Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгож ажиллах үүрэг чиглэлийг өгсөн. ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаад Засгийн газрын авто бааз, улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагааг өөрчилж, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд оруулж шийдвэрлүүллээ. Засгийн газрын авто бааз, төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэл, 210 орчим ажилтан албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байсан. Жилд улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авч байсныг 100 авто машинтай, 105 ажилтан албан хаагчтай, аж ахуйн тооцоот газар болгож, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчиллөө. Засгийн газрын авто бааз нь Улаанбаатар хотод авто машины дуудлагын үйлчилгээ үзүүлнэ. Орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. Төрийн нарийн бичгийн даргаас доош албан тушаалтан албан хэрэгцээндээ авто машин хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Нэг албан тушаалтан сард 100-200 мянган төгрөгийн дуудлагын авто машин хэрэглэнэ. Ингэснээр авто машинд зарцуулдаг төрийн зардлыг 90 орчим хувиар бууруулна. Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор 250 авто машиныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хураан, төвлөрүүлсэн. Ойрын хугацаанд нийт 250 авто машиныг хураан төвлөрүүлнэ. Энэ машинуудыг авто машин хэрэглэх зайлшгүй шаардлагатай эмнэлэг, онцгой, цагдаа, Хил хамгаалах ерөнхий, гааль зэрэг байгууллагуудад тарааж өгнө. Үүнээс элэгдэл хорогдолтой авто машиныг дуудлага худалдаанд оруулсан. Нийт 23 машиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулснаас 370 орчим сая төгрөгийг төвлөрүүлсэн байна. Орон нутгийн өмчит байгууллагуудаас 1000 орчим машин татан, төвлөрүүлэх ажил хийж байна. Үүний дараа орон нутагт шаардлагатай, хүсэлт ирүүлсэн газруудад шилжүүлнэ. Эрдэнэс Тавантолгой ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Эрдэнэс Тавантолгой ХК энэ оны эцэс гэхэд 500 сая ам.доллар төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үүнтэй холбоотойгоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ. Эрдэнэс Тавантолгой нийт 82 гэрээгээр нүүрс худалдаалан борлуулдаг. Эрдэнэс Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоож, валютын урсгал нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн 7 хоногт Боомтын зөвлөл хуралдуулсан. Энэ хурлаар 10 заалт бүхий тогтоол гаргаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн. Урт, дунд, богинын тээврийн хоорондын уялдаа холбоог хангах чиглэл өгсөн. Эрдэнэс Тавантолгойгоос Цагаанхад хүртэл өдөрт 600 машин тээвэр хийж байна. Цагаанхад дээр буусан нүүрсийг хил гаргах тоог нэмэгдүүлж байна. Засгийн газраас Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой ХК, “Монголросцветмет” ТӨҮГ Эрдэнэс зэрэг компаниудын валютын нөөц нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй танилцаж, шаардлагатай аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлж ажиллахаар болсон” гэлээ.