Open iToim app
Боловсрол | 7 мин уншина

Ц.Гэрэлтуяа: Ямар ч хэлийг ном унших аргаар сурах нь хамгийн хялбар

Ц.Гэрэлтуяа: Ямар ч хэлийг ном унших аргаар сурах нь хамгийн хялбар
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 20
Бага насны хүүхдэд англи хэлийг сургахад эцэг эхчүүд юун дээр алддаг болон ямар аргаар хэл сургах нь үр дүнтэй талаар “Гэгээ” академийн багш Ц.Гэрэлтуяатай ярилцлаа. 
-Бага насны хүүхэд ямар орчинд хэлийг сурдаг вэ. “Гэгээ” академийн багш нар хэл сурахад орчин чухал гэж хэлдэг юм билээ. Яагаад хэл сурахад орчин чухал вэ? 
-Хүүхдийнхээ боловсролд анхаардаг, цаг, мөнгөө зарцуулдаг ээж, аавууд их олон болжээ. Тэд хүүхдэд зориулсан сургалт явуулдаг төв бүрийг уйгагүй судалж, хэлний төвүүдийн өдөрлөгт очиж мэдээлэл авдаг болсон байна. Мөн өдөр болгон сургалтад нь зөөгөөд, маш их хичээл зүтгэл гаргаж байна. Яг хүүхдэдээ хэл сургах сан гэх хүслийнхээ хэрээр өндөр хүлээлт тавиад байгаа нь анзаарагддаг.  
Хичээлд суусан эхний өдрөөс нь л “За, юу сурсан бэ”, “Энэ үгийг англиар уншаадах”, “Сурсан зүйлээ шалгуулаарай” гэх мэтчилэн өөрөө ч анзаарахгүйгээр хүүхдүүдэд дарамт үзүүлдэг. Гэтэл аливаа эрдэм мэдлэгийг сурахад цаг хугацаа шаардахаас гадна хүүхэд тайван, айдасгүй байх нь хамгийн чухал байдаг. Хүүхэд хичээлийн эхний өдрөө англи хэлтэй болчихгүй учраас хүлээцтэй байх хэрэгтэй. Үнэндээ “Багш намайг загнах болов уу”, “Ангийнхан шоолох болов уу”, “Ээж, аавынхаа сэтгэлд хүрэхгүй байх вий” гэсэн санаа зовнил хүүхдүүдийг зовоож байдаг. Үүнээс болоод хүүхдийн хичээлдээ зориулах байсан энерги өөр зүйл рүү явчихна. Тиймээс хүүхдэд тайван, жаргалтай суралцах орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй.  
-Эцэг, эхчүүд хүүхдийнхээ англи хэл сурах сэдлийг хэрхэн бадраах вэ? 
-Хүүхдээ “Хичээлээ давт, давт” гэж шахах хэрэггүй. Давталт нь заавал сурах бичиг, дэвтэр, үзгээр хязгаарлагдах албагүй. Хүүхэд олон төрлийн сонирхолтой байдлаар, бүтээлч ажлаар, тоглоомын аргаар хичээлээ давтаж болно. Тиймээс хүүхдэдээ бүтээлчээр сэтгэх орон зай, боломжийг олгодог байхаас гадна саад болохгүй байх хэрэгтэй. Бас нэг сургалтын төвд бүртгүүлээд л “За та манай хүүхдийг сургаад аль. Би ажилтай” гээд хүүхдээ багшид 100 хувь даатгачихдаг ээж, аавууд ч бий. Гэтэл хүүхдийн боловсролын 33 хувь нь багшаас, 33 хувь нь сурагчаас, 33 хувь нь ээж, ааваас хамааралтай. Тиймээс ээж, аавууд нэг л аргаа олохгүй, хүүхдээ гомдоох вий гэж эмээж байгаа бол багштай шууд холбоотой байж, хүүхдийнхээ ахиц, амжилтыг сонсож, анхаарах хэрэгтэй зүйлийг нь мэдэж аваад, багшийн зөвлөгөөг дагавал үр дүнтэй байдаг. 
Нэмээд хэлэхэд, ээж, аавууд, ер нь хүүхэдтэй харьцдаг хүн болгон “хүүхэд ч гэсэн өөрийн гэсэн ертөнцтэй, үзэл бодолтой, бие даасан тусдаа хүн” гэдэг өнцгөөс харж, харааны нэг түвшинд ярилцаж байгаасай гэж хүсдэг. Энэ бүхнийг хийсэн байхад англи хэл сурах бол тийм том даваа биш дээ.  
-“Youtube” тогтмол үздэг хүүхэд англи яриаг ойлгодог. Үүнийг нь эцэг, эхчүүд “Манай хүүхэд англи хэлтэй” гэж ярих нь бий. “Youtube”-ээр англи хэл сурсан хүүхдийн англи хэлний суурь зөв тавигдаж чаддаг уу? 
-Сүүлийн үед ээж, аавууд хүүхдээ унаган англи хэлтэй, гоё дуудлагатай, сонсоод ойлгох чадвар сайтай болгохын тулд Youtube үзэхийг зөвшөөрөх нь их болжээ. Үнэхээр хүүхэд Youtube үзээд гоё дуудлагатай болдог уу гэвэл тийм. Сонсгол нээгдэж, англиар ярьж эхэлдэг үү гэвэл тийм. Нэг мэдэхэд л англи цагаан толгойгоо тогтоочихсон, энд тэнд явахдаа англи үгийг хараад таниад л, өнгө, тоо, амьтны нэр хэлээд л, бидний хүсээд байдаг англиар чөлөөтэй ярихыг нүдэн дээр төвөггүй хийж үзүүлдэг. 
Үүний цаана ээж, аавуудын төдийлөн анзаарахгүй байгаа олон сул, бүр аюултай талууд нуугддаг. Нэгд, хүүхдүүд эх хэлээрээ бус англиар хэлд орж байна. Үүнээс улбаалаад шууд нүдэнд харагддаг сөрөг талыг хэлбэл, монгол багш нарынхаа яриаг ойлгодоггүй хүүхдүүд их болсон байна. Тиймээс хүүхдийг эх хэлээрээ чөлөөтэй уншиж сурсных нь дараа өөр хэл заах нь зүйтэй. 
Хоёрт, хүүхдүүд төвлөрч чадахаа больж байна. Дэлгэцийн хэрэглээ ихтэй хүүхдийг харваас андашгүй. Гар хөл нь байнга хөдөлнө, нүд нь нэг зүйл дээр удаан тогтож өгөхгүй, багш хичээл заагаад байхад анхаарах ч үгүй зүг, зүг рүү харц нь гүйлгэнэнэ. Гэтэл суралцахуйн суурь нь өөрөө анхаарал төвлөрөл байдаг. Америкийн Хүүхдийн Эмч нарын Холбооноос гаргасан нэгэн судалгаанд “Унтлагын өрөөндөө зурагттай хүүхдүүд сурлагын амжилтаар хоцрогдох хандлагатай. Цаашлаад жингийн илүүдэл, нойргүйдэлд хүрэх эрсдэлтэй. Бага ангид сурдаг, өдөрт 2 цагийг дэлгэцэд зарцуулдаг хүүхдүүд сэтгэл зүйн, нийгмийн, анхаарал төвлөрлийн асуудалтай болох магадлал илүү өндөр байна” гэсэн байдаг.  
Гуравт, Youtube-д байршуулсан 800 сая видеон дунд хүүхдүүдийн боловсролд сайнаар нөлөөлөх контентууд олон бий. Гэхдээ эсрэгээрээ, буруу үлгэр дуурайл үзүүлэх агуулга ч олон. Тиймээс хүүхдийг элдэв эрсдэлээс сэргийлэхийн тулд 2015 онд Youtube компани хүүхдүүдэд зориулсан Youtube Kids аппийг гаргасан. Энэхүү платформыг ашигласнаар таны хүүхдийн насанд тохирсон контентыг шүүлтүүрдэн сонгож үзүүлдэг.  
Гэтэл Youtube-д минут тутамд 400 цагийн видео шинээр тавигддаг. Хар тамхи, мансууруулах бодис, элдэв бусад химийн бодис, зэвсгийн хэрэглээ, аллага, гадуурхалт, хоолны дэглэм, тураах дасгал зэрэг хүүхдүүд байтугай насанд хүрэгчдийн өөртөө итгэх итгэлийг бууруулдаг агуулгыг хүүхэлдэйн баатруудын дүрээр харуулаад видео бэлтгэж байна. Жишээлбэл, лего хүүхэлдэйн дүр зэвсгийн дэлгүүрт орж, янз бүрийн бууг нэг бүрчлэн тайлбарлаж, хэрэглээг нь зааварлаад, бараг сурталчлаад байгаа юм. ийм агуулгатай нэг секундийн сцен ч биш хэдэн минутын турш үргэлжилдэг бүрэн хэмжээний видеог таны хүүхэд үзэж байна гээд төсөөлөөд үзээрэй. Тэр бүү хэл, хүүхэлдэйн баатрын нэг эмэгтэй дүр шон дээр бүжиглэж, химийн бодис найруулж ямар нэгэн мансууруулах зүйл хийж буйг харуулсан бичлэгүүд ч байна. 
Ийм төрлийн зүй бус контентыг давтамжтайгаар хүлээн авах нь хүүхдийн тархины хөгжил төдийгүй далд ухамсарт сөрөг нөлөөтэйг судлаачид олонтаа сануулдаг. Насанд хүрэгчид үзэхэд хөнгөн, зугаатай мэт боловч хүүхдүүдэд өөрийгөө голох, заавал туранхай, гоё ганган байх ёстой мэт ойлголт төрүүлэх, элдэв бодис хэрэглэх нь хэвийн зүйл мэт ойлголт суулгах, аймшигтай зүйлсэд сэрдхийхээ болих, байдаг л зүйл мэт хүлээн авах, эсрэгээрээ энгийн амьдрал дээрх зүйлсийг тоохоо болих, уйдах гэх мэт сөрөг хандлага гарч байна. Бага насны хүүхдүүд бие, биеэ их дуурайдаг. Тэгтэл хоёр ой хүрээгүй хүүхдүүд Youtube-ээр үзсэн зүйлсээ дуурайж байна.  
Манай сурагчдын дунд гарсан нэг жишээг дурдвал, бидний хичээл дээрээ уншдаг нэгэн үлгэрт дайн тулаан гараагүй, аль нэг дүр нь үхэж дуусаагүй болохоор “Зохиол уйтгартай байна. Хэн ч үхсэнгүй” гэж нэг сурагч хэлсэн удаатай.  
undefined
-Тэгвэл англи хэлийг ямар аргаар сурвал хамгийн өгөөжтэй вэ?  
-Англи хэл сурч байгаа хүн бүрийн туйлын хүсэл нь чөлөөтэй ярьж, бичиж сурах шүү дээ. Тэр утгаараа шууд л ярих дасгал хийгээд, үг цээжлээд, эсвэл дүрмийн ном барьж аваад өөрийгөө олон цагаар нүдээд эхэлдэг. Тэгээд байхад л хүссэн хэмжээндээ сайн ярьж сурахгүй, эсвэл өнөөх цээжилсэн үгээ мартаад, олон дүрмээ хооронд нь хольдог. Тэгээд л шантардаг. Эсвэл “Би гадаад багшаар л заалгачихвал...”, “Гадаадад хэлний бэлтгэлд очвол үр дүнтэй юм байна”, “Монголд сурна гэж ёстой бүтэхгүй” гээд хойш суудаг. Зарим нэгэн хүн нэлээд судалгаа хийсний эцэст “Ерөөсөө кино үзэх хэрэгтэй юм байна” гээд киноны суваг үзнэ. Юу ч ойлгохгүй. “За, тэгвэл ном унших хэрэгтэй” гээд Харри Поттерын цуврал ч юм уу, нэг алдартай зохиол бариад авна. Эхний хуудсаа эргүүлээд л бөөн мэдэхгүй үг... гээд яриад байвал гадаад хэл анхлан сурч байгаа хүмүүсийн алдаа, ташаа ойлголтыг тоочоод барахгүй. 
Тэгвэл яаж сурвал үр дүнтэй юм бэ гэвэл, эхлээд хүн өөрийнхөө түвшинг тогтоолгож, үнэн зөвөөр нь мэдэж авах хэрэгтэй. Түүний дараа өөрт тохирсон арга барилыг олох хэрэгтэй. Анхлан сурч байгаа, сууриа сайн тавиагүй байгаа хүмүүст үг цээжлээд бай, дүрэм үзээд бай, шууд харилцан яриа цээжил гэж бид зөвлөдөггүй. Үүний оронд өөрийнхөө түвшинд тохирсон, сонирхолтой ном уншихыг санал болгодог. Ном бол тэр чигээрээ л шинэ үг, тэр чигээрээ л дүрэм, тэр чигээрээ сэтгэлгээ. Ном унших явцдаа хүн энэ бүхнийг өөрөө ч мэдэлгүй, зөнгөөрөө сурчихсан байдаг. Нэгэнт тэр үг, дүрмээр бичигдсэн өгүүлбэрүүдийг олон удаа уншсаны дараа “Энэ дүрмийг ингэж ашигладаг шүү” гээд заахаар хүн маш хөнгөн хүлээж аваад, шууд ойлгочихдог. “Аан ийм амархан байж” гэнэ. Зарим нь бүр “Багш аа, та мэддэг юм заагаад байна” гэх нь холгүй. Хамгийн гол нь, зохиолынхоо үйл явдалд хөтлөгдөөд “Англи хэл сурч байна” гэсэн стресс, дарамт мэдэрдэггүй. Гэхдээ хэзээ, яаж, хэр их давтамжтайгаар унших вэ гэдэг арга барил маш чухал. Тиймээс багшийн чиглүүлэг, тусламж заавал хэрэг болдог. Буруу аргаар сурвал ялгаагүй үр дүнгээ өгөхгүй, шантрахад хүргэж болзошгүй. 
За, ном уншаад л байя. Хэзээдээ ярьж, бичиж сурах вэ гэж хүмүүс сонирхох байх. Манай Билгүүн багшийн ярьдаг Данхны онол гэж бий.  
Та нар данхтай цай, аяга төсөөлөөрэй. Дүүрэн данхнаас цай аягалах ямар амархан байх вэ. Харин хоосон данхнаас цай аягалах ямар ядмаг байх вэ. Үүнтэй адилаар маш их хэмжээгээр уншиж данхаа дүүргэсний дараа бичгийн чадвар аяндаа л хөгжөөд ирнэ. Маш их хэмжээгээр сонссоны дараа ярианы чадвар дагаад сайжирна. Хүмүүс хурдхан шиг ярьж, бичиж сурахыг хүсэж байгааг мэдэж байна. Гэхдээ тэгэхийн тулд маш их уншиж, сонсох хэрэгтэй. Унших, сонсох үедээ маш сайн төвлөрсөн байх ёстой. Төвлөрч сурч авсан шинэ мэдээллээ олон удаа давтах нь асар чухал. Төвлөрөл, давталт бол энэ бүхний суурь юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд, гадаад хэл сурах бол насан туршийн хөдөлмөр юм. Гэхдээ зөв арга барилаа олсон цагт, гадаад хэл сурах зовлон биш жаргал, бахдал болж хувирдаг юм шүү. 

-Ярилцсанд баярлалаа. 
Сэтгүүлч Э.Үүрийнцолмон нь эдийн засаг, нийгмийн чиглэлээр бичдэг бөгөөд iToim.mn 2022 онд ажиллаж байсан.
Uuriintsolmon Erdenebat-facebook
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн