Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Казахстан улс ОХУ-аас хараат байдлаас ангижрах дипломат хана босгож эхлэв

Казахстан улс ОХУ-аас хараат байдлаас ангижрах дипломат хана босгож эхлэв
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 12
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мягмар гаригт Анкарад айлчилж, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай дээд хэмжээний уулзалт хийсэн. Албан ёсны уулзалт, арга хэмжээний дараа төрийн тэргүүн нар хамт теннис тоглосон юм.
Төрийн тэргүүн нар дээд хэмжээний уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл хийх үеэрээ хоёр улс цаашид улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, батлан хамгаалах болон бусад салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар Стратегийн түншлэлээ улам бэхжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн хоёр орны Ерөнхийлөгч Украины хямралын асуудлаар дээр Украины тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хадгалж, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх ёстой гэдэг дээр  ижил байр суурьтай байгаагаа  мэдэгдсэн.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэвлэлийн хурлын үеэр “Туркийн хувьд Казахстан бол түүхэн нутаг, Казахстаны хувьд Турк бол хоёр дахь эх орон. Тиймээс бид Казахстан ахан дүүсийнхээ тогтвортой байдал, энх тайван, аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээхэд үргэлж бэлэн. Украины дайн Төв Азийн Түрэг гаралтай улс орнуудын эв нэгдэл, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нэн шаардлагатай байгааг дахин харууллаа” гэв.  
Харин Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев энэ үеэр Турк улс нь 1991 онд ЗХУ задран унасны дараа Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн, Казахстанд Элчин сайдын яам байгуулсан анхны улс болохыг онцолсон. Түүнчлэн, тэрээр Нур-Султан болон Анкарагийн хувьд Транс-Каспийн олон улсын тээврийн маршрутын боломжийг ашиглах нь хамгийн чухал зүйл болохыг тодотгосон юм.
undefined
Дунд коридор гэгддэг олон улсын тээврийн уг маршрут нь хуурай газраар Хятад, Казахстан, Азербайжан, Гүрж, Турк, Украин болон Польш улсуудыг төмөр замаар, Хар тэнгис-Канспийн тэнгисийг усан онгоцны терминалаар ОХУ-ыг тойрон БНХАУ-ыг зүүн Европ болон Европын холбодог.  
Ажиглагчид Казахстаны Ерөнхийлөгчийн уг айлчлал болон дээрх байр суурийг эдийн засаг, улс төрийн хувьд ОХУ-аас хараат байдлаас ангижрах дипломат хана барих бодлого хэрэгжүүлж эхэлсний бодит илрэл гэж дүгнэж байгаа юм. ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний дараагаар Нур-Султан Москвагаас илт зайгаа барих бодлого баримтлах болсон.
Тухайлбал, Казахстаны улс хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын зах зээлийг орхиж байгаа барууны компани болон аж үйлдвэрүүдийг эх орондоо урьсан билээ. Мөн тус улсын Гадаад хэргийн дэд сайд Мухтар Тилеуберди “Казахстан улс шинэ төмөр хөшигний буруу талд зогсохыг хүсэхгүй байна” гэж мэдэгдсэн. Гэхдээ Казахстаны эрх баригчид холбоотны хувиар ОХУ-ыг шүүмжлэхээс зайлсхийж байгаа юм.
Үүнээс гадна, өнгөрсөн сард ОХУ-ыг тойрон БНХАУ-Европын холбоог холбох Хятад, Казахстан, Азербайжан, Румын, Унгар, Словак, Чех, Германы төмөр замын сүлжээгээр тээвэр хийж эхэлсэн.
Эх сурвалж: Al Jazeera, The Economic Times, Rferl
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн