Энэ жил Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ утгаараа улсын үр тариалалтын 50-60 хувийг дангаараа хангадаг, гол бүс нутаг болох Сэлэнгэ аймагт өрнөж буй бүтээн байгуулалт, тариалалт, ургац, мал төллөлт зэрэг өргөн сэдвийн хүрээнд тус аймгийн засаг дарга Ш.Оргилтой ярилцлаа.
-Улсын үр тариалалтын дийлэнхийг хангадаг Сэлэнгэ аймгийн хувьд энэ жил их онцлогтой жил болж байна. Атрын 60 жилийн хүрээнд аймгийн хэмжээнд бэлтгэл ажил хэр байна вэ?
-Сэлэнгэ аймаг энэ жилийг “Бүтээн байгуулалт өрхийн аж ахуй”-н жил болгон зарласан. Тухайлбал, иргэдийг өрхийн үйлдвэрлэл буюу жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь орон нутгийн зүгээс дэмжин ажиллаж байна. Жишээ нь, 500 соорт газар тариалалт эрхэлдэг иргэнд хүнсний ногоогоо нэмж тарих, түүнийгээ боловсруулах, хадгалах зэрэг тулгамдсан асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлж байна. Бид Цагаан сараас хойш бүх ажлыг Атрын 60 жилтэйгээ холбон явуулж байна. Одоогоор хүлээгдэж буй ажил гэвэл, Сэлэнгэ аймгийнхаа наадмыг улсын аварга арслан заанууд элбэгтэй, газар газрын хурдан морьд, мэргэн харваачид цугласан өргөн дэлгэр хийхээр төлөвлөөд байна.
-Улсын төсвөөр болон аймаг орон нутгийн засаг захиргаа, хувь компаниудын хөрөнгө оруулалтаар ямар бүтээн байгуулалтууд хийгдэж байна вэ?
-Улсын төсвөөр болон аймгийн хөрөнгө оруулалтаар олон тэрбум төгрөгийн ажлууд Сэлэнгэ аймагт хийгдэж байна. Жишээ нь, Сэлэнгэ аймгийн Мандал сум руу 22 км засмал зам тавих, замын мөнгө шийдэгдсэн. Одоо тендер нь зарлагдсан явж байна. Мөн Сэлэнгэчүүдийн маань гаднын зочид төлөөлөгчдийг зочлуулж, сонирхуулах дуртай Сайханы хөтөл рүү найман км хатуу хучилт засмал зам шинээр тавигдаж байна. Үүнтэйгээ уялдуулаад Монгол Улсад анх удаа 70 метрийн урт, 30 метрийн өндөр шилэн тавцантай гүүрийг Сайханы хөтлийнхөө хоёр өндөр хавцал дээгүүр барина. Алтанбулагийн хил маань 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай болсон. Иймээс бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлж, Сэлэнгэ аймаг аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Шилэн тавцантай гүүрийг Сэлэнгэ аймагт үйл ажиллагаагаа явуулж буй томоохон компаниуд нийгмийн хариуцлагын хүрээндээ Сэлэнгэ аймгийн Тамгын газартай хамтарсан хөрөнгө оруулалтаар хийж байна.
-Тариалалтын үйл явц хэдэн хувьтай байна?
-Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн 17 сумын 16 нь газар тариалангийн бүс нутагт тооцогддог. Сүхбаатар сум маань хуучин хотын статустай байсан болохоор жижиг газартай. Бусад суманд бол тариалалт жигд явагдаж байна. Монгол Улсынхаа үр тарианы 50-60 хувийг дангаараа хангадаг. Атрын 60 жилээ өндөр их ургацтай, угтахын тулд иргэн бүр чармайж, ажиллаж байна. Мөн хадгалалт сайтай, амт чанартай, хурдан болдог “Сэлэнгэ-V” гэх соортын төмсийг Улсын аварга “Элит үр” гэх компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад, зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөөд, нутгийн брэнд болгохоор төлөвлөж байна.
-Сэлэнгэ аймгийн хувьд газар тариалангийн бүс нутаг болохоор бэлчээрийн мал аж ахуйг хэрхэн зохицуулж байна вэ. Малын хөлд тариа талхлагдах эрсдэлтэй юу?
-Газар тариалангийн бүс нутаг гэдэг нь эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан явж байна гэсэн үг. Энэ бол нэг жилийн дотор шийдэх асуудал биш. Магадгүй 5, 10 жилийн дараа малчид тариаланчид маань хоорондоо зохицож байж, бэлчээрийн мал аж ахуй Сэлэнгэ аймагт байхгүй болно. Ингэхээр малчид тариаланчид хоорондоо нэгэндээ тэжээлээ тавьж өгөөд, хоорондоо хэрхэн хамтарч ажиллаж байна вэ гэдгээс шалтгаална. Жишээ нь, арван үхрийг фермерийн хэлбэрээр эрчимжүүлээд явах нь зуун үхэр хариулснаас илүү үр шимтэй байна. Засгийн газар ч гэсэн маш нарийн дүрэм журмыг нь бас баталж өгөх хэрэгтэй байгаа юм.
-Малын хөлийн татвартай болох тухай иргэдийн хурлаас шийдвэр гарсан гэсэн. Энэ асуудал хэрэгжиж байна уу?
-Малчид биш мал бүхий гэж ярихаараа Сүхбаатар хот дотор таван үхэртэй хамаарагдаж буй иргэд ч хамаарна. Сэлэнгэ аймгийн малын бэлчээрийн даац нь гурав дахин ихэссэн. Таван зуун мянган хонин толгойд тоолуулах ёстой байтал сая зургаан зуун мянгыг Сэлэнгэ аймаг тоолуулаа. Ингэхээр бэлчээр байхгүй болох эрсдэлтэй. Бэлчээр хомсдоод ирэхээр мал тариан талбай руу орчихдог. Энэ нь аль алиндаа хэцүү.
-Сэлэнгэ аймагт тариа буудай хадгалах нөөц газар хэр их байна?
-Хөдөө аж ахуйн яамнаас болон компаниуд өөрсдөө авч байна. Хадгалалтын тал дээр манай аймагт ямар ч асуудал байхгүй. Том том аж ахуй нэгжүүд өөрсдөө савтай.
-Ер нь тариа буудай, хүнсний ногоогоо худалдаалахад ямар асуудлууд ихэвчлэн тулгамддаг вэ?
-Хүнсний ногооны хувьд ченжүүдийн гарт орчхоод байна. Хавар тарьдаг, намар яг болоод хураагаад авахаар сургууль цэцэрлэг нь эхэлчихдэг. Хүүхдээ сургуульд явуулна, сургалтын төлбөр, очоод хоол унд, замын зардал гээд маш их мөнгө хэрэгтэй болдог учраас иргэд маань 10, 20, 50 төгрөгөөр нь буулгаад, нэг нэгнээсээ өрсөөд зардаг. Ингээд өрхийн үйлдвэрлэл гэдэг зүйл маань хөгжихгүй байгаа юм. Үүнийг бид олж хараад ядаж намар хурааж аваад тодорхой хэмжээний 10 тонн төмс хураасан бол бага зэргийг нь ченжид өгч, ажил амьдралаа залгуулаад, үлдсэнийг нь зоориндоо хадгалахад өвөл нь 1000 төгрөг болно. Ингээд хэдэн төгрөг өсгөөд зарвал хэрэгтэй. Тэгэхээр үүнийг л ченжүүдийг харахгүйгээр зардаг болмоор байна.