Open iToim app

Жим Моррисон: Бодит амьдрал бол чамтай хамт амьдардаг хүмүүс

Жим Моррисон: Бодит амьдрал бол чамтай хамт амьдардаг хүмүүс
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 30
Психоделик рок, эйсид рок хөгжмийн хамгийн том төлөөлөгчдийн нэг болох АНУ-ын алдарт “The Doors” хамтлаг ердөө наймхан жилийн хугацаанд уран бүтээл туурвисан байдаг. Хэдий тэд богино хугацаанд рок хөгжмийн ноён оргилд хүрээд алга болсон ч хүн төрөлхтний дуу хөгжмийн урын санд ахин хэзээ ч давтагдашгүй тэр л хэв маягаараа үүрд үлджээ. Хэрэв тэд үүнээс удаан хугацаанд тоглосон бол Битлз, Роллинг Стоунз, Пинк Флойд, Лед Зеппелин нартай адил амжилтад хүрэх байсан гэж хөгжмийн салбарын олон ч мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр санал нийлдэг. Гэсэн ч тэдний алдар нэр рок хөгжмийн түүхэнд алтан үсгээр тодоос тод тэмдэглэгдэн үлджээ.  
Уг хамтлагийн амжилт гоцлол дуучин, дуу зохиогч, яруу найрагч Жим Моррисонтой салшгүй холбоотой. Түүний түүх ч гайхалтай. Харамсалтай нь тэрээр 1971 онд ердөө 27 насандаа буюу уран бүтээлийнхээ хамгийн оргил үедээ Францын нийслэл Парис хотод түрээсэлж байсан байрныхаа ариун цэврийн өрөөнд нас барсан байдалтай олдсон юм. Цагдаагийн газрын албан ёсны дүгнэлтээр түүний үхлийн шалтгааныг гэнэт зүрх нь зогссон гэж тэмдэглэжээ. Гэвч өнөөг хэрнэ түүний үхэл улс төрийн захиалгат аллага байсан гэх хардлага хүчтэй хэвээр байна.
Жим Моррисоныг бүх цаг үеийн хамгийн агуу рок хөгжмийн дуу зохиогч, яруу найрагчаар тодорхойлдог. Хэдий түүний хувийн амьдрал хэт замбараагүй байсан ч уран бүтээлээрээ дамжуулан тухайн үеийн нийгэмдээ асар хүчтэйгээр нөлөөлж чаддаг байв. Тэрээр эрх чөлөө, тэр дундаа оюун санааны эрх чөлөөний дуу хоолой болж барууны залууст хамгийн хүчтэй нөлөөг үзүүлж чадсан. Хожим түүний амьдралыг үзэх үзэл, философид нь хүчтэй татагдсан Стив Жобс, “N.W.A” тэргүүтэй хувь хүн, уран бүтээлчид дэлхийг өөрчлөх, тухайн үеийн нийгэмдээ хүчтэй нөлөөлөхүйц олон гайхалтай зүйлийг бүтээжээ.  
Тиймээс энэ удаагийн дэлхийг өөрчлөгч эрхмүүд цувралдаа Жим Доуглас Моррисоныг онцолж амьдралынх нь сүүлийн ярилцлагыг эмхтгэн хүргэж байна. Тэрээр 1970 оны зургадугаар сард Канадын “CBC” телевизийн хөтлөгч Тони Томастай сүүлийн ярилцлагаа хийсэн юм. Та бүхэн уг ярилцлагаас түүний өвөрмөц гэмээр амьдралыг харах өнцөг, философийн өргөн мэдлэг болон тухайн үеийн нийгэм, залуусын амьдралын хэв маягийн талаар тодорхой хэмжээний ойлголтыг олж харж болох юм.
- они Томас (ТТ): Жим өнөөгийн залуус юуг шүтдэг юм бэ. Тэд ер нь юунд итгэдэг гэж чи боддог вэ. Тэд юунд найддаг вэ?
-Жим Моррисон (ЖМ): Би залуу хүн бүрийн дотор орж үзээгүй учир ийм тийм гэж хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би залуу хүн бүрийг амьдралдаа тохиолдсон хором мөч бүрээс аж жаргал, таашаал авдаг гэж найдаж байна. Өнөөдөр бидний зөвхөн энэ ертөнцөд оршин байгаа нь л хангалттай байх. Гэвч залуу хүмүүсийн хувьд өөрийгөө олох, мөн чанараа таних эрх чөлөөтэй байна гэдэг л чухал.
-ТТ: Мэдээж насны зөрүү хувь хүний хандлагад нөлөөлж, ойлголтын зөрүү үүсгэдэг. Гэтэл өнөөгийн залууст энэ зөрүү асар их мэдрэгдэж байна. Тэдэнтэй ярилцахад заримдаа бүүр ямар ч зай байхгүй ор хоосон ан цав гарсан мэт байх болжээ. Эсвэл тэд биднээс огт өөрөөр сэтгэдэг байх. Энэ талаар чи юу гэж боддог вэ?
-ЖМ: Тэгэхээр энэ үзэгдэл нь социологийн хатуу үндэс байж болно. Залуусын дунд ойлголтын зөрүүтэй байдал үүсэж байгаа нь хүн амын дунд залуучууд дийлэнх болсонтой холбоотой байж болох юм. Дэлхийн II дайнаас хойш маш олон хүүхэд төрсөн. Өнөөдөр л гэхэд АНУ-ын хүн амын бараг талаас илүү хувь нь 18-аас доош насныхан байна шүү дээ.
-ТТ: Улс төр, философийн шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл өнөөгийн залуус хөгжил дэвшил, улс орнуудын өдийг хүртэл явж ирсэн тогтолцоо болон ёс суртахууны хэм хэмжүүрийн талаар маш тодорхой ойлголттой байна шүү дээ?
-ЖМ: Намайг ахлах сургууль болон коллежид сурч байхад залуус нийгэмд ямар ч үнэ цэнэгүй байна. Бидний дуу хоолойг хэн ч сонсохгүй байна гэх зэрэг өнөөдөр хаа сайгүй сонсогдох болсон тэмцлүүд дөнгөж эхэлж байсан юм. Өнгөрсөн таван жилийн дотор болж өрнөсөн үйл явдлуудаас харахад өнөөдөр залуучууд хэдхэн цөөн тооны эрх мэдэлтэй хүмүүс улс орнуудын хүчийг өөрсдөдөө төвлөрүүлж, нийгэмд нөлөөгөө тогтоодог байдлаас ангид байхыг хүсэж байгаа нь тод ажиглагддаг. Энэ бол гайхалтай хэрэг юм.
-ТТ: Та иймэрхүү тэмцэлд их идэвхтэй оролцдог хүмүүсийн нэг. Гайхмаар нь Канадад л гэхэд Вашингтоны засаг захиргааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг, таныг дэмждэг маш олон бүлэглэл, цугларах байрууд байдаг?    
-ЖМ: Энэ намайг ч гэсэн их гайхшруулсан. Түрүүн хэлсэнчлэн өнөөгийн нийгэмд залуусын ямар ч нөлөөлөл, оролцоо байхгүй. Үүнийг нь зохион байгуулалттайгаар хааж боодог. Хэрвээ түүх сөхөөд үзэх юм бол хүн төрөлхтний түүхэнд болсон бараг бүх хувьсгалууд оюутан залуусын тэмцлээр эхэлсэн болох нь тодорхой харагдана. Дараа нь ажилчин ангид халдварлаж нийгмийг бүхэлд нь хамардаг. Би энэ үгээрээ залуусыг ямар нэгэн зүйлд өдөөн турхираагүй шүү. Гэхдээ үүнээс гадна манай улсад хувьсгалын өгөгдөл, шинж тэмдгүүд эхнээсээ бүрдээд эхэлчихсэн гэж би боддог.
-ТТ: Амьдралын хэв маяг улам хялбар болсоор байна. Танай үеийнхэн компьютержсон, хүний оролцоогүй процесс их хийгддэг нийгэм рүү чиглэж байгаа. Энэ нь намайг заримдаа их айлгадаг. Чи энэ талаар юу гэж боддог вэ?
