Open iToim app
Спорт | 3 мин уншина

Клей Томпсон: Эд баялаг хувь хүний мөн чанараас хэзээ ч илүү гардаггүй

Клей Томпсон: Эд баялаг  хувь хүний мөн чанараас хэзээ ч илүү гардаггүй
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 10
НБА-ын гурван удаагийн аварга, таван удаагийн бүх одын тоглогч Клей Томпсон өнгөрөгч зун Голден Стейт Уорриорс багтайгаа таван жилийн 190 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ. Түүнд болон Голдег Стейт Уорриорс багт сүүлийн хагас жил гаруйн хугацаанд байж болох хамгийн муу зүйлс тохиолдсон.
Тэрээр өнгөрсөн улирлын финалын зургаа дахь тоглолтын гуравдугаар үеийн төгсгөлд “ACL” буюу өвдөгний чагтан шөрмөсөө гэмтээснээр энэ улирлыг өнжихөөс өөр аргагүй болсон юм. Баг нь финалд “4:2”-ын харьцаатай Торонто Репторс багт хожигдсон бөгөөд түүний хувьд бэртлээс илүү муу мэдээ бол бүх Америкийн багт нэрлэгдэж чадаагүй явдал байсан юм. Учир нь бүх цаг үеийн хамгийн шилдэг шидэгчдийн нэг тэрээр өнгөрсөн улиралд бүх америкийн аль нэг багт нэрлэгдсэн тохиолдолд багтайгаа таван жилийн 220 сая ам.долларын супермакс гэрээ байгуулах боломж бүрдэх байв. Хүнд бэртлийн дараагаар тэрээр 30 сая ам.долларын боломжит цалингаа алдсан юм.
Клей сагсан бөмбөгөөс хөндийрсөн нэг жилийн хугацаанд шинэ зүйлсийг туршиж, сагсан бөмбөгийн муугүй тайлбарлагч болох ирээдүйтэй гэдгээ харуулаад авсан. Тэрээр 2011 онд анх лигт хөл тавьснаасаа хойш анх удаа урт хугацаанд сагсан бөмбөгөөс хөндийрөөд буй. Ямар ч тамирчин ийм хүнд бэртлийн дараагаар сэтгэл санааны хувьд нэлээдгүй хүнд сорилттой тулгардаг. Харин тэрээр завтай байгаа энэ хугацаандаа өөрийн амьдралыг эргэцүүлэн бодож, багагүй үр дүнтэй өнгөрүүлж байгаа бололтой. Клей саяхан “Kneading Dough” буюу зуурсан гурил гэх нэгэн подкаст ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрийн амьдралдаа хийсэн хамгийн том алдааг хуваалцаж, түүнийгээ яаж засаж залруулсан талаараа хуваалцсан байна.
Тэрээр “Би амьдралдаа зарим алдаа гаргасан. Ялангуяа хувцасны асуудал дээр. Би мөнгөтэй болоод нэг л мэдэхэд шүүгээ дүүрэн хувцас худалдан авсан. Тэгсэн хэрнэ тэр их хувцасныхаа ердөө тав хүрэхгүй хувийг өмсдөг. Одоо энэ их илүүдэл хувцсаа хараад юу хийхээ ч сайн мэдэхгүй л байна” гэжээ. Одоо тэрээр өөрт хэрэггүй зүйлсээ их хэмжээгээр цуглуулдаг үрэлгэн амьдралдаа цэг тавьж, НБА-ын хувцас загварын ертөнцөд өөр өнгө авчрах ухаалаг худалдан авалтуудыг хийх аж. НБА-ын тоглогчдын дийлэнх нь талбайн гадуурх амьдрал болон өөрсдийгөө гоёход асар их хөрөнгийг зарцуулдаг.
Клей ярилцлагын үеэр “Эцэст нь би мөнгө хүнийг аз жаргалтай болгодог зүйл биш юм байна гэдгийг ойлгосон” гэсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн хэдий 190 сая ам.долларын чек хүлээн авахад сайхан байсан ч коллежид байхаасаа сар бүр 1100 ам.долларын тэтгэмжтэй хангалуун амьдарч эхэлсэн талаараа ярьсан юм. Залуу Клей Вашингтоны их сургуульд суралцаж эхлээд анхны тэтгэлгээрээ өөртөө пүүл бильярдын ширээ авч байсан нь одоо хэрнэ түүний гэрт байдаг аж. Харин НБА-ын замнал нь түүнийг саятан, ялагч нэгэн болгосон билээ. Өдгөө 29 настай тэрээр энэ хүртлэх замналдаа “эд баялаг бол хувь хүний мөн чанараас хэзээ ч илүү гардаггүй” гэдгийг олгосон гэж ярьсан бөгөөд “хэрвээ чиний амьдралыг үнэнч шударга сайхан харилцаа болон туршлага хүрээлж буй бол үүнийг үнэлэхийн аргагүй. Нөхөрлөл, үнэнч шударга байдал бол надад ямар ч үнэтэй байшин, машинаас илүү үнэ цэнэтэй” гэжээ.
“Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын 2019 оны жагсаалтад Клей Томпсоны жилийн орлогыг 34.3 сая ам.доллар гэсэн байна. Дашрамд дурдахад түүний багийн анд, бүх од тоглогч Дреймонд Грийн санхүүгийн хувьд өөрийн амьдралдаа хийсэн хамгийн тэнэг алдааг нэг шөнийн дотор шөнийн клубт 21.000 ам.доллар үрсэн явдал гэж байв. Өдгөө 29 настай Грийн ч гэсэн багийн андынхаа адил санхүүгийн сахилгатай баттай байж 40 хүрэхээсээ өмнө тэрбумтан болох зорилгыг өөртөө тавьжээ. Тэрээр өнгөрөгч наймдугаар сард Голден Стейт Уоррорс багтайгаа дөрвөн жилийн 100 сая ам.долларын гэрээ байгуулсан билээ.
Энэ бүхнээс харахад өнөөгийн НБА-д доминанс тогтоосон Голден Стейт Уоррорсын хөвгүүд нас ахихын хэрээр хариуцлагаа илүү ухамсарлаж, жинхэнэ эрчүүд болж байгаа аж. 
Эх сурвалж: CNBC 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн