“Үндэсний шуудан” сонин Монгол бахархлын өдрөөр Монголд төдийгүй дэлхийд ховорхон оюунлаг нэгэн гэр бүл болох Батын Нямаагийн гэр бүлийг “Хоймор”-тоо залж байсан. Харин удаа оюуны спортоор дэлхийд Монголоо гайхуулж буй Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч Гончигийн Даваахүүгийнхийг “Хоймор”-тоо заллаа. Түүний гурван охин нь дэлхийн 180 гаруй орны шилдэг тамирчдаас, тэр дундаа шатрын спортын олон зуун жилийн түүх, уламжлалтай улс, гүрний тамирчид дундаас шилдгээр шалгаран Монгол Улсынхаа нэрийг тив дэлхийд гаргаж яваа. Тодруулбал, том охин Д.Хонгорзул нь 2017 онд Румын Улсад зохиогдсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс блиц төрөлд алтан медаль хүртсэн бол Төрийн банкны элч тамирчин дунд охин Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2017 онд Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль хүртсэн. Харин бага охин Д.Өнөрзул нь 2016 онд Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2014 онд Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль, 2015 онд Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Дэлхийд оюуны спортоороо манлайлагч олон гэр бүл байдаг ч Г.Даваахүүгийнх шиг гурван охин нь гурвуулаа шатрын дэлхийн аваргаас медаль хүртсэн түүх ховор юм. Тиймээс л бахархам энэ гэр бүлийг уншигчдадаа танилцуулахаар Г.Даваахүүгийнд зорин очлоо. Гэрийн “Хоймор”-ыг гурван охидынх нь амжилтууд “эзэгнэж”, багтахгүй шахам болтлоо “дүүргэсэн” байв. Харин амжилтаараа “дүүргэсэн” шүүгээний хамгийн дээд талд гурван ширхэг Монгол Улсын төрийн далбаа байх нь бидний зорин ирсэн шалтгаан байлаа.
Д.Хонгорзул - 33 дугаар сургуулийн 10в ангийн сурагч
2016 он-Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний алтан медаль 2017 он-Румын Улсад зохиогдсон сурагчдын дэлхийн аваргын тэмцээнээс блиц төрөлд алтан медаль 2014 он-Мастерт хүрэх зам опен тэмцээнээс хүрэл медаль 2017 он-“Таван толгой” цомын тэмцээнд мөнгөн медаль 2017 он-“Байгальская зори” ОХУ-д зохиогдсон фестивальд хүрэл медаль 2018 он-Пёнчаны өвлийн олимпийг угтан Чунчон хотод зохиогдсон олон улсын оюуны спортын наадмын шатрын төрөлд хүрэл медаль 2015, 2016 он-“Цагаан сар” өндөр чансаатай шатарчдын тэмцээний тэргүүн байр буюу мөнгөн шагналаар шагнуулж байна. Монгол Улсад зохиогдсон дотоодын нэрэмжит тэмцээнүүдээс 30 гаруй медаль хүртсэн.
Д.Мөнхзул - Дэлхийн шатрын холбооны дэд мастер /WCM/ Нийслэлийн 33 дугаар сургуулийн 6г ангийн сурагч
2014 он-Өмнөд Африкийн Дурбан хотод зохиогдсон Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль 2014 он-Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль 2015 он-Аль Айн олон улсын тэмцээнээс 14 насны охидын ангилалд түрүүлсэн. 2015 он-Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон Сурагчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль 2016 он-Монгол Улсад зохиогдсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс стандарт төрөлд алт, рапид төрөлд алт, блиц төрөлд хүрэл медаль 2017 он-Румын Улсад зохиогдсон Өсвөрийн сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 2018 он-Пёнчаны өвлийн олимпийг угтан Чунчон хотод зохиогдсон Олон улсын оюуны спортын наадмын шатрын төрөлд нэг алт, нэгг мөнгө 2014 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль 2016 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 2017 онд МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс Хүрэл медаль 2017 он-Түргэн тоглолтын “Цагаан бэрс” тэмцээнээс мөнгөн медаль 2014 онд Монгол Улсын оны онцлох хүүхдээр шалгарч Монгол Улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдээс 50 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Д.Өнөрзул - Дэлхийн шатрын холбооны дэд мастер /WCM/ 33 дугаар сургуулийн 4а ангийн сурагч
2016 он-Гүрж Улсын Батуми хотод зохиогдсон Өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль 2014 он-Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль 2015 он-Тайланд Улсын Паттаяа аралд зохиогдсон сурагчдын дэлхийн аваргаас хүрэл медаль 2016 он-МУ-д зохиогдсон Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс стандарт төрөлд мөнгөн медаль, рапид төрөлд мөнгөн медаль, блиц төрөлд хүрэл медаль 2018 он-Пёнчаны өвлийн олимпийг угтан Чунчон хотод зохиогдсон олон улсын оюуны спортын наадмын шатрын төрөлд хоёр алт 2015 он-“Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 2016 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль 2017 он-МУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль 2017 он-“Цодгор хүү” улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль 2017 он-“Цагаан бэрс” түргэн тоглолтын тэмцээнээс алтан медаль Монгол Улсад зохион байгуулагдсан тэмцээнүүдээс 30 гаруй алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
Дэлхийн аварга охидтой шатарчин гэр бүлийн эхлэх цэг нь аав, том охин хоёр
Г.Даваахүү чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор том охин Д.Хонгорзултайгаа шатар нүүдэг байсан бөгөөд шатрын спортоор хичээллүүлж, амжилт гаргах тухай төдийлөн боддоггүй байжээ. Гэтэл дунд охин нь аав, эгч хоёроосоо шатарт суралцаж, сургуульд орохоосоо өмнө шатар тоглож сурчээ. Сургуульд орсон даруйдаа сургуулийнхаа аварга болж, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, долоон настай байхдаа найман настнуудын ангилалд оролцож Улсын аварга шалгаруулах тэмцээнд тавдугаар байр эзлэв. Энэ үеэс л Г.Даваахүү охидоо шатрын спорттой нөхөрлүүлж амжилтын цуваа үргэлжлэв. 2012 онд шатар сурсан Д.Мөнхзул нэгхэн жилийн дараа буюу 2013 онд Тайланд Улсад зохиогдсон Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, олон улсын тэмцээнд оролцох эхлэлээ тавьсан юм. Том эгчээсээ суралцаж, шатартай нөхөрлөсөн Д.Мөнхзулын буухиаг үргэлжлүүлэн дүү Д.Өнөрзул нь мөн л шатарчин болов. Таван нас хүрэхтэй зэрэгцэн шатарт суралцсан тэрбээр мөн л амжилтын буухиаг нь түүчээлж, Узбекстан Улсын Ташкент хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс рапид төрөлд алтан медаль, блиц төрөлд мөнгөн медаль хүртэж, гэр бүлийнхээ болоод Монгол Улсын бахархалт болсон тамирчин болов. Товчхондоо, Г.Даваахүүгийн гэр бүлийн шатартай холбогдсон түүх энэ юм.
Авьяасыг хөдөлмөрөөр “өнгө оруулдаг”
Одоогоор түүний охид Шатрын холбооны дэргэдэх төв клубт бэлтгэлээ хийдэг бөгөөд энэхүү клуб нь Өсвөрийн шатарчдын шигшээ баг байгуулах их ажлын нэгээхэн хэсэг нь юм. Гавьяат тамирчин, их мастер Б.Хатанбаатар, Дэлхийн шатрын холбооны мастер С.Ган-Од нар уг клубийг дасгалжуулж, Г.Даваахүү менежерийн үүрэг гүйцэтгэдэг. Түүнээс охидынх нь онцгой амжилтынх нь талаар тодруулахад “Миний охидод авьяас байх нь байгаа байх. Жишээлбэл, би бөх байлаа гэж бодъё. Би сайн барилддаг юм чинь миний хүүхэд сайн бөх болох л ёстой гээд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан ч өөрөө авьяасгүй бол амжилт гаргахгүй. Түүнтэй адил миний охид авьяасгүй л бол хэчнээн жилээр дагуулаад явсан ч бүтэхгүй л асуудал. Охид маань амжилт гаргаж байгаа болохоор авьяастай гэж хардаг. Гэхдээ авьяасыг хөдөлмөрөөр өнгөлж амжилтыг бүтээдэг. Дан ганц авьяастай л бол амжилт гаргахгүй. Зөв системтэй сургалт, бэлтгэл гээд олон зүйлээс шалтгаалж тамирчдын амжилт өгсөж урууддаг” хэмээсэн юм.
Гэр бүлээрээ шатрын спортод ууссан нь
Охидоо дагуулж, уралдаан тэмцээнд нь хөтлөн явдаг байсан Г.Даваахүү одоо Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч болж, энэ спортод гэр бүлээрээ уусан нэгдсэн. Тэрбээр 2015 онд Монголын шатрын холбооны ээлжит сонгуулиар удирдах зөвлөлийн гишүүн болж, Өсвөрийн шатарчдын эцэг эхийн зөвлөлийн даргаар сонгогдож, 2015 оноос хойш Монголд зохиогдсон уралдаан тэмцээнүүдэд зохион байгуулагчаар ажилладаг болов. Тодруулбал, 2015 онд Монголд болсон 16 хүртэлх насны өсвөрийн шатарчдын дэлхийн олимпиад, 2015 онд Грек Улсад зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд багийн ахлагчаар ажиллаж, 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2017 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд зохион байгуулагчаар ажиллаж иржээ. Оны дараахан л гэхэд “Пёнчан-2018” өвлийн олимпийн хүрээнд зохион байгуулсан Дэлхийн оюуны спортын их наадамд Монголын шатарчдын багийг ахлан амжилттай оролцож, хоёр төрөлд 29 медаль хүртсэн юм. Г.Даваахүү гурван охиноо шатартай нөхөрлүүлж, өөрөө энэ спортын төлөө зүтгэхээс гадна том хүү Д.Хосбаяраа ч гэсэн энэ спорт руу урвуулжээ. Одоогоор түүний том хүү шатрын спортын улсын шүүгч хийж байгаа. Тиймээс Г.Даваахүүгийнх хэмээх өнөр айлыг шатрын спортоос салгаж үзэх аргагүй, шатаргүйгээр түүний гэр бүлийг төсөөлөхөд бэрх юм.
Тэднийг шатарт “дурлуулаагүй”, харин тэд өөрсдөө “дурлаж”
Г.Даваахүү хэрвээ хүүхдүүдээ шатарт сонирхолтой болгох гэж байгаа бол дур сонирхолтой болгох нь чухал гэдгийг онцоллоо. хүүхэд чинь шатарт “дурлаж” л чадвал хүссэн хүсээгүй өөрөө энэ спортдоо цаг гаргадаг болно. Тиймээс албадалгүйгээр шатарт нь л дуртай болго. Харин энэ хүртэл хүүхэддээ урам хайрлаж, уйгагүй дэмжиж, сэтгэл, цаг заваа зориулах хэрэгтэйг онцлов. Урам өгөх нь чухлыг онцлоод “Шатрын спорт өөрөө оюуны хүнд спорт. Хожигдол нь хүүхдэд их хүнд тусдаг. Гэтэл дээрээс нь эцэг эх нь “Чамд өчнөөн мөнгө төгрөг, цаг зав зарцууллаа. Гэтэл чи амжилт гаргахгүй байна” гэвэл улам л хүнд болно. Тиймээс хүүхэддээ урам хайрлаж, сэтгэл зүйгээр тасралтгүй бэлтгэх нь чухал” хэмээсэн юм. Шатрын спортоор хүүхдүүдээ хичээллүүлснээр олон эерэг тал бий болсон талаар хуучлав. Тэрбээр саяхан бага охиныхоо багштай уулзтал өмнө нь хамгийн
түрүүнд даалгавраа хийгээд ангийнхантайгаа зэрэгцээд үзүүлдэг байсан бол одоо хийж дууссаныхаа дараа шалгаад суучихдаг, юманд их хянамгай болсон талаар хэлсэн. Мөн шатраар хичээллэснээр аливаа зүйлд анхаарлаа сайн төвлөрүүлж, тооцоолох чадвар нь хөгждөг. Маш сайн анхаарлаа төвлөрүүлэхийг бид хэлсэн хэлээгүй хожигдлоосоо үүнийг сайн ойлгодог. Анхааралгүй тоглож байгаад хожигдох нь хүүхдийн сэтгэлд маш тод үлддэг” гэв. Гэхдээ аливаа зүйл эерэг сөрөг талтайн адил шатраар хичээллүүлэх ч сөрөг талтайг тэрбээр онцолсон. Тэмцээн уралдаанд оролцохоор хичээл сургууль орхигдохоос гадна өөрийгөө илэрхийлэх чадвар дутмаг болдог, хөдөлгөөний дутагдалд ордог байна. Тиймээс шатраар хүүхдээ хичээллүүлэх гэж байгаа бол энэ бүгдийг ч гэсэн давхар тооцоолохыг зөвлөлөө. Мөн цаг зав гаргаж тархийг нь амрааж байх хэрэгтэйг сануулсан. Түүнээс охидоороо хэзээ хамгийн их бахархдаг талаар тодруулахад, “Охидоороо мэдээж бахархалгүй яахав. Гэхдээ үргэлж л мундаг байна, сайн байна гээд магтаад байхгүй. Өндөр зорилго тавьж чадсан болохоор энэ амжилтыг бүтээж чадсан гэдгийг үргэлж сануулдаг” хэмээв.
Өөрсдөөрөө үлгэрлэхийг хичээдэг
Г.Даваахүүгийн охидууд нь шатрын спортоор хичээллэдэг болоод ч тэр үү тун хүмүүжилтэй. Өдрийн талыг шахуу хамт өнгөрөөхөд нэг нь ч ухаалаг утастай “найзалсангүй” бас зурагт ширтэж суусангүй. Дүү нараа асрах нь асарч, ээжийнхээ гар хөлийн үзүүрт тусалж, зарим нь хичээлээ хийнэ. Түүний хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаас сонирхоход “Хүүхдүүддээ зааж сургахаасаа илүүтэй өөрсдөөрөө үлгэрлэхийг хичээдэг” гэсэн юм. Тэрбээр “Манай аав цэргийн хүн байсан. Өглөө бүр босоод гимнастик хийдэг байлаа. Гэхдээ “Намайг дагаад дасгал хий” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Гэтэл одоо би өглөө бүр 15-30 минутын дасгал хийдэг болсон. Ааваасаа үлгэр дууриалал авсан зүйлээ хэлсэн хэлээгүй амьдралынхаа нэг хэмнэл болгосон. Тиймээс л би хүүхдүүддээ зааж сургахаас илүүтэй үлгэрлэн харуулахыг хичээдэг болсон” хэмээсэн юм. Эцэг эхчүүдийн толгойны өвчин ухаалаг утаснаас хүүхдээ хэрхэн хол байлгаж талаар сонирхоход “Хүүхдээ битгий хэл өөрсдөө ч ухаалаг утаснаас хол байхад хэцүү болсон байна. Ухаалаг утас хортой, муу нөлөөтэй гээд ор тас хорихыг боддоггүй. Харин ашигтай зөв хэлбэрээр нь тодорхой цаг хугацаатай ашиглахыг зөвлөдөг. Тэмцээн уралдааны календар, удирдамж, программ, онлайн сургалт, тоглолтын анализ зэрэг байдаг учраас хүүхдээ гар утаснаас нэг мөсөн хол байлгаж болохгүй. Уяаг нь тааруулна гэдэг шиг л ханддаг гэх үү дээ. Хүүхдүүд маань ч гэсэн шатартаа илүү сонирхолтой болохоор утастай тэр болгон удаан нөхөрлөөд байдаггүй” гэсэн юм.
Хариуцлагатай албаны “онц дүнтэй” менежер
Охидын амжилтын салшгүй нэгэн хэсэг нь мэдээж ээж Н.Наранцэцэг. Өглөө бүхэн үрсийнхээ төлөө цай сүүнийхээ дээжийг өргөдөг тэрбээр гэр бүлийнхээ арыг бат даах үүргээ биелүүлэхээс гадна шатрын гэрийн багш, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Тэмцээн уралдаантай өглөө нь эртлэн босч, цай хоол унд, өмсөж зүүх хувцас гээд бүгдийг бэлтгэнэ. Үүнээс гадна эмээгийн албыг ч мөн давхар хашна. Амралтын өдөр зочлон очиход энэ гэр бүлийн өөр нэгэн чимэг нь яалт ч үгүй ач нарынх нь дуу хөөр, хүүхдийн инээд баясал байв. Том хүү Д.Хосбаяр нь аав, ээжийгээ хэдийнэ өвөө эмээ болгосон бөгөөд гурван хүү нэг охинтой гэнэ. Том ач нь хоёрдугаар анги бол хамгийн бага нь мэндлээд хэдхэн сар болж буй. Хүүхдийн хүмүүжил жижигхэн зүйлээс эхэлнэ хэмээх гэрийн эзэгтэй Н.Наранцэцэг “Манай хүүхдүүд газтай ундаа аль болох хэрэглэхгүй байхыг хичээдэг. Байгалийн сайхан жимсээ намартаа хураагаад жилийн дөрвөн улиралдаа хэрэглэчихдэг” гэсээр аньс, чацарганы шүүсээр дайлж, охидынхоо бахдам амжилтыг өгүүлэхийн зэрэгцээ тэмцээн дөхөхөд санааг нь хамгийн ихээр зовоодог зүйлийнхээ талаар ч хуучлав. Тэрбээр “Чаддаг бол охидоо жилийн турш зохиогдож буй бүх л олон улсын тэмцээн болгонд оролцуулмаар байдаг ч нэг тэмцээн дөхөөд ирэхээр одоо юугаа зарах билээ” гэж толгой өвддөг хэмээв. Дунд охин Д.Мөнхзул нь 2014 оноос Төрийн банкны элч тамирчин болсон тул тэмцээн уралдаанд нь тогтмол дэмжин бага ч гэсэн ачаанаас нь хөнгөлдөг тухай хэлэв. Мөн тэрбээр “Манай гэр бүлийн амжилт зөвхөн бидний амжилт биш юм. гэр бүлийг маань дэмждэг олон хүний хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Тусалж дэмждэг бүх хүмүүстээ гэр бүлийнхнийхээ өмнөөс маш их баярлаж байна. Үүнийг заавал оруулж өгөөрэй” хэмээсэн юм.
Охидоо мэргэжлийн шатарчин болгохыг хүсдэг ч ...
Охидоо мэргэжлийн шатарчин болгох эсэх талаар тодруулахад “Охид маань өөр өөрсдийн гэсэн хүсэл сонирхолтой. Хүсэл сонирхлыг нь нэн тэргүүнд тавина. Гурвуулаа шатарчин ч болж болно. Аль эсвэл эсрэгээрээ гурвуулаа ч орхиж болно. Өөр мэргэжилтэй болж, шатрын спортоо орхилоо гэхэд ор тас хөндийрнө гэж байхгүй. Яаж ч байсан шатраа орхихгүй нь мэдээж хэрэг. Гэхдээ би охидоо шатрын дэлхий аварга болно гэж итгэдэг. Энэ нь ганц надаас болоод миний охидын хичээл зүтгэлээс хамаарахгүй шүү дээ. Үгүй дээ л дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ л арай гэж оролцож, бусад олон улсын тэмцээнд оролцуулж чадахгүй байгаа тохиолдолд хүүхдээ мэргэжлийн шатарчин болгоно гэж хэлэхэд бэрх. Чансаа өндөртэй олон улсын тэмцээн бүрт оролцож байж хүүхдүүдийн чадвар чансаа нэмэгдэнэ. Гэтэл тэр бүх тэмцээнд оролцоод байх боломж алга шүү дээ. Анх би охидоо шатрын спортоор хичээллүүлэхдээ тив дэлхийд өрсөлдөх хэмжээний тамирчин болгоно гэж урам өгч эхлүүлсэн. Өөрсдөд нь ч хэлж байсан. Сэтгэлд нь багтааж чадсан болохоор өнөөдрийн энэ амжилтыг бүтээсэн байх аа” гэснээр бидний яриа өндөрлөв.
Харин охид ирэх сард болох Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болон энэ онд болох Ази, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцохоо амлан биднийг үдэв. Бид ч гэсэн бахархам амжилтаар эргэн уулзахыг ерөөж, бүтээсэн амжилтад нь “бялууран” тэднийхээс хөдөллөө.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин