Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Сурвалжлага: Жилдээ 1.2 сая тонн хог дахин боловсруулдаг жишиг үйлдвэрт зочиллоо

Сурвалжлага: Жилдээ 1.2 сая тонн хог дахин боловсруулдаг жишиг үйлдвэрт зочиллоо
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 16
“Монголчууд бүх зүйлээ л импортоор авна, хогоо ч ялгаж, боловсруулж чаддаггүй” гэдэг шүүмжлэл нийгэмд бий. Гэхдээ эл шүүмжлэлтэй хамт бага багаар үйлдвэрлэгчид болсоор байна. Үүний нэгэн тод жишээ болох хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр ажиллуулж буй “Од пластик” компанийнхныг энэ удаагийн сурвалжлагаараа онцолж байна.
Улаанчулуутын хогийн цэгээс 500 хүрэхгүй метрийн зайд “Од пластик ХХК” нь үйл ажиллагаагаа явуулдаг. Уулын оройд шахуу байрлах тус компанийн үйлдвэрийн хаалгаар ороход, овоолсон хог хаягдлууд байх аж. Тухайн үйлдвэр нь гялгар уут, хуванцар зэрэг дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудыг ангилан боловсруулдаг. Ийнхүү боловсруулсан түүхий эдээрээ цахилгаан болон гэрлийн утас бүрхэх хуванцар хоолойнуудыг үйлдвэрлэдэг байна.
Үйлдвэр рүү ороход дуу чимээ ихтэй, хайлуулагч машины униарт тухайн нэлээд сааралтсан байв.  Хог хаягдал эцсийн түүхий эд болоход хэд хэдэн дамжлагатай аж. Ингэхдээ дамжлага тус бүрд хариуцсан ажилчид зогсон хянаж, хариуцсан ажлыг ягштал хийх нь нүдэнд ил. Үйлдвэр хог хаягдлыг ялгах, хэт том байвал жижиглэх, угаах, уутлах гэх энгийн системийн дагуу ажиллана. Ийн өдөртөө тэд 2.5 тонн хог хаягдлыг таван машин, техникийн тусламжтайгаар дахин боловсруулдаг байна. Тэд жилд 1.2 сая тонн хог хаягдлыг дахин боловсруулдаг байна. Гэвч урин дулаан цаг ирж, цаг уртсах үед тэдэнд багагүй бэрхшээл гарна. Учир нь, үйлдвэрийн хүчин чадал их учир зуны улиралд уртасгасан цагаар ажиллахад бараа бүтээгдэхүүн/хог хаягдал/-ын нийлүүлэлт дутмаг байдлаас болж хомсдолд ордог аж.
Төрөөс тогны асуудлыг л шийдээд өгөөсэй
                                 
undefined
Тус үйлдвэрийг анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж, өдгөө байгууллагын менежерийн албан тушаалыг хашиж буй эмэгтэй бол М.Ундараа юм.
 Тэрээр, “Манай үйлдвэр нь 2014 онд 25 ажилтантай түрээсийн байранд эхэлж байсан. Харин энэхүү шинэ үйлдвэрийг бариад гурван жилийн нүүрийг үзэж байна. Коронавирусээс болж хоёр жил завсардаад одоо л ажил жигдэрч байна. Гэхдээ манай бүх л техник, машин цахилгаанаар ажилладаг учир ганц хүсэж байгаа зүйл бол тогны хөнгөлөлт. Бид байгальд ээлтэй орчны төлөө хог хаягдлыг дахин боловсруулж байгаа. Өнөөдөр ийм үйлдвэр тийм ч их биш, тоотой хэд л байдаг шүү дээ. Тиймээс цахилгааны төлбөрийг тэглээд өгвөл бидэнд маш дөхөм байна. Тэрнээс бид янз бүрийн зээл хүсээгүй шүү дээ. Мөн хог ангилах нь маш асуудал болдог. Тиймээс ангилгааны үйлдвэр байгуулмаар байна. Ангилгааны үйлдвэр байгуулчихвал дахин ангилах шаардлагагүй, ажилллагаа багасна. Тэгэхгүй бол нийт бүтээгдэхүүн дунд үйлдвэр рүү орох, орохгүй бүтээгдэхүүн нийлсэн, бохир  ихтэй байдаг тул нэг нэгэнгүй ялгадаг. Энэ л гол хүндрэлийг бий болгож байна. Бид өөрсдөө ангилгааны үйлдвэр барьж болох ч өнөөдрийн нөхцөл санхүүгийн асуудал дахин тулгарна. Нөгөө ард иргэд нийтээрээ хогоо ангилж, ялгаж сурснаар нийгмийн маш том асуудлыг шийднэ. Энэ чиглэлд бодлого тодорхойлогчид анхаарч ажиллах хэрэгтэй дээ” хэмээв.
Удалгүй ажилчид өдрийн хоолоо идэхээр үйлдвэрээс гарцгаана. Харахад хүнд хүчир ажил шиг боловч тэдний хувьд энэ нь жаргал болсон байв. Тэдний нэг болох залуу Б.Бат-Орших “Миний хувьд техникч мэргэжилтэй. Энэ мэргэжлийнхээ дагуу үйлдвэрийг хариуцаж ажилладаг. Үйлдвэрт ажиллаад гурван жил болж байна. Монголд ажиллах нөхцөл хэцүү, хүндрэлтэй гэдэг. Харин манай байгууллагын хувьд ажиллахад цалин мөнгө, орчин нөхцөл боломжийн учраас ажиллах дуртай байдаг.  Мэргэжлийн хүний хувьд санхүү мөнгө, төсөв нь бүрдвэл манайх шиг хүчин чадалтай үйлдвэрүүд Монголд олон барих хэрэгтэй байна” гэлээ.
Үйлдвэрийн хашаанд байх хог хаягдлуудаас харвал тос, ус, ундаа, элдэв хуванцар хоолой зэргээр дүүрэн байв. Боловсруулагч машинд хог хаягдал хэт томоор орох боломжгүй учир ялгаж, бутлагч машинаар жижиглэн үйлдвэрийн үүдэнд шуудайлж тавьсан байх аж. Тэд ээлжээ хүлээж байгаа аятай урт дараалал үүсгэх нь тэр. Үйлдвэрийн үйл ажиллагааг төдийлөн иргэд мэддэггүй учир “Их хэмжээний хог асгасан хашаа байна. Энийгээ холдуулахгүй юм байх даа” гэдэг аж. Угтаа тэдний хаясан хогийг боловсруулан, өөрсдөд нь бэлэн бүтээгдэхүүн хүргэхээр зорьж буй.  
Гялар уутны үйлдвэр байгуулах ажилдаа оржээ
undefined
undefined
Манай улсад жижиг гэлтгүй ийм үйлдвэрүүд нэн шаардлагатай. Гэвч төрөөс эдгээр компанийг дэмжих нь ховорхон аж. Жишээ нь, “Од пластик” ХХК нь төрөөс олгож буй гурванхувийн зээлд хамрагдахаар материаллаа өгсөн боловч одоог хүртэл сураггүй байгаа аж. Гэхдээ тэд хэн нэгний гар харж суулгүй шинэ үйлдвэрлэлийг эхлүүлэх бэлтгэл ажилдаа оржээ. Сүүлийн хоёр жил цар тахал гарч, урд хааснаас болж бид импортлогч орныхоо зовлонг хүндээр мэдэрсэн. Одоо ч мэдэрсээр байгаа. Хил хаагдахад монголчууд 10 төгрөгийн үнэтэй гялгар уут ч үйлдвэрлэдэггүйгээ мэдэрсэн. Үүнийг мэдэрсэн “Од пластик” компанийнхан гялгар уутны үйлдвэрийг байгуулахаар шавыг нь тавиад амжсан байна. Уг үйлдвэрийн үйлдвэрлэлийг эхлүүлэх цахилгаан станц, худаг зэрэг дэд бүтцийн ажлыг бий болгоход 70 орчим сая төгрөгийг зарцуулжээ. Харин нэг ширхэг тоног төхөөрөмж нь 20-30 сая төгрөг аж. Төр засгийн гар харалгүй бага багаар борлуулалтын ашгаасаа гялгар уутны үйлдвэрээ дуусгана даа гэж үйлдвэрийн удирдлагууд хэлж байв.
Зүй нь тэд төрөөс олгож буй үйлдвэрлэлийг, ажлын байрыг дэмжих бага хүүтэй зээлийг хүртэх ёстой бүлэг мөн. Харин өнөөдрийг хүртэл зээл олгоогүй нь төрийн дэмжлэг шаардлагатай нэгэнд хүрдэггүй нь тод жишээ.
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн