ОУВС-гийн төлөөлөгчид энэ долоо хоногт манай улсад ирж ажиллана. Уулзалтын талаар болон цаг үеийн зарим асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа.
-Нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Гэтэл айл өрхийн амьжиргааны төвшин тогтоох судалгааг дахиж хийнэ гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-УИХ-ын тогтоолоор хүүхдийн мөнгө авах хүсэлтээ эцэг эхчүүд өөрсдөө гаргана. Тэгэхээр тэр судалгааг зайлшгүй хийнэ. Судалгааны ажлыг хийж байна. Ер нь бол УИХ-ын тогтоол бий. Тогтоолын дагуу л явна.
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломж бий юү. ОУВС-гийн төлөөлөгчид энэ долоо хоногт манай улсад ажиллана гэж байсан. Төрийн албан хаагчдын цалин нэмэх асуудлаар зөвшилцөх үү?
-ОУВС-гийнхан ирэх гурав дахь өдөр ирж манай улсад ажиллана. Сангийн яам уулзалтандаа бэлдэж байна. Яриа хэлэлцээрийн үед яригдах зүйлийн нэг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудал. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай, гурван тэрбум валютын нөөцтэй, улсын төсвийн тэнцэл эхний хагас жилийн байдлаар ашигтай гараад явж байна. Манай улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар нэмсэн. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал сайжирч, эерэг хандлага гарч байна гэсэн үг. Гэхдээ их эмзэг байгаа. Тиймээс цаашдаа ОУВС-тай хамтарч ажиллана, хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Тэр хүрээнд цалин, тэтгэврийг нэмэх асуудал дээр ойлголцоно гэсэн зарчим барин ажиллаж байна.
-Манай улс төсөвтэйгээ тэнцүү өр төлж байгаа гэсэн мэдээллийг Сангийн яам, Засгийн газраас өгсөн. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хэдий хэмжээний өр төлөөд байна вэ?
-Оны эхнээс өнөөдрийг хүртэл дөрөв орчим их наяд төгрөгийн өрийг төлөөд байна. Хамгийн их өрийг зургадугаар сард төлсөн. 753.3 тэрбум төгрөгийг өрөндөө төлөөд байна. Нэг үгээр хэлбэл, 2018 онд төлөх өрийнхөө 70 орчим хувийг эхний хагас жилд төлсөн. Энэ онд Чингис бондын 500 сая, “Дим сам”-ын нэг тэрбум юанийн өрийг төлж дуусгасан. 1.2 их наяд төгрөгийг зээлийн хүүд төлөхийг УИХ-аас баталсан. Сангийн яам 2017 оны сүүлээр өндөр хүүтэй, дотоодын бондыг урьдчилж төлөх, хүүг бууруулах гэрээ хэлэлцэл хийсэн. Тиймээс одоо бидний тооцож байгаагаар 2018 онд 860-аад тэрбум төгрөгийг хүүд төлнө гэсэн тооцоотой ажиллаж байна. Мөн 2018 оны төсвийг батлахдаа Засгийн газарт 1.4 их наяд төгрөгийн зээл авах зөвшөөрлийг өгсөн. Бид нэг ч төгрөгийн зээл аваагүй. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийнхөө мөнгөөр өрөө төлөөд явж байна. 2016 оны сүүлээр Монгол Улсын өрийн дарамт ДБН-ний 80 хувь хүрсэн байсан. Харин энэ оны сүүлээр 60, 2019 онд 50 хувь болгоно гэсэн зорилготой ажиллаж байна. Монголчууд бид авсан зээлийнхээ зөвхөн хүүнд 1.4 их наяд төгрөг төлдөг байсан. Гэтэл цалингийн сан нь 1.7 их наяд төгрөг байдаг. Нэг үгээр хэлбэл, өрийн дарамт улсын төсвийг хэдийнээ идээд эхэлсэн. Хэрвээ ийм хэмжээний мөнгийг зээлийн хүүнд төлдөггүй байсан бол хэд хэдэн зам барих байсан. Гэтэл 700-аад км зам барих мөнгийг зөвхөн зургадугаар сард зээлийн хүүнд төлсөн. Тэгэхээр өрийн дарамт нь эдийн засаг, улс орны хөгжилд ямар гай авчирдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс л төсвийн сахилга батыг нэлээд чанга сахиж ажиллаж байгаа.
-Цэвэрлэх байгууламж барих нэг тэрбумын санхүүжилт БНХАУ-аас орж ирэх нь хойшлогдсон гэсэн мэдээлэл гараад байгаа үнэн үү?
-Энэ бол худлаа мэдээлэл. Цэвэрлэх байгууламжийн асуудлаар би өөрөө БНХАУ-д ажиллаад ирсэн. Ойрын үед Хятад талтай ойлголцоод явж байна. Хятадын талаас гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн ажлыг эхлүүлэхээр тэднийхээс гүйцэтгэгч компанийн нэр ирнэ гэсэн хүлээлттэй байгаа.