Open iToim app
Зочин | 4 мин уншина

'Азтай савар'-ын амьтанд хайртай залуус

'Азтай савар'-ын  амьтанд хайртай залуус
Нийтэлсэн 2020 оны 9 сарын 14
Монголчууд сүүлийн үед гэртээ амьтан ихээр тэжээх болсон. Алгын чинээ муурын зулзагаас эхлээд аварга том нохойнуудыг хүртэл гэртээ тэжээж байна. Амьтанд хайртай, байгаль дэлхийдээ хайртай залуусын нэгдэл Монгол Улсад цөөнгүй бий. Тэдний нэгэн төлөөлөл бол “Азтай савар Амьтанд хайртай залуус” ТББ-ын хамт олон юм.
“Гудамжны” гэдэг тодотголтой амьтдыг эзэнтэй болгох, үржил хаах мэс ажилбар хийлгэх, Монгол Улсад золбин тэнэмэл гэх нэршилтэй амьтдыг байхгүй болгох, эзний хариуцлагыг дээшлүүлэх нь тэдний эрхэм зорилго бас тэдний өөрсдийнхөө хүслээр хүлээсэн үүрэг нь.
"Азтай Савар Амьтанд хайртай залуус" ТББ нь сайтар судалсны эцэст бусад орны жишгээр спей заслагыг олон нийтэд таниулах, сурталчлах ажил дээр түлхүү ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос хойш спей /заслагын/ хөтөлбөрөө явуулаад одоогийн байдлаар 1200-1500 нохой муурыг үржил боох мэс ажилбарт нь хамруулаад байгаа ажээ.
Спей заслагын давуу тал нь амьтны ороо орж хяналтгүй хээлтэх инстинктийг нь дарах, гудамжны эзэнгүй нохой муурны тоо толгойг хяналтгүй өсөхөөс урьдчилан сэргийлэх, нөхөн үржихүйн эрхтэнгүүдийн хавдар үүсэх, БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, нохой муур гадуур тэнэж бэртэхээс сэргийлдэг гэнэ. Ийм инстинкт нь байхгүй болсноор орооны үеэр гаргадаг ааш зан нь дарагддаг байна.
Эмэгтэй нохой, муурыг хоёр кг-аас дээш жинтэй үед мэс ажилбарт нь оруулна. Харин эрэгтэй нохой, муурыг төмсөг буухаар нь буюу 6-8 сартайд нь засуулж болно.
Тэжээвэр амьтныг зөв нийгэмшүүлбэл араатан болохгүй
Олон хоногийн өмнөөс тэдэнтэй уулзахаар тохирч бид уулзав. Одоогийн байдлаар “Хашаандаа сайхан амьдаръя” группийнхэнтэй хамтран хашаандаа хэрхэн нохой тэжээх талаар аяныг эхлүүлээд байгаа юм байна. Амьтан тэжээнэ гэдэг амаргүй бөгөөд тэжээвэр амьтныг зөв нийгэмшүүлбэл араатан болохгүй гэдгийг тэд юун түрүүнд онцолж байлаа. Амьтан гэдэг хүүхдээс ялгаагүй арчилгаа шаардана. Тиймээс тэжээвэр амьтантай болохоор шийдэхдээ “Би энэ амьтантай олон жил хамт байна шүү” хэмээн сэтгэлээ бэлдэх хэрэгтэй аж.
Хүн энэ нийгэмд амьдаръя л гэж байгаа бол бусдад хэзээ ч төвөг болох учиргүй. Тиймээс тэжээвэр амьтан, ялангуяа нохойгоо хамт гадуур явахдаа заавал хөтөлгөө хийх, хүнд үүлдрийн нохой бол заавал хошуувч авч явах, эрүүл мэндэд нь анхаарч зөв хооллох хэрэгтэйг тэд зөвлөж байлаа.
Жинхэнэ АЗТАЙ САВАР-ын эзэн
undefined
Энэ байгууллагатай долоон жилийн турш хамт байгаа хүн бол Б.Болормаа. Тэрээр жинхэнэ азтай саврын эзэн. Тэдний хэлдгээр “Азтай савар” гэдэг нь аврагдсан нохой, амьтныг хэлнэ. Түүний нохойг “Янзага” гэдэг. Тэд долоон жилийн өмнө учирч байжээ. Баянхошууны эцэст нэгэн нохойноос эр, эм хоёр гөлөг төрсөн байна. Тухайн үед "Азтай савар"-ынхан эм нохойны үржлийн асуудлыг шийдэх чадамжгүй байсан тул эр гөлгийг нь авч үлдээд, эм гөлгийг нь унтуулахаар шийдсэн аж. Гэтэл унтуулах гэж байсан эмч нь Б.Болормаа руу залгаж унтуулж чадахгүй гэж хэлсэн байна. Ингээд Б.Болормаа очиж, "Янзага"-тай учирчээ. Үүнээс хойш долоон жил өнгөрч дээ хэмээн дурсан ярилаа.
Түүний нэг эмзэглэж явдаг зүйл нь Гэрийн тэжээвэр амьтдын тухай хууль. Монгол Улсад ийм хууль байдаггүй. Харин 2017 онд шинэчлэгдсэн нэгэн журам байдаг байна. Амьтны эрхийг хамгаалахад хууль зайлшгүй хэрэгтэйг тэр мөн хэлж байсан юм.
Амьтан тэжээх хамгийн сайхан нь
undefined
Хүүхдийг багаас нь амьтантай хамт байлгахад олон зүйл сурдаг байна. Жишээлбэл, цаг баримтлах, зөв хүмүүжих, байгалиа хамгаалах, өрөвч зөөлөн сэтгэлтэй болох зэрэг давуу тал үүснэ. Энэ талаа бодвол хүн болгоныг гэрийн тэжээвэр амьтантай болоорой гээд уриалчихмаар. Гэхдээ амьтантай болохтой зэрэгцээд хариуцлага яригдана.
Азтай савар амьтанд хайртай залуусын зүгээс “Тэжээвэр амьтан танд хайр өгдөг учраас өөрөө хариуцлагатай байх хэрэгтэй. Амьтан тэжээнэ гэдэг их сайхан буянтай ажил юм шүү” гэдгийг захилаа.

Мөн тэд нохойтой айлуудад дараах зөвлөгөөг өгсөн юм.
-Нохойндоо вакцин, туулгыг нь цагт нь хийлгэж, зуны улиралд бөөс хачигны дусаалга дусаан, эрүүл мэндэд нь тогтмол анхаарч байх.
-Нохой ч гэсэн хангалттай хэмжээний хоол идэж, өдөртөө заавал 2-3 удаа ус ууж, авах ёстой тэжээлээ авч байх ёстой гэдгийг байнга санах.
-Нохой нь өөрөө маш их энергитэй, хурдтай амьтан ба гүйж, харайж, хөдөлж байж энергиэ гаргадаг, гүйх зай нүдэнд нь харагдаж байвал гүйхийг очихыг үргэлж хүсдэг. Хашаандаа сайхан амьдрахыг хүсдэг, хөдөлмөрч хүмүүс минь гүйдэг уяаг нохойндоо сонгоорой. Мөн гинжний урт нь хүнд хүрэхгүй хэсэгт, аль болох урт буюу 2.5м-с урт, хүнд биш байх.
-Нохойндоо өөрийнх нь нэр эзний утасны дугаартай хүзүүвч зүүж өгөөрэй. Эзэнтэй нохой төөрсөн ч олдох боломж илүү, буудуулах магадлал ч багасна.
-Хашааны нохойнд тохиолддог нэг хүндрэл, гэмтэл нь хүзүүвч нь багадаж, шигдэх байдаг. Эзэд тэр бүр нохойгоо анзаараад байдаггүй тохиолдолд гөлгөн байхдаа уясан нарийн хүзүүвч нь хүзүүндээ шигдэн зүсч гэмтээх, цаашлаад дулаан үед шарх нь өтөж хүндэрдэг. Иймд эзэд та бүхэн нохойныхоо хүзүүвчийг тогтмол шалгаж, өргөн хүзүүвч сонгож байх.
-Аймаг, сум, дүүргийн ИТХ-аас гаргасан хашаанд нохой муур тэжээх журмын дагуу өөрийн нохойгоо 22.00-06.00 хооронд сул тавин биеийн чилээг нь гаргаж байхыг зөвлөж, уриалж байна. Гэхдээ нохойгоо сул тавихдаа ойр орчмын хүмүүсийн аюулгүй байдлыг бодолцон хашаагаа битүүлж, хаалгаа сайтар хааж тэвхлэж байх.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн