Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хүмүүс өдөр тутамдаа хэрэглэх хоол хүнс, барих дэглэм

Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хүмүүс өдөр тутамдаа  хэрэглэх хоол хүнс, барих дэглэм
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 10
Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хүмүүс өдөр тутамдаа ямар хоол хүнс хэрэглэх талаар Сонгдо эмнэлгийн Хоол, шим тэжээлийн тасгийнхан иргэдэд зөвлөгөө өглөө. Эмчилгээний хоолны зөвлөгөөг тоймлон хүргэж байна. Өглөөнөөс орой хүртэл гэрт байгаа материалаа ашиглан дөрвөн удаагийн хоол хийх аргыг сонгон тайлбарлаж байна.           
Өглөөний хоол-Сүүтэй овьёос хийх арга
Элэг, цөс, нойр булчирхайн өвчлөлтэй иргэд өглөөний хоолонд сүүтэй будаа, сүүтэй овьёос идэхэд тохиромжтой юм байна. Нэг хүний порцоор сүүтэй овьёос бэлтгэхдээ 250 грамм буцалсан усан дээр гурван халбага овьёос хийнэ. Сүүтэй овьёосоо аль болох зөөлөн гал дээр буцалгах хэрэгтэй. Ингээд баг зэргийн шингэрүүлсэн сүүг буцалж буй овьёос руугаа хийгээд бага зэрэг саахар, давс хийж 5-10 зөөлөн гал дээр буцалгаад бэлэн болно. Хэрвээ өвчтөний биеийн байдал хүндэрсэн бол овьёосоо нэлээд буцалгаж зутан болгон иднэ. Харин энгийн хэвийн байдалдаа байгаа хүмүүс сүүтэй шингэн хэлбэрээр нь аягандаа хийгээд буталж хэрэглэвэл зохино. Сүүтэй овьёос нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хүмүүс аль болох тослог багатай шингэрүүлсэн сүүг хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал, савтай сүүнээс 3.2 хувийн тослогтой гэснийг сонгох хэрэгтэй. Хэрвээ хөдөөнөөс шингэн сүү авч хэрэглэдэг бол сүүгээ хөөрүүлж, 2-3 дахин шингэрүүлж хэрэглэвэл зохимжтой.
Овьёос нь үр тарианы төрөлд багтдаг бөгөөд үр тарианы төрлийн бүтээгдэхүүнийг өглөө идвэл илүү тохиромжтой. Учир нь, өглөө нүүрс усаар баялаг овьёос, цагаан будааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэснээр өдрийн турш биед ирэх ачааллыг багасгаж, биеийн эд эртхэнд шаардлагатай энергийг өгч чаддааг байна. Элэг, цөс, нойр булчирхайн өвчлөлтэй иргэд  өглөөдөө мах бага хэрэглэж, хоносон, шарсан хуурсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй. Овьёосыг сонгож хэрэглэхдээ аль болох цайвар өнгөтэйг нь авч хэрэглэх хэрэгтэй аж. Учир нь, бараан байх тусам ислэгийн хэмжээ их байдаг учраас элэг цөсний өвчтэй хүмүүст тохиромжгүй юм байна.
Үдээс өмнөх хоол-Жигнэсэн алим
Алимаа угааж цэвэрлэсний дараагаар голоор нь хувааж, голд байгаа эш, ясыг нь цэвэрлэнэ. Алимыг жигнэхдээ гаднах хальсыг нь арилгахгүйгээр сайтар угааж, жигнэх хэрэгтэй. Учир нь, жигнэх явцад алиманд агуулагддаг витамины  шим шүүс урсаж алга болох магадлал өндөр байдаг тул том тавга, аяган дээр алимаа тавьж, жигнэх хэрэгтэй. Алимаа 15-20 минут жигнэхэд хангалттай. Ингээд жигнэсэн алимныхаа хальсыг авч тагванд ялгарсан шүүсийг нь хийж миксердэж,алимны нухаш болгож идвэл зохимжтой. Харин өвчлөл нь хүндрээгүй хүмүүс жигнэсэн алимаа зүсээд идэж болно.
Элэг, цөс, нойр булчирхайн өвчтэй хүмүүсийн өвчлөл нь аль шатандаа орсноос хамаарч хоолны дэглэм нь  өөрчлөгддөг. Өвчлөл хүндрэх тусам хоолны илчлэгийн хэмжээг багасгах бөгөөд бага багаар хооллоно. Ихэвчлэн зутан шөл хэрэглэвэл зохиомжтой байдаг байна. Тухайлбал, элэг цөсний өвчлөл нь хүндэрсэн хүн тал жигнэсэн алим идэхэд хангалттай. Харин өвчлөл нь намжиж, хэвийн дэглэм барьж байгаа хүн хоёр ширхэг жигнэсэн алим идэхэд л хангалттай.
Өдрийн хоол- Тахианы зутан шөл, ногоотой хуурга хийх арга
Тахианы зутан шөл хийхдээ тахианы мөчний гаднах хальс болон махыг нь шулж, зөвхөн тахианы мөчний ясыг дангаар нь 15-20 минут зөөлөн гал дээр буцалгаж шөл гаргана. Тахианы махны гаднах хальсанд их хэмжээний тос агуулагддаг учраас хальсыг авч хэрэглэх хэрэгтэй. Ясны шөл буцалж байх явцад нь шөлөн дээр ялгарч байгаа тос, нитгэлийг авна. Ингэсний дараагаар гэрт байгаа хүнсний ногоогоо жижиглэн хэрчиж, буцалж буй шөл рүүгээ хийнэ. Цайвар өнгийн ногоотой шөлөө миксердэж зутан шөл болгож хэрэглэнэ.
Ногоотой хуурга
Бараан, хальсгүй өөхгүй махаа нарийн хэрчиж, бага зэргийн усанд хийнэ. Дээрээс нь бага зэргийн лууван, байцаа хийгээд хуурахгүйгээр жигнэж хэрэглэнэ. Ингээд мах ногоо болохоос  5 минутын өмнө юуцай, бууцай, бага зэргийн өргөст хэмх, улаан лоолиор амталж болно.
Элэг цөсний өвчлөлтэй хүмүүс өөхгүй бараан үхрийн мах, хальсгүй тахиа, загасны махыг өдөр тутамдаа хэрэглэх хэрэгтэй .
Оройн хоол- Загасны шөл хийх арга
Оройн хоол шөлтэй хоол байх тусам амархан шингэдэг. Загасны шөл хийхдээ бууцай, юуцай, төмс хэрэглэж болно. Загасны махаа дөрвөлжин хэрчиж, хүйтэн усанд хийнэ. Ингээд буцалсных нь дараагаар гэрт байгаа хүнсний ногооноосоо хэрчиж хийнэ. Шөл бэлэн болохоос 5 минутын өмнө нарийн ногоонуудаа хэрчиж хийнэ. Загасны мах нь маш их шим тэжээлийн бодис агуулдаг учраас 14 хоногт нэг удаа хэрэглэвэл шаардлагатай амин дэмийг нөхдөг байна. 
Нарийн ногоог хүнсэндээ хэрэглэхийн өмнө усанд хийж, дээрээс нь бага зэргийн давс хийх хэрэгтэй. Хүйтэн усанд давс хийснээр нарийн ногоонд агуулагдаж байсан нян бактерийг устгаж, хүнд хэмжээний тоос, шороог хөвүүлдэг. Ийм төрлийн усанд 2-3 удаа угааж, хоол болохоос өмнө 5 минутын өмнө хоолондоо хийж хэрэглэвэл шим тэжээлийг авдаг.
Хэрэглэж болохгүй хүнс
Элэг, цөс, нойр булчирхайн өвчлөл хүндэрсэн хүмүүс сонгино, сармис хэрэглэхгүй байх хэрэгтэй. Гоймон, пүнтүүз, амлагч, халуун ногоо, хонины өөхтэй мах, бүлх шөрмөс, хальстай мах, исэлдэгч ихтэй чихэр, кофе, өрөм тос, архи дарс, хиам, даршилсан бүтээгдэхүүн, шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн