БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 оны гуравдугаар сард Бээжин хотноо болсон Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд оролцох үеэрээ тус улсын Үндсэн хууль тогтоох, эрх барих дээд байгууллагын 3000 орчим төлөөлөгчдөд хандан “Хятад улс цар тахлыг давж, энгийн амьдралд шилжин, эдийн засгийн эерэг өсөлтийг сэргээсэн дэлхийн анхны их гүрэн” болсныг зарлан тунхагласан.
Тэрээр БНХАУ-ын энэхүү амжилтыг намын удирдлага 2019 онд түүний шинээр дэвшүүлсэн Хятад маягийн социализмыг хөгжүүлэх үзэл санаа, онол, тогтолцоо, соёл, зорилгод үнэнч байсны үр дүн” гэж тодорхойлсон билээ. Мөн Ши Жиньпин Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд тавьсан илтгэлдээ өөрийнх нь залуу үеэс ялгаатай нь Хятадын шинэ үеийн өнөөгийн залуус дэлхийн хаана ч очсон эх орноороо нүүр бардам бахархаж чаддаг болсон гэсэн юм.
Харин Хятадын эрх баригч Коммунист намын 100 жилийн ойд зориулсан “A Brief History of the Communist Party of China” номонд “Ши Жиньпин БНХАУ-ын хөгжлийг оргил түвшинд хүргэж, Бээжингийн нэр хүндийг дэлхийн тавцанд урьд өмнө байгаагүйгээр өндөрт өргөн, олон улсад Хятадыг цоо шинээр нээсэн түүхэн гавьяатай удирдагч” гэх зэргээр дүрслэн бичжээ. Үндсэндээ БНХАУ 2019 онд эрх баригч Коммунист намын 70 жилийн ойг тэмдэглэсэн цагаас хойш Хятадын орчин үеийн түүхийг улс тунхаглан байгуулсан Мао Зедуны үе, эдийн засгийн эрс шинэчлэлийг хэрэгжүүлсэн Ден Сяопины үе, орчин үеийн их гүрэн болж, дэлхийд нөлөөгөө тогтоосон Ши Жиньпиний үе гэж гурав хуваах болсон.
Үнэхээр ч Ши Жиньпиний засаглалын он жилүүдэд БНХАУ дэлхийн хамгийн олон хүн амтай, хамгийн хүчирхэг цэрэг армитай, хамгийн том худалдаа эрхлэгч, хамгийн том зээлдүүлэгч, технологийн дэвшил, инновацийн их гүрэн болж өөрчлөгдсөн билээ. Улмаар хүч чадлын оргилдоо ирсэн Хятад улс түүхэндээ анх удаа далайд хил хязгаараа тэлж, Өмнөд болон Зүүн Хятадын тэнгист хяналтаа тогтоож эхэлсэн. Цаашлаад Номхон далайд АНУ-ыг түрж, олон улсын тогтолцооны төв болон тэлсээр байна.
Өнөөдөр дийлэнх судлаач БНХАУ-ын ДНБ 2030 он гэхэд АНУ-ыг гүйцэж, дэлхийн тэргүүлэх эдийн засаг болно гэдэгтэй санал нэгддэг. Мөн цар тахлаас үүдсэн дэлхийн нийтийн хямрал, хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад тулгарах сорилтуудад Бээжин шийдэл санал болгож, тусламжийн гараа сунгаж байгаа нь Хятадын тэлэлтэд таатай түлхэц болно гэх байр суурийг илэрхийлэх болов.
Гэхдээ Хятадын судалдаг бараг хүн бүр БНХАУ өнөөдөр дэлхийд ганхашгүй байр суурь, нэр хүнд тогтоосон гэж дүгнэдэг ч Ши Жиньпиний эцсийн хүсэл зорилго буюу Бээжин дэлхийн шинэ дэг журмыг тогтоохыг зорьж байгаа юу. Эсвэл өнөөгийн тогтолцоонд өөрсдийгөө илүү томоор шингээхийг эрмэлзэж байна уу гэдэгт эргэлзсээр байгаа юм.
Зарим нь Бээжин дэлхийг эрхшээх бус дотооддоо улс төрийн тогтолцоогоо бэхжүүлж, салан тусгаарлах үзэлтэй үндэсний цөөнхүүдээ тогтоон барихыг чухалчилж байна гэж үздэг. Гэвч нөгөө талд, ингэж харах нь Ши Жиньпиний алсын харааг орхигдуулсан, хэт өрөөсгөл өнцөг гэж маргах хүмүүс бий. Тэднийхээр Ши Жиньпиний хувьд Хятад ертөнцийн төв байх тухай ойлголт нь дэлхийн тавцанд Бээжингийн дуу хоолой, нөлөө хамгийн хүчтэй байгаад зогсохгүй олон улсын дэг журмыг шинээр тогтоох зорилгоор илэрхийлэгдэх ёстой бөгөөд өөрийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхийн тулд намын дотоод эрх мэдлийг бүрэн хянаж, БНХАУ-ын эдийн засгийн хүчийг зорилгодоо дайчилж байгаа аж.
Тухайлбал, БНХАУ “Бүс ба зам” санаачилгын хүрээнд төмөр зам, автозам, шилэн кабел, хиймэл дагуул, цахим төлбөр тооцооны нэгдсэн систем, далайн боомтын дэд бүтцээр дэлхийн бөмбөрцөгийг хэрж, Бээжинг дэлхийн нийслэл болгох төлөвлөгөө нь Ши Жиньпиний гадаад бодлогын цөм билээ. Товчхондоо үүнийг өөрөөр, АНУ тэргүүтэй барууны ертөнц XX зуунд эдийн засаг, дэд бүтэц, технологийг хүчээр дэлхийд давамгайллаа тогтоосон шиг XXI зуунд БНХАУ тэдний ноёрхлыг булааж, өөрсдийн дэг журмыг тогтоохыг зорьж байна гэж дүгнэдэг.
Гэхдээ Ши Жиньпиний байгуулахаар эрмэлзэж буй олон улсын шинэ дэг журам нь Дэлхийн II дайны дараах хүний эрх, чөлөөт зах зээл, либерал ардчиллын үзэл санаагаар бүрэлдсэн өнөөгийн тогтолцооны үнэт зүйлс, хэм хэмжээтэй зөрчилдөж байгаа нь барууны судлаачдын эмзэглэх гол шалтгаануудын нэг болж харагддаг.
Жишээ нь, БНХАУ-ын эрх баригчид технологи, хиймэл оюуны тусламжтай төрийн алба хаагчид болон иргэдийг хянаж, сахилгын дутагдлыг шийтгэх “Social Credit” системийг хэрэгжүүлэх замаар хувийн эрх чөлөөг боох, хэвлэл мэдээлэл, интернэт дэх мэдээний урсгал, чөлөөт зах зээлийг хууль, төрийн институтийн хүрээнд хязгаарлах зэрэг бодлого хэрэгжүүлж байгаа нь сууриараа өнөөгийн ардчилсан тогтолцоотой зөрчилддөг.
Үүнтэй зэрэгцэн Хятадын сэхээтнүүд болон судлаачид сүүлийн жилүүдэд “Дорно дахин сэргэн мандаж, өрнийн орнууд уруудан доройтож байна. Сэргэлтийн төвд Хятад зогсож байгаа бол өрнийн ертөнц тогтолцооны гажуудлаар уруудан доройтох болсон. Ази-Номхон далайн орнууд нь хил хязгаар, соёл, иргэншлийн хувьд нийтлэг зүйлсээр баялаг нэгэн том гэр бүл. Хятад нийтлэг үнэт зүйлс нэгтэй хөршүүдээсээ тусдаа хөгжих боломжгүйн адил, Ази тив ч Хятадгүйгээр урагшлах замгүй” гэх мэт суртал ухуулгыг хүчтэй илэрхийлэх болсон.
Тэгвэл худалдааны хувьд БНХАУ өнөөдөр дэлхийн 120 улсын худалдааны хамгийн том түнш орноор тооцогдож байна. Үүнд Монгол, Казахстан, Киргизстан зэрэг Хятадын хөрш орнууд төдийгүй АНУ, Япон зэрэг их гүрнүүдээс гадна Европын холбоо, Ази болон Африк тив, “ASEAN”-ны орнууд бүхэлдээ багтаж байгаа юм. Гэвч эргээд Бээжин дэлхийн хамгийн том экспортлогч болон импортлогчийн хувиар худалдааны асар том давуу талаа улс төр, эдийн засгийн эрх ашгаа гүйцэлдүүлэх зэвсэг болгож ашиглах хандлага түгээмэл харагдах болсон. Хамгийн том жишээ нь, улс төрийн зөрчлийн улмаас БНХАУ Австралийн импортод хориг тогтоосон нь тус улсын эдийн засгийг хүнд байдалд оруулж, улс төр, нийгэмд томоохон зөрчлийг өрнүүлсэн.
Ши Жиньпиний хувьд БНХАУ-ыг энэхүү байр суурьд авчрахын тулд хамгийн түрүүнд дотоод улс төрд бүрэн хяналтаа тогтоосон. Тэрээр 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуулиас өөрийнх нь засаглалыг хоёр бүрэн эрхийн хугацаагаар хязгаарлах заалтыг цуцалснаар бүх насаараа засгийн эрхэнд байх боломжийг олж авсан. Өнгөрсөн хугацаанд Ши Жиньпиний дотоодын өрсөлдөгч болон дайснуудын ихэнх нь түүний авлигын эсрэг дайнд өртөж, арчигдан үгүй болсон. Харин өнгөрсөн хоёр сарын хугацаанд Ши Жиньпиний авлигын эсрэг дайныг гардан гүйцэтгэсэн БНХАУ-ын Хууль зүйн сайд асан Фү Жэнхуа тэргүүтэй хууль сахиулахын томчуудыг авлига албан тушаал, намын сахилга батыг зөрчсөн хэргээр хоморголон баривчилж, түүхээс арчих ажил эрчимтэй хэрэгжиж байна. Ажиглагчид үүнийг ирэх оны арван сард болох БНХАУ-ын даргыг сонгох Коммунист намын их хурлыг угтсан Ши Жиньпиний их цэвэрлэгээ гэж дүгнэж байгаа юм.
Тэрээр дотоод улс төрийг бүрэн хяналтдаа оруулж, БНХАУ-ын түүхэн дэх хамгийн их эрх мэдэлтэй удирдагч болсноор дэлхийд Хятадын нэр хүндийг урд өмнө нь байгаагүй өндөрт өргөж, хувь хүнийхээ хувьд нэг улстөрчийн хүрч болох бүх амжилтад хүрчээ. Гэвч Хятадын ДНБ-ий гуравны нэгийг бүрдүүлдэг үл хөдлөхийн салбарт үүссэн өрийн хямрал, барууны орнуудын хүний эрхийн зөрчилтэй холбоотой шахалт, хөгжиж буй орнууд “Бүс ба зам”-д эргэлзэх болжээ. Улмаар Хятадын элитүүд Ши Жиньпиний эдийн засгийн бодлого зөв замаар яваа эсэхэд эргэлзэх болсон талаар судлаачид дурдах болсон юм. Тухайлбал, 2020 оны эцэст БНХАУ-ын үндэсний нийт өрийн хэмжээ ДНБ-ий 289.5 хувьтай тэнцэх болжээ.
Эх сурвалж: SCMP, Foreign Affairs, Global Times, The Diplomat, China Monitor