-ЖМ: Энэ чиг хандлага бол үйлдвэржилт, технологийн хөгжлийн ололт. Мэдээж компьютержсон нийгэм байснаар бидний өмнө нь огт шийдэж чаддаггүй байсан олон асуудлыг нэг тийш нь болгож чадах байх. Ирээдүйд хүмүүс үүний сайн нөлөөг харж эхэлмэгцээ маш ихээр технологижсон нийгэмд амьдарч эхлэх нь гарцаагүй. Тиймээс үүнийг буцаах ямар ч боломж байхгүй л болов уу. Нэг тийм шинэ төрлийн технологижсон нийгэмд л хүмүүс дасан зохицож амьдрах хэрэг гарах байх.
Технологийн дэвшил асуудлыг шийдэх замаар хүмүүсийг хооронд нь тусгаарлаж эхэлдэг. Итгэхгүй бол өнгөрсөн зуунаас эхлээд өнөөдрийг хүртэл бий болгосон зүйлс бидний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар бодоод үзээрэй. Миний бодлоор компьютержсон нийгмийн нөлөө нь ирээдүйд илүү олон бие даасан тусдаа хүмүүсийг бий болгож биднийг нийгмийн амьдралын хамгийн анхдагч төлөв байдалд маань аваачих байх. Харин үүний сайн мууг хэлж мэдэхгүй юм.
Гэхдээ хүмүүс хиппи хэв маягаар амьдрах замыг сонгож болно шүү дээ. Энэ бол гайхалтай амьдралын хэв маяг. Манай улсыг оролцуулаад ийм нийгмийн зохион байгуулалт дэлхийн аль ч оронд байхгүй. Гэхдээ үүнийг бий болгож болно.
Ингэснээр хүмүүс илүү амар амгалан, аз жаргалтай амьдарч чадна. Учир нь таны амьдрал ямар ч банкны зээл, цалин, хэн нэг хүчтэй улс төрчийн шийдвэр, валютын ханш өсөх, газрын тосны гарц багасах зэргээс огт шалтгаалахгүй. Та зөвхөн өөрийн хэрэгцээгээ хангаад, илүү гарснаа өөрт байхгүй зүйлээрээ бусадтай хуваалцаад явахад л болно. Ингэх нь хүмүүст гэр бүл хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх цаг олгоно, байгаль орчинд ч тустай.  
Хүн төрөлхтөн, ялангуяа бидний эцэг эх, өвөө эмээ нар дайн гэдэг ямар хор хөнөөлтэй, аймшигтай зүйл болохыг мэднэ. Чамд мөнгө л байвал хангалттай, чи бүхнийг хийж, авч болно гэдэг нийгмийг бүтээн байгуулахын тулд хүмүүс маш их зүйлийг золиосолсон. Харамсалтай нь одоо хэрнэ хүмүүс үнэхээр юу болоод байгаад бус өөрт харагдаж байгаадаа л илүү анхаардаг.  
-ТТ: Жим чиний нэг яруу найргийн номонд эр хүний үзэл бодол, аливаа асуудалд хандах хандлага, тодорхойлж буй өнцөг нь нийгмийг чиглүүлэгч гол хүч байх ёстой гэсэн мөр байна. Нийгэм анх бүрэлдэн тогтсон үеэс эхлэн нийгэмд эзлэх эрчүүдийн байр суурь угаасаа ийм байсан биш гэж үү?
-ЖМ: Ийм байх ёстой юм. Гэвч, чи сайн мэднэ дээ. Өнөөдөр олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг хийж байгаа.  
Үнэндээ би тэр номоороо өнөөдөр ихэнх хүмүүс ямар ч итгэл найдвар, хүсэл тэмүүлэлгүй, арга ядсан амьдарч буй талаарх фактыг хөндсөн юм. Хүмүүст өнөөдөр өөрийн хувь заяагаа жолоодох боломж бүрэн байгаа юу. Үгүй. Нэг л олдох хүний амьдралд энэ дэндүү гунигтай. Бид өнөөдөр маш эрх мэдэлтэй, цөөн хэдэн бүлэг хүмүүсийн бий болгосон системд уусан амьдарч байна. Тэд улс төр, бизнесээр дамжуулж бидний үр хүүхдүүд амьдрах нийгмийг загварчилсан.
Чи сонгуульд санал өгч хэн нэгэн улс төрчийг өөрийнхөө өмнөөс ажлуулах гэж, шийдвэр гаргуулах гэж сонгодог. Гэтэл засгийн газрууд чиний ямар ч оролцоогүйгээр асуудлуудыг шийддэг. Ингэж хэлбэл илүү тодорхой болж байна уу.
Бид ямар өрөвдмөөр амьдарч байгаа болохоо ч олж хардаггүй. Тэд хүмүүсийн оюун санааг элдэв суртал ухуулга, гоё чамин зүйлсээр хайрцагладаг. Өөрсдөдөө зориулсан хий дэмий итгэл найдвараар сэтгэл зүрхийг дүүргэдэг. Би хэнээс ч илүү кинонд хайртай. Би кино найруулагч мэргэжилтэй. Заримдаа би кино үзэж байгаа ингэж боддог юм. Жишээ нь надтай ижил сая сая хүн энэ киног дэлхийн өнцөг булан бүрд үзэж суугаа. Тэд орой бүр л зурагтынхаа өмнө хэдэн цагаар суудаг. Харин дэлгэцээр юу гаргаж, юу үзүүлэх, түүгээрээ дамжуулж хаашаа чиглүүлэх вэ гэдэг нь тодорхой хүмүүсийн эрх ашиг. Тэгээд хэчнээн олон хүн тэрийг нь үзээд бодит байдлыг хоёр, гурван дамжлагаар угаасан зүйл гэдгийг нь олж хардаг бол гэж.
Бодит амьдрал бол чамтай хамт амьдардаг хүмүүс, гэр бүл, танай байр байдаг гудамж, тэр дүүрэг юм. Түүнээс Жим Моррисон, Ричард Никсон биш. Энэ бол сэрүүн зүүд.
Харамсалтай нь ихэнх нь тайзан дээр байгаа, чамд харуулахыг хүссэн зүйлийг л жинхэнэ амьдрал гэж ойлгодог. Тэгээд л хүмүүс сохор мэт ямар нэг зүйлийн хойноос мөнгөтэй хүмүүсийг илүү баян, эрх мэдэлтэй хүмүүсийг хаан болгохоор бүх насаараа хөдөлмөрлөдөг. Үүнийг л олж харах ёстой өрхийн тэргүүнүүдийг цөөн хэдэн хүн хонь мэт хариулдаг юм.        
Хамгийн зэвүүцмээр факт нь хэрэв хэн нэгэн эсвэл бүлэг хүмүүс дуулгавартай хонь байхыг хүсэхгүй бол шударга бус замаар асуудалд ханддаг. Өөрсдийн бий болгосон хуулийн тогтолцоогоор далайлгадаг. Надад энэ хамаагүй л дээ. Гэхдээ өнөөдөр бүх бүр л ийм номхон амьдралд дөнгөлүүлчихээд байна шүү дээ. Тиймээс үүнийг зүгээр хараад өнгөрч чадахгүй.
-ТТ: Ирээдүйд юу болох бол?
-ЖМ: Энэ бүхнээс харахад поп хөгжим ирэх хэдэн арван жилд ноёлох байх. Нээрээ шүү. Яагаад гэвэл хүмүүсийг нэгтгэх, сатааруулах шинэ зүйл хэрэгтэй болоод байна. Рок хөгжим үүнийг хийж чадах өндөр итгэл хүлээж байсан ч буруугаар эргэсэн. Одоо бүгдээрээ л уналтад орсон. Урлаг маш хүчтэй зүйл гэдгийг мэдэх үү. Урлагийн хүч гэдэг бол бусдад нөлөөлөх явдал. Алдартай болж хэн нэгний бизнесийг сурталчилж нөлөөлнө гэж бодож байвал том эндүүрэл. Төөрсөн хүмүүсийг замчилж, нүдээ боолгосон хүмүүст бодит үнэнийг харуулах нөлөө юм.  Урлаг, хөгжим гэдэг бол гайхалтай зүйл. Гэхдээ заавал тайзан дээр байх албагүй.
Хаалганы наана, цаана чиний мэдэх, мэдэхгүй хоёр ертөнц оршин байдаг. (Жим Моррисон)
Эх сурвалж: Rutazurra
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн