Нийслэлээс авто зогсоолуудыг нэгдсэн системд оруулахаар туршилт эхлүүлсэн билээ. Туршилтын хугацаанд ямар үр дүн гарч байгаа талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Д.Чинзоригоос тодрууллаа.
-Түгжрэлийг бууруулахаар Авто зогсоолын нэгдсэн системийг туршилтаар явуулсан байгаа. Энэ ажил одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Авто зогсоолын нэгдсэн систем хэрэгжиж эхэлж байна. Хамгийн эхний байршил бол Сентрал Тауэрын зүүн талын зогсоол дээр авто зогсоолын нэгдсэн системийг бий болгосон байгаа. Энэхүү зогсоол нь 51 авто машины зогсоолтой бөгөөд Монгол Улсын авто зогсоолын стандартын дагуу 25 зогсоолд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зогсоол байна гэсэн стандартын дагуу 51 авто зогсоолын дунд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэний зогсоолыг мөн унадаг дугуйн зогсоолыг шийдэж өгсөн. Авто зогсоолын нэгдсэн системийг туршилтаар явуулаад 10 гаруй хонож байна. Маргаашаас буюу 28-ны өдрөөс эхлэн төлбөр авдаг болох гэж байгаа. Туршилтын хугацаанд ямар нэг төлбөр аваагүй.
-Цаашид зогсоолуудыг хаана нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Дараагийн байршлыг Хангарьд ордны ойр орчмын бүх зогсоолыг нэгдсэн системд оруулахаар ажиллаж байна. Мөн бага тойруугийн авто зогсоолуудыг оноос өмнө төлөвлөөд дуусна. Ирэх жил Нийслэлийн хэмжээнд 575 байршилд 25 мянган машины зогсоолыг шийдэхээр төлөвлөж байна.
-Туршилтын хугацаанд үр дүн хэр байсан вэ. Зөрчлүүд гарсан уу?
-Авто зогсоолын нэгдсэн системийн туршилтын хугацаанд зөрчил бага зэрэг гарсан. Иргэд тухайн зогсоолыг хоёр цагаас илүү зогсох ёсгүй гэсэн журмыг мэдэхгүй улмаас авто машинаа өдөржин тавих, хонуулж байсан. Мөн олон нийтийн цагдаа буюу зогсоолын цагдаатай үл ойлголцол үүсгэх асуудлууд гарсан. Цаашдаа авто зогсоолын нэгдсэн систем маань хот даяар бүх зогсоолууд дээр хэрэгжих учраас иргэд сайн мэдээлэлтэй байх хэрэгтэй.
Нэгдсэн систем бий болсноор зогсоол хайх хугацаа 65 хувиар, зогсоолын сэлгэлт 70 хувиар нэмэгдэж, зогсоолын талбайн 15 хувь нь үргэлж сул байна гэсэн тооцооллыг гаргасан. Түүнчлэн иргэд машинаа ачуулах нь ч багасна. Мөн зогсоолоос олдог төлбөрийн орлогын 40 хувь нь Авто замын санд, 60 хувь нь зогсоолын үйлчилгээ эрхэлж буй аж ахуй нэгж, байгууллага авах юм. Авто замын санд орлого орох тусам авто зам засвар арчилгааны мөнгө нэмэгдэж сайжирна гэсэн үг.
-28-ны өдрөөс эхлэн төлбөртэй болгоно гэсэн. Хэдэн төгрөгийн төлбөртэй вэ?
-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны аравхоёрдугаар сарын 21-ны болон 2011 оны аравхоёрдугаар сарын 9-ны өдрийн хурлаар батлагдсан үнэ тарифаар явж байгаа. Авто зогсоолын нэгдсэн системийн нэг цаг нь 1000 төгрөг байгаа. Үнийн хувьд ямар нэгэн илүү төлбөр авахгүй.
-Хэрвээ хоёр цагаас дээш хугацаанд машинаа зогсоолоос гаргахгүй бол ямар хариуцлага тооцох вэ?
-Тухайн машин зогсоолд хоёр цагаас дээш зогсох тохиолдолд эхлээд зогсоолын цагдаа мэдэгдэнэ. Хэрвээ цагдаагийн шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцвэл зөрчлийн тухай хуулийн дагуу торгоно.