Шүдний цооролт, шүдний гажиг өвчин болон хүүхдийн шүд үүрч унах шалтгаан, түүнээс хэрхэн сэргийлэх, ямар арга хэмжээ авч болох талаар АШУҮИС-ийн Хүүхдийн нүүр ам судлал, урьдчилан сэргийлэлтийн тэнхмийн эрхлэгч Б.Оюунцэцэгтэй ярилцлаа.
-Сүүлийн үед амны хөндийн өвчлөл нэмэгдэх болсон талаар их ярих болсон. Юунаас болж энэ төрлийн өвчлөл нэмэгдэж байна вэ?
-Шүд цоорох өвчин болон шүдний гажигийн өвчин сүүлийн үед нэмэгдэж байна. Бага насны хүүхдийн сүүн шүд нь унаж, байнгын шүдээр солигдоход эрэгтэй хүүхдэд аавынх нь, эмэгтэй хүүхдэд ээжийнх нь шүд ургаж гарах ёстой. Ингэж шүд солигдож ургах үед шүд хооронд зай үүсэхийг мэргэжлийн үгээр зай тавигдах гэж нэрлэдэг. Хүүхдийн нүүрний булчингууд сайн ажиллавал булчин нь хөгжин эрүүний яс нь сунаж зай тавигдах гэж байгаа юм. Гэтэл сүүлийн үеийн хүүхдүүд зажлуурын булчингаа ажиллуулах хоол хүнс идэхгүй байгаа учраас шүдний зай тавигдахаа больсон байна. Ингэснээр дараагийн ясан шүд нь зай байхгүйгээс бөөгнөрч гажигтай ургаж байгаа юм.
-Зажлуурын булчингаа ажиллуулах хоол хүнс идэхгүйгээс болж шүдний зай тавигдахгүй байгаа юм байна. Тэгвэл зажлуурын булчингаа ажиллуулах ямар хоол хүнс идэх ёстой юм бэ?
-Зургаан сартай хүүхэд бор хоолонд орох үед зутан, бантан өгдөг. Гэтэл сүүлийн үед хүүхдүүддээ бантан гараар бэлдэж өгөхөө больсноос гадна хүүхэд нь хоолны махаа ялгаад байвал махыг нь буталж өгдөг болсон. Үүнээс хүүхэд шүдээрээ таслах, зулгаах үйл хийхгүй уудаг хоол иддэг болсон. Энэ нь шүдний гажиг үүсэхэд нөлөөлж байгаа гэсэн үг.
-Хүүхдийн шүдний цооролтод нөлөөлж байгаа хамгийн гол зүйл нь юу байна вэ?
-Хүүхдийн шүдийг тогтмол, зөв угаахгүй байгаагаас өнгөр тогтож, түүн дээр хорхой сууж, цоолж байгаа юм. Үүнээс гадна шүд цоорход хооллолт маш их нөлөө үзүүлж байна. Тухайлбал, ундаа жүүс, чихэр жимс зэрэг нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнийг хүүхдүүд хүссэнээрээ идэж байгаа юм. 500 гр жүүсийг аваад үзэхэд 20-60 гр сахар байдаг. Гэтэл сахар нь шүдний хорхойн гол хоол байдаг. Тэгэхээр нүүрс устай бүтээгдэхүүн идээд амаа угаахгүй бол шүдний хорхойг үржүүлж, шүд цооролтыг илүү нэмэгдүүлдэг гэсэн үг.
-Шүдний цооролт хүндэрвэл үед ямар эрсдэлтэй вэ?
-Манай улсад идээт үрэвслийн хүндрэлээр 18-45 насны жилд 2-3 хүн амь насаа алддаг гэсэн судалгаа гарсан. Учир нь шүдний цооролт нь даамжирсаар идээт үрэвслийг үүсгэж, тухайн үрэвслээс цусанд халдвар орж амиа алдахад хүрч байгаа юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр шүдний цооролтын гаралтай идээт үрэвслээс болж зүсэлт хийлгэж, хагалгаанд орж байгаа хүүхэд маш их байгаа. Энэ нь эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэж, зөөлөн эдийн үрэвслээр хүндрээд мэс засал хийлгэж байгаа гэсэн үг.
-Хүүхдийн шүд үүрч унах нь юутай холбоотой байдаг юм бэ?
-Эцэг эхчүүд хорхойтсон шүдэнд түрхдэг хар эмийг хүүхдийн шүд үүрүүлдэг гэж ойлгодог. Гэтэл тухайн хүүхдийн шүдийг хорхой идэж байна уу эсвэл цоорлын бус гаралтай хатуу эдийн эмгэг байна уу гэдгийг ялгах хэрэгтэй. Хорхой иднэ гэдэг нь шүд ургаж гарч ирсний дараа шүдний өнгөр тогтдог хэсэг буюу буйлны хэсгээс эхэлж цоорч, эмтэрч эхлэхийг хэлж байгаа юм. Харин шүд ургаж гарч ирэхдээ таслах ирмэг буюу үзүүр хэсгээсээ үүрч унаж байгаа бол хорхой идэж байгаа биш юм. Хүүхдийн шүд эхийн хэвлийд үүсэхдээ эрдэсжиж хатуурч, паалантай болж чадаагүй учраас үзүүр хэсгээсээ үүрч байгаа гэсэн үг. Жирэмсний хордлоготой, эсвэл биеийн ямар нэг өвчнөөс болоод антибиотик хүчтэй эм тариа хэрэглэж байсан эхчүүдийн хүүхдийн шүд бэхжиж чадаагүй байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд жирэмсэн байхдаа хордлого багатай, эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлээрэй.
-Хүүхдийн шүд үүрч эхэлбэл яах ёстой вэ. Ямар арга хэмжээ авах нь зөв бэ?
-Мэргэжлийн эмчид цаг алдалгүй үзүүлж, эмчлүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шүдний цооролт нэмэгдэж байгаагийн нэг шалтгаан нь эрт үзүүлэхгүйд байгаа юм. Ер нь эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг гурван сард нэг удаа үзүүлэх шаардлагатай.
-Хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь амаа сайн цэвэрлээгүйтэй холбоотой юу. Эсвэл өөр шалтгаан байдаг уу?
-Хүний амны үнэр тодорхой хэдэн шалтгаантай байдаг. Харин бага насны хүүхдийн амнаас эвгүй үнэр гарах нь шүдний өвчлөлийн хүндрэлтэй холбоотой байж болно. Тухайлбал, шүдний цооролт нь хүндэрч, шүдний мэдрэл нь үхжиж, ялзарснаас үнэр гарч болно. Эсвэл хэл өнгөртэй байж болно. Үүнээс гадна ходоод гэдэстэй холбоотой байж болно.
-Амны хөндийн өвчлөлөөс хэрхэн сэргийлэх вэ. Яавал эрүүл саруул, бат бөх шүдтэй байх вэ?
-Шүдэн дээр хоолны үлдэгдэл буюу өнгөр байхгүй байвал аманд байгаа хорхойнууд шүдэн дээр сууж хүчлээ ялгаруулахгүй. Тиймээс амаа тогтмол цэвэрлэх нь чухал. Мөн амттан идэхдээ бага багаар цувуулж идэх бус, нэг дор бөөнөөр идээд амаа угаах хэрэгтэй. Харин хүүхдээ шүдний өвчлөлөөс сэргийлэхийн тулд тогтмол цагт хооллох хэрэгтэй. Хүүхдийг тогтмол цагт хооллосноор нүүрс ус ихтэй талх, бичень, боов идэх нь бага байна. Учир нь өлссөн үед нүүрс устай бүтээгдэхүүнийг идэхээр хэсэг хугацаанд цадсан мэдрэмжийг төрүүлдэг юм. Хүүхдийн өсөлт хөгжилтөд нөлөөлөх шим тэжээлийг үндсэн гурван удаагийн хоол өгдөг. Харин хүүхдээ хооллохдоо аль болох зажлууртай хоол өгөхийг хичээгээрэй.