Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Я.Буянжаргал: Дексаметазон эмийг хэрэглэх хүртлээ хүндэрсэн өвчтөн одоогоор байхгүй байна

Я.Буянжаргал: Дексаметазон эмийг хэрэглэх хүртлээ хүндэрсэн өвчтөн одоогоор байхгүй байна
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 23
 Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн дарга  Я.Буянжаргал  эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээлэл өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2274 иргэн байна
Энэ сард тусгай үүргийн дөрвөн онгоцоор 1000 гаруй иргэнийг хүлээж авсан. Сөүл хотоос зургадугаар сарын 17-нд 255, зургадугаар сарын 18-нд 267, Франкфуртаас зургадугаар сарын 19-нд 262, зургадугаар сарын 20-нд Сөүлээр дамжиж ирсэн Зүүн өмнөд Азийн 265 иргэн ирсэн байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 2274 иргэн байна. Тэдгээр иргэдээс 0-5 хүртэлх насны 115, жирэмсэн 46, эрхтэн тогтолцооны өвчин, чихрийн шижинтэй болон бусад төрлийн өвчтэй 250 гаруй хүн хяналтад байна. Цэргийн төв эмнэлэгт 89 хүн байгаагаас биеийн байдал хүнд 16 хүн байгаа бөгөөд тэдгээр иргэд зүрхний хэм алдагдалттай, улаан хоолойн мэс засал хийлгэсэн, хорт хавдартай иргэд юм.
Дексаметазон эмчилгээнд орох хүртлээ хүндэрсэн өвчтөн байхгүй
Бид Бээжин хотод эмчлэгдэж байсан тархиндаа цус харвасан 76 настай иргэнийг авчирсан. Ингэхдээ гэр бүлийнхэнд нь эрсдэлийг хэлж, онгоцоор тээвэрлэсэн бөгөөд улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч онгоцонд тусламж үзүүлэн хамт явсан байгаа. ХӨСҮТ-д эрүүл мэндийн сайдын баталсан тушаалын дагуу вирусийн эсрэг, шинж тэмдгийн, дархлаа сайжруулах эмчилгээ хийж байна. Олон Улсын судлаачид дексаметазон эм эмчилгээнд үр дүнтэй байгааг судалгаа шинжилгээнийхээ материалд бичих болсон. Гэхдээ бид эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өвчтөний биеийн байдал маш хүнд байгаа тохиолдолд л хэрэглэх ёстой. Манайд эмчлэгдэж байгаа өвчтөнүүд дексаметазон эмчилгээнд орох хүртлээ хүндрээгүй учраас бид энэ эмийг хэрэглээгүй байна.
Одоогоор Бээжин хотод манай нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Энэхүү иргэнийг татаж авах талаар хилийн хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллах бэлтгэлийг бүрэн хангасан. Иргэнийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирээд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусгаарлах байранд оруулж, шинжилгээ аваад, шинжилгээнийхээ үр дүнгээс шалтгаалж, аль лавлагаа төв рүү шилжүүлэхээр ярилцаж байна. Хэрэв Хятадын талаас зөвшөөрчихвөл иргэнээ татаж авах бүх бэлтгэлээ хангасан байгаа.
Манай улсад байдаггүй эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг иргэд хэрхэн авах тухай зөвлөгөө авсаар байна. Бид тэдгээр тасарсан эмийг авч чадахгүй байгаа иргэдэд ижил төстэй эмийг санал болгож, улсын бүртгэл, эм ханган нийлүүлэх газартай хамтарч ажиллахаар ярилцаж байна.
Гэрийн тусгаарлалтад Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 40 хүн байна
Мөн тусгаарлах байранд 168 эмч ажиллаж байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 732 хүн байна. Харин  аймгуудаас Баян-өлгий аймагт хамгийн их буюу 40 хүн гэрийн тусгаарлалтад, Хэнтий аймагт 20, Дархан уул аймагт 23 иргэн байна.
Замын-Үүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын лаборатори ажиллаж байгаа
Бид хилийн боомтуудаар орж ирж байгаа жолооч нараас санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийж байгаа. Ханги, Алтанбулаг, Замын-Үүдийн  боомтоор орж ирж байгаа жолооч нарт шинжилгээ хийж, мэдээллийг тухай бүрт нь Гадаад харилцааны яам, хэвлэл мэдээлэлд хүргэн ажиллаж байна. Замын-Үүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн явуулын лабораториудыг ажиллуулж, нийт 500 гаруй жолоочид шинжилгээ хийхэд  бүгд сөрөг гарсан. 
Түргэн тусламжийн тусламжаар хоногт 1900 гаруй хүн тусламж авч байна. Ер нь манай улсын түргэн тусламж, эрчимт эмчилгээ зэрэг эмнэлгийн бүхий л тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байгаа. Дуудлагын бүтцэд орсон зүйл өөрчлөлт байхгүй. Бид Эх хүүхдийн төвийг ашиглалтад хүлээж авахад бэлэн болсон. Нээлт хийх л үлдлээ. Энэхүү эмнэлэгт ажиллах эмч мэргэжилтнүүдээ сургах, дадлагажуулах ажлаа үргэлжлүүлж байна.
ДЭМБ-аас 82 оронд судалгаа хийхэд хүүхдийн тусламж, дархлаажуулалт, нөхөн үржихүйн эрүүл мэнд, хавдрын тусламж үйлчилгээ орхигдсон байгааг мэдээлсэн. Тиймээс улс орнууд цар тахлын эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг сайн хийхээс гадна, халдварт бус өвчний хариу арга хэмжээг сулруулж болохгүйг анхааруулсан байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн