Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Танилц: Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, үйлчилгээ

Танилц: Эрүүл мэндийн салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ, үйлчилгээ
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 5
Манай улсын эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээ жилээс жилд сайжирч байна. Өндөр өртгөөр гадаад улсад хийгддэг эмчилгээг эмч мэргэжилтнүүд эх орондоо хийдэг болсноор иргэд цаг хугацаа алдалгүй, эдийн засгийн дарамтгүйгээр үйлчилгээ авах томоохон боломж бүрддэг. Энэ долоо хоногт эрүүл мэндийн салбарт дараах эмчилгээ, үйлчилгээ шинээр нэвтэрсэн байна.
Монголд анх удаа “Шагайн хиймэл үе солих” мэс заслыг нэвтрүүлэв
-Энэхүү мэс заслыг ГССҮТ-ийн насанд хүрэгсдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Г.Бадамгарав, Ш.Баасансүрэн, Ц.Батбаяр нараар ахлуулсаан мэс заслын баг хамт олон БНСУ-ын Йонсей Гунвоо эмнэлгийн захирал болон эмч мэргэжилтнүүдтэй хамтран эх орондоо анх удаа шагайн үений хүнд хэлбэрийн артроз өөрчлөлтийн үед хиймэл үе суулгах мэс засал эмчилгээг ажилттай нэвтрүүлжэээ. Тус орчин үеийн дэвшилтэт мэс засал эмчилгээг өөрийн оронд нутагшуулснаар шагайн үеийн артрозоор шаналж буй олон хүмүүст өвдөлт зовууриасаа салах, амьдралын чанарыг сайжруулах боломж олгож байгаа юм.
Нуруу нугасны хавдар, тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын үеийн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлжээ
-Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь төрөлжсөн нарийн мэргэжлийн лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлж ажилладаг билээ. Тэгвэл Мэдрэлийн мэс заслын тасаг нь сүүлийн жилүүдэд мэдрэлийн мэс заслын тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна нуруу нугасны анхдагч болон үсэрхийлсэн хавдрыг авах мэс засал,  тархины анхдагч болон үсэрхийлсэн хавдрын мэс заслыг хийж эхлүүлсэн байна. Тус эмнэлэг нь 3 tesla MRI, 128 зүслэгтэй комьпютер томографи, pet scan зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг эмчилгээ, оношилгоондоо хэрэглэж байна. Эдгээр тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар хавдрыг эрт оношлох, бүрэн эмчлэх боломжтой болжээ. 
Орхон аймаг  хөдөө орон нутагт хийгддэггүй 20 орчим мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ
-Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтэл, согог заслын тасгийн хамт олон 20 орчим төрлийн мэс заслыг орон нутагт шинээр нэвтрүүлэн жилдээ 1000 орчим мэс заслыг тогтмол хийж, бүс нутгийн хэмжээнд гэмтэл, согог заслын тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын түвшинд үзүүлж байна.  Ташрамд дурдахад тус тасаг нь 2010-2012 оны хооронд гурван жил дараалан Швейцарь улсын гэмтэл, согог заслын мэс заслын  болон мэдээгүйжүүлгийн багийн эмч нар Орхон аймагт ажилласан үеэс гэмтэл, согог заслын мэс эрчимтэй хөгжиж эхэлсэн байна. 2012 оноос бүх төрлийн мөчдийн хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар бэхлэх хөнөөл багатай мэс заслуудыг хийж эхэлсэн ба одоо бүрэн нутагшсан, мөчдийн далд хугарлуудын 90 орчим хувьд хийгдэж байна. 2013 оноос БНСУ-ын эмч нартай хамтарч өвдөг, түнхний үе солих мэс засал хийж эхэлсэн  ба 2016 оноос өөрсдөө бие дааж хийж эхэлсэн. Жилд 60 орчим хүнд өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийж байна. Цаашид орчин үеийн шинжлэх ухааны техник технологийн дэвшилд тулгуурлан стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн