр эд баялаг цуглуулах шаардлагагүй, аливааг хийж бүтээх хэрэгтэй. Нэрээ үлдээх. Амьдарсан шиг амьдар. Энэ л миний зорилго болсон.

Бидний өмнөх үе өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байж энэ хот сууринг босгосон

1970-аад оныг би Монгол Улсын хөгжлийн оргил үе гэж боддог. Нийтээрээ нэг хэв маягт орсон гэдэг ч бид асар тайван байсан. Ажилтай, орлоготой Монгол хүмүүс. Бидний өмнөх үе, өвөө эмээ өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөж байж энэ хот суурин, сургууль цэцэрлэгийг босгосон юм.  Энэ үед Монголын арван залуу тутмын нэгийг гадаадад төсвийн мөнгөөр сургаж байлаа. Учир нь цэцэрлэг сургуулиа барьчихсан, хотоо босгосон учир залуусаа эрдэм ном сургаж, юм үзүүлж нүд тайлуулах гэж төлөвлөсөн. Би үүнийг хамгийн ухаалаг бодлого, зөв зам байсан гэж боддог. Харин энд ямар асуудал гарсан бэ гэвэл 1980 оны дундуур гарсан залуучуудаас хэсэг бүлэг нь гадны бодлогын бай болж, гадаадын философиор явсан. Социалист орнуудын залуусыг эгнээндээ нэгтгэж тэдэнд эрх чөлөө, хувь хүн, би гэдгийг өөрийнхөөрөө тайлбарлаж ойлгуулсан. Тархиа угаалгасан залуус капитализм гэж юу болохоо ч мэдэхгүй тэмцэж эхэлсэн.
1990 онд БНМАУ-ын төсвөөр гадаадад суралцаж ирсэн ах эгч нар ярихдаа “айл болгон машинтай болно, тэнгэр тулсан барилгууд баригдана” гэж ардчиллыг ухуулсан. Энэ хүмүүс үнэндээ улсын төсвөөр суралцаж байсан болохоор идэх хоол, өмсөх хувцас, хоргодох байрандаа санаа зовж байгаагүй. Харин өнөөдөр эх орноосоо өөр газар ажиллаж байгаа залуусаас капитализм ямар хэцүү болохыг асуугаарай. Тэд сайн мэднэ. Чи мөнгөгүй бол хэн ч биш гэдэг нийгэм бол харгис.
Монголд чадварлаг олон дипломатч байсан. Жишээлбэл 1950-1960 оны үед гадаадад элчингээр ажиллаж байсан дипломатууд тухайн үедээ “Хөрөнгөтний нийгмийг сонгож болохгүй” шүү гэж захиж хэлсэн мэдээллүүд байдаг. Тэд хөрөнгөтний нийгэм гэдэг бусдынхаа хөрөнгийг цөөн тооны хүмүүс завшихыг хэлдэг юм байна гэж хэлж л байсан.  
Харин ардчиллыг гаргаж ирсэн ах эгч нар “гадаадын залуусын өмсдөг жинс, гутал бидэнд байхгүй” гэдэг нүдээр харсан. Тэгээд гаднаас оруулж ирэхээр болсон. Угтаа бидний үйлдвэрлэл ид цэцэглэж хөгжиж байсан юм. Тэр үед ардчиллыг цогцлоож гутал оруулж ирэх биш, гутлын үйлдвэрээ барьсан бол өнөөдөр арай өөр байх байсан болов уу. Бид үйлдвэрлэлээ үргэлжлүүлээгүй, үйлдвэрүүдээ унагаасан. Би ардчиллыг алдаа байсан гэж боддог. Өнөөдөр ардчиллыг сонгосон бүх улс дампуурч байна. Бид нэг гэр бүл шиг байх ёстой. Ардчиллын зарчим биднийг амь амиа бодоорой гэж, хэтэрхий чөлөөтэй бай гэж буруу сургасан.
undefined

Газрын хуулийг баталж бидний гэр орныг  байгалийн баялаг гэж харсан. Тэгээд чөлөөтэй орхисон.

10 гаруй мянган залуу ардчилсан сонгууль гэж засгийн эрхийг авсан. Харин би үүнийг тод санадаг. 1996 онд Ардчилсан нам гарч ирээд гол зорилго  1997 оны Газрын тухай хуулийг батлах байсан. Тэгээд энэ хуулиараа бидний гэр орныг байгалийн баялаг гэдэг нүдээр харах болсон. Байгалийн баялаг хамгийн муухай үг. Энэ чинь миний, чиний гэр орон юм.
Энэ хуулиар хөдөө малаа хариулаад явж байгаа малчин дээр нэг бизнес эрхлэгч лиценз нэртэй бичиг барьж очоод газрыг нь булааж авна гэсэн үг. Гэхдээ энэ бол малчинд  ашигтай биш эрх баригчдын цаана байгаа их гүрнүүдэд ашигтай бодлого байсан гэж би боддог. Ардчилсан системд хэр их мөнгөтэй нь төрийн албыг худалдаж авдаг шүү дээ. 

Мэдээллийг атгаж байгаа хүмүүс хүчтэй 

Долоо хоног бүр Монголд нэг том сенсаац гардаг. Нэг ноцтой мэдээлэл хуучрахад, хүмүүсийн сонирхлыг татахаа болиход  дараагийн мэдээ гараад л ирдэг. Ганц Монгол Улсад биш энэ нь дэлхий даяар байгаа тогтолцоо. Энэ бол мэдээллийг атгаж байгаа эрх баригчдын хийж буй зүйл. АН, МАН-даа гол нь биш үүний ард байгаа том тоглогчдод хэн нь сонгогдох угаасаа хамаагүй. Яагаад гэвэл төр өөрөө бизнес болсихсон. Энэ бол хамгийн буруу тогтолцоо. Ардчилсан нийгэмд чи мөнгөтэй бол төрийн эрхийг барьж болно. Гэтэл үндэсний систем бол сүргийн зарчим. Чадвартай нь гарч ирж салбараа удирддаг. Хамгийн хүчтэй чадалтай, ухаантайгаа төрд гаргадаг. Хэрвээ ийм байсан бол бид хөгжих байсан. Харин өнөөдөр төрд хэн ч гарч болж байна.

Хэн нь хэн бэ гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ

2004 оноос бидэнд мөнгө амладаг болсон. “Биднийг сонговол мөнгө өгнө. Хүн болгонд” энэ зарчим луйвар. Өнөөдөр төрд гарч ирсэн хүмүүс дандаа луйвраар гарч ирсэн. Хоёрдугаарт, чөлөөт шилжилтийг бий болгосон. Чөлөөт шилжилт гэж байж болохгүй зүйл. Хот бол хязгаартай. 500 мянган хүнд зориулсан хот руу чөлөөтэй хүн оруулна гэдэг хамгийн бодлогогүй шийдвэр. Манай Улаанбаатар хотын төлөвлөлтийг 60-70-аад онд Африкийн төлөөлөгчид ирж туршлага судалж байсан. АНУ шиг өндөр барилгууд биш хот гэдэг дотроо цэцэрлэг сургууль, тоглоомын талбайтаа ийм газрыг хэлэх юм байна гэж. Азийн цагаан дагина гэдэг нэрийг ингэж л авсан. Бид хот төлөвлөлтийг үлгэрлэж байсан юм шүү. Тэгээд бодлогын зохицуулалт буруу явагдсанаас өнөөдөр ямар ч зохион байгуулалтгүй барилгууд болсон. Энэ бодлогыг хийсэн хоёр хүнийг би Бат-үүл, Гүндалай гэж хэлнэ. Санаатай хийсэн үү, сонгуульд ялах гэж үүнийг хийсэн үү гэдэг бол сонин Сонгуулийн үед Бат-үүл хэлэхдээ,  “АНУ-д хүн хүссэн газраа амьдардаг. Бид Монгол хүмүүс  болохоор Монголдоо хүссэн газраа амьдарна” гэж хэлж гарч ирсэн. Утаа, бөөгнөрөл бол чөлөөт байдлаас үүдсэн сөрөг үр дагавар.  Хүн бүр хаана ч гэрээ бариад амьдарч болно гэдэг бодлого бол бидний гажуудал. Гаднаас мөнгө аваад хорлон сүйтгэх ажил хийгээд байгаа юм уу гэж бодтол буруу зүйл санаачилсан хүмүүс. Гэхдээ энэ хоёр хүн ч биш, бусад бүх буруу зүйл хийж байгаа хүмүүсийн хэн хэн бэ гэдгийг бүгд мэддэг. Ард түмэн харж байгаа, үр дагавар нь нүдэн дээр байна. Эдгээр хүмүүсийн үр хүүхэд Монголд амьдрахад хэцүү болсон. Цаг хугацаа бүхнийг харуулдаг” гэлээ
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн