Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэлтэй архины дон болон архи хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцлаа.
-Манай улсын насанд хүрэгчдийн архины хэрэглээ, архинд донтох байдал ямар төвшинд байгаа. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
-2019 онд хийсэн судалгаагаар зонхилон тохиолддог эмгэгт архинд донтох эмгэг орсон. Энэ судалгаагаар манай улсын насанд хүрэгчдийн дунд архинд донтох эмгэг 6.2 хувь байна гэж гарсан. Нэг үгээр, Монголд 93 мянган хүн архинд донтох эмгэгтэй байна гэсэн үг. Нийт насанд хүрэгчдийн тэр дундаа эрэгтэйчүүдийн 51 хувь нь архины хэтрүүлэн хэрэглээтэй байна. Манай төвд жилд 1800 хүн архинд донтох эмгэгээ хэвтэн эмчлүүлдэг. Жилд 3000-4000 хүн л ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэсэн бол 80 гаруй мянган хүн огт тусламж үйлчилгээ аваагүй явж байна. Архинд донтох эмгэг маш олон төрлийн өвчлөл үүсгэдэг. 60 гаруй өвчний эх үүсвэр, нас баралтын гол шалтгаан, зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтлийн шалтгаан болж байна. Тиймээс хуулиар архины онцгой албан татвараа нэмэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Онцгой албан татварын тухай хууль дээр гурван ялгаатай татвар авахаар хуульчилсан. 0-25 нь арай бага, 25-40 хувь нь дунд зэргийн татвар, 40-өөс дээш хувь нь өндөр татвар төлж байгаа. Гэтэл 37,38,39 градусаар үйлдвэрлэж байгаа цагаан архинд бага татвар төлсөн хэрнэ хүнд маш их хор хохирол үзүүлж байгаа. Тиймээс Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг өгсөн. Мөн Зар сурталчилгааны хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Зурагтаар дарс, пивыг маш ихээр сурталчилж байгаа. Харин Зар сурталчилгааны хуульд согтууруулах ундаа л гэж үзвэл үүнийг сурталчлахгүй байх саналыг эмч, мэргэжилтнүүд өгч байна. Архи гэдэг хоёр процентоос дээш спирт агуулсан бүх төрлийн ундааг хэлнэ гэж хуульд бий. Үүнийг нэг процент болгох хэрэгтэй. ДЭМБ, бусад улс орнуудад ийм байгаа. Архидан согтуурахтай тэмцэх ажлыг салбар дундын бодлогоор олон жил хийх ёстой. Ганц эрүүл мэндийн салбар архидан согтуурахтай тэмцэж чадахгүй.
-Архинд донтож байгаа хүмүүсийн нас хэд байна вэ. Залуус архинд их орж байна гэсэн хандлага сүүлийн үед бий болоод байгаа?
-Архинд донтох эмгэгтэй хүмүүс 20,29 жилээр буурсан гэсэн үзүүлэлт байдаг. Архинд донтох эрэгтэй хүмүүс 30-50 насныхан байдаг. 50-иас дээш болоод ирэхээр нас бардаг. Архи бол өвчлөл, нас баралтын гол шалтгаан болдог. Эмэгтэй хүн долоо хоногт 420 грамм, эрэгтэй хүн 630 граммаас илүү хэрэглэвэл архины хамааралтай гэж үздэг. Үүнд пиво, вино ч орно. Архи согтууруулах ундааны зохистой хэрэглээ гэж байхаа больчихсон. Аль болох согтууруулах ундаа хэрэглэхгүй амьдрах ёстой. Манай улсын хүн амын 49 хувь нь огт архи хэрэглэдэггүй гэдэг судалгаа байдаг.
-80 гаруй мянган хүн архинаас гаргах эмчилгээнд орж чадахгүй явж байна гэж байна. Ер нь архинд донтсон хүмүүс эмчлэгддэг үү. Архинаас гарч чадах уу?
-Эмчлэгдэх боломж бий. Архины эмчилгээний маш том хөтөлбөр байдаг. Жишээлбэл, 14 хоног хордлого тайлуулах, 21-28 хоногийн сэтгэл заслын эмчилгээ, долоо хоног тутмын бүлгийн сэтгэл засалд явна гээд 1.5-5 жилийн хугацаанд бүрэн эмчлэгддэг. Архинд донтох эмгэгтэй хүмүүсийг эмээр бус сэтгэл заслын хөтөлбөр, сургалтаар эмчилдэг дэлхий нийтийн стандарт байдаг. Таван жил хүртэлх хугацаанд тэр хүн архи уухгүй бол бүрэн эрүүлжсэн гэж үздэг. Энэ хугацаанд архи уувал халтирсан өвчин, дахисан гэж үздэг. Архи, мансууруулах бодисын эмгэг бол архаг сэтгэцийн эмгэгийг үүсгэдэг учраас маш урт хугацаа, зардал шаардлагатай эмчилгээ байдаг. Манай СЭМҮТ-д өөртөө туслах бүлэг ажилладаг. Зургаан эмч мэргэжилтэн, архинаас гарсан хоёр хүний нийгмийн ажилтан болгоод ажиллаж байгаа. Сүүлийн 4-5 жил 800 гаруй хүн архины асуудлаа бүрэн шийдэж, архинаас гарсан. Мөн Гэр бүл, хүүхэд хөгжлийн газарт өдөр бүхэн 09.30-15.00 цаг хүртэл манай сэтгэцийн эмч нэр, хаягийг нь асуулгүй, үнэгүй зөвлөгөө өгч байгаа. Учир нь хүмүүс нэрээ хэлэхээс санаа зовдог. Тиймээс архи, мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс нэр, хаягаа хэлэлгүйгээр зөвлөгөө авах бүрэн боломжтой.
-Өсвөр насны хүүхдүүд архи уудаг шүү дээ. Бага насандаа архи уух нь хүний тархи, сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хэзээ архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн түүгээр архинд донтох эмгэг, өвчний түүх эхэлсэн гэж үздэг. 30 удаа архи уусан хүн 10 удаа уусан хүнээс илүү архинд орж байна гэсэн үг. Тооноос шалтгаалаад тухайн хүний боловсрол мэргэжил, эдийн засгийн байдлаас шалтгаалахгүйгээр архи хэрэглээд байх тусам донтолт үүснэ.
-Архидан согтуурахтай тэмцэх хөтөлбөр гэж манайд байдаг уу?
-Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөлбөр зайлшгүй шаардлагатай байгаа. Мөн сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр зайлшгүй шаардлагатай байгаа. Болохгүй бол энэ хоёрыг нэгтгээд шинээр үндэсний хөтөлбөр хийхгүй бол бодлогогүй улс болчих гээд байгаа. Эрүүл мэндийн олон хөтөлбөр байдаг гэдэг. Гэтэл бид элэгний хавдар, ходоодны хавдар гэдгийг л яриад, тэмцээд байна. Эдгээр өвчнийг бий болгож байгаа нь архи, тамхи, мансуурал байгаа.