Open iToim app
Улс төр | 2 мин уншина

'Нүүрсний хулгай'-н асуудал Засгийн газрыг ч унагаж мэднэ

'Нүүрсний хулгай'-н асуудал Засгийн газрыг ч унагаж мэднэ
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 18
Монгол Улс сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан гэдгийг Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд мэдүүлжээ. Энэ нь өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг дөхнө. Гэхдээ энэ нь зөвхөн бүртгэлийн зөрүүнээс гарсан тоо бөгөөд бүртгэлгүйгээр хэдэн саяыг гаргасныг тооцох боломжгүй гэнэ. 
Хоёр улсын гаалийн байгууллагын бүртгэлээр ганц нүүрс ч биш алтнаас бусад бүх уул уурхайн бүтээгдэхүүний ангилал, тээвэр, жингийн зөрүүнээс “хулгай хийдэг” нь тогтоогдож байгаа аж. Энэ том хулгайг жирийн иргэн, ганц хүн хийхгүй нь мэдээж. Нэг үгээр хэлбэл, нүүрсний хулгай хийдэг халаасын цаана нэр бүхий улс төрийн болон бизнесийн бүлэглэл бий.
Өнгөрсөн хугацаанд нүүрсний экспорттой холбоотойгоор дөрвөн удаагийн шалгалт хийжээ. 2017 оноос хойш гаргасан нүүрсний экспортод хийсэн шалгалтын дүнгээр 22664 машины зөрүү гарсан байна. Нэг үгээр хэлбэл, манай улсын гаалийн мэдээ БНХАУ-ын гаалийн мэдээлэл жил бүхэн зөрдөг байна. Шалгалт бүрийн дараа хэн хулгай хийснийг илрүүлэхээр хэрэг бүртгэлт нээдэг ч замын дунд хэрэг хаагдана, удааширна, ингэж замхарсаар өдийг хүрчээ. Одоо харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай хатуу тэмцэхээр нийгмийн анхаарлыг тийш чиглүүлж буй. 
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, үнэхээр нүүрсний хулгайг таслан зогсоох бол цаад учиг, бүлэглэл нь Засгийн газрыг ч унагаж мэднэ гэв. Цаашлаад нүүрсний хулгайд Засгийн газрын таван гишүүн нэр холбогдсон гэх юм. Хэрвээ хуулийн байгууллага болон УИХ-ын нүүрсний хулгайг шалгах түр хороо үүнийг нотолж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайтай холбоотой сайд нартайгаа хариуцлага тооцох асуудал зүй ёсоор яригдана. Нөгөө талд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан  нүүрсний хулгай цаана хүчтэй бүлэглэл бий учир Ерөнхий сайд болон Засгийн газарт дайралтууд ирнэ гэдгийг эртнээс анхааруулаад буй. Магадгүй, танхим доторх зарим сайд нь нүүрсний хулгайтай холбоотой гэдгийг Ерөнхий сайд эртнээс мэдэж, бэлтгэл хангаж байхыг ч үгүйсгэхгүй юм. 
Өмнө нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний экспортын тонн тутмаас 60-70 ам.долларын зөрүүг завшиж байсан бүлэглэлийг илрүүлэх Ажлын хэсэг байгуулсан. Энэ  луйвар цэгцрэхэд манай улсын ДНБ-ий хэмжээ хоёр дахин тэлнэ. Нүүрсний тээвэрлэлт эрхэлдэг олон мянган машин бий. Манай парламентын олон гишүүн нүүрс зөөдөг. Тэд Гашуунсухайтын төмөр замыг  арав гаруй жил гацаасан. Учир нь, тэдэнд маш их ашигтай байсан юм билээ” хэмээн ярьж байв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр нийгмийн сүлжээнд бие биенийгээ хулгайч, эргүү тэнэгээр нь дуудаж, илт муудалцах болсон. Тэдний хэрүүл сүүлдээ нүүрсний хулгай руу орж байх шиг байна. Хэн нь хулгайч уу гэдгийг цаг хугацаа харуулах болов уу. 
Харин нүүрсний хулгайн асуудлыг өндрийг нь авахуулчихаад намын нөхөд, танхимын сайд нар нь холбогдоод ирэхээр эрчээ сулруулж мэдэх л юм. Ямартай ч Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг хаацайлах уу, өөрийн эхлүүлсэн нүүрсний бүлэглэлтэй тэмцэх үү гэдгийг харъя. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн