Монгол Улс руу бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 4000 гаруй чингэлэг БНХАУ-ын Тяньжин боомтод хүлээгдэж байна. Дотоодод зарагдаж буй автомашинуудын дийлэнх нь энэ боомтоор дамжин ирдэг. Нийлүүлэлт олон сар саатсанаас болж Монголд автомашины үнэ нь “тэнгэрт хаджээ”.
Тяньжин боомтоор орж ирсэн төрөл бүрийн автомашин, сэлбэгүүд Да хүрээ захад бий. Тэгвэл тус захад жилийн өмнө Prius 20 маркийн автомашины дундаж үнэ 13-14 сая байсан бол өнөөдөр 16-20 сая, Prius 30 загвар 24-26 сая, Prius 40 загвар 29-30 сая төгрөг болж өсчээ. "Toyota Sai" загварын машин 20 сая байсан бол 30 сая төгрөг болж өссөн байна. Машины үнэ нэмэгдсэнээс үүдэж байнга хөл хөдөлгөөнтэй байдаг Да хүрээ зах хүнгүй шахуу байгааг худалдаачид учирлав. Машин сонирхож яваа ганц нэг хүнийг ченжүүд тал талаас нь “чангаах" маягтай байлаа.
Жилийн хугацаанд машины үнэ дунджаар 10-12 сая төгрөгөөр нэмэгджээ
Да хүрээ захад машины үнэ дунджаар 7-8 саяар өссөн гэж ченжүүд ярьж байна. Жилийн өмнө 35-38 саяар зарагдаж байсан Toyota Harrier үйлдвэрлэсэн болон импортоор орж ирсэн оноосоо хамаарч 47-50 сая төгрөг болжээ. Он залуутай Toyota Aqua жилийн өмнө 10-12 саяар зарагдаж байсан бол одоо 14.5-16.5 сая төгрөгөөр зарагдаж байх жишээтэй.
Да хүрээ захын автомашины ченж Б.Б “Машины үнэ айхтар өсөж байна. Үүнд олон зүйл нөлөөлж байгаа. Бид Японы дуудлага худалдаанд оролцож, машинаа захиалдаг. Гэтэл Японд дуудлага худалдаанд ордог машины тоо цөөрсөн байна. Тэгэхээр цөөхөн машин дээр олуулаа үнэ хаялцахад хэн өндөр үнэ хэлсэн нь авна. Авсны дараах зогсоолын төлбөр, ачлагын төлбөр бүгд нэмэгдсэн” гэв.
Захиалсан машин 3-4 сарын дараа бууж байна
Японоос дуудлага худалдаагаар авсан машин энгийн үед 21-45 хоногийн хугацаанд ирдэг аж. Тэгвэл Тяньжин боомт дээр ачаа тээврийн бөөгнөрөл үүссэнээс болж захиалсан машинууд 3-4 сарын дараа бууж байна.
Да хүрээ захын автомашины ченж Д.С “Би энэ 2013 оны Nissan AD-г Японы дуудлага худалдаагаар тавдугаар сарын 10-нд авсан. Чингэлэг олдохгүй байсаар байгаад зургадугаар сарын эхээр чингэлэгт ачуулсан. Энгийн үед машин 21 хоног, удлаа гэхэд 45 хоногийн хугацаанд буудаг. Гэтэл энэ машиныг зургадугаар сарын эхээр ачуулаад долоо хоногийн өмнө л буулаа. Дуудлага худалдаанаас авснаас хойш бараг дөрвөн сар хүлээлгэсэн байна шүү дээ.
Наадмын өмнө Nissan AD 9 сая төгрөгийн үнэтэй байсан одоо 13 саяд өгчихнө, он залуутай юм. Энэ захад хамгийн хямд байгаа нь л энэ. Хамгийн хямд байсан Toyota Aqua 14.5-16.5 сая төгрөгөөр зарагдаж байгаа.
Би бусад ченжүүдтэй харьцуулахад сард цөөхөн машин зардаг. Сүүлийн сард хоёр тэрэг л зарлаа. Арай ч ийм муу байгаагүй. Иргэд энэ хавиар ирэхгүй, машин авахгүй байна. Энд байгаа хүмүүс бүгд сэлбэг л авч байна” гэв.
Машины үнэ цаашид ч өсөх хандлагатай байна
Да хүрээ захын автомашины ченж Ч.Г “Наадмын өмнө нэг чингэлгийн үнэ 2700 ам.доллар байлаа. Наймдугаар сарын эхээр 4300 ам.доллар болж өссөн. Төд удалгүй наймдугаар сарын сүүлээр 5700 ам.доллар болсон. Ингэснээр нэг машин дээр дор хаяж 2.8 сая төгрөг нэмэгдэж байгаа юм. Цаашдаа нэг чингэлгийн үнэ 7000 ам.доллар болно гэж яригдаж байна. Ингэвэл хамгийн хямдхан машин 20 саяд хүрнэ. Цаашид машины үнэ буурах шинж алга.
Бид хэргээр үнэ хөөрөгдөөд байгаа юм биш. Байгаа байдал нь энэ байна. Ченжүүд чинь татвараа төлнө, түрээсээ төлнө, хөдөлмөрлөсөн ашгаа авна шүү дээ. Гэсэн ч бид яг үнэндээ машинаа олноор нь зараад, түнтийтлээ баяжиж байгаа зүйл алга. Өмнөх сард би гурван машин л зарсан. Гадуур бүх юмны үнэ өсөөд, хүмүүсийн амьдрал хэцүүдсэн байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт утгаа алдлаа” гэсэн юм.Чингэлгийн үнэ өссөнтэй холбогдуулан наймдугаар сарын эхээр болон сүүлээр гээд машины үнэ хоёр удаа нэмэгдэж одоогийн үнэдээ хүрчээ. Да хүрээ захад машин сонирхож буй иргэд сонголт муу, үнэтэй байгааг учирлав.
Машины үнэ ингэж өссөнд гурван шалтгаан байна.
Нэгд, манай улсад орж ирж буй машинуудын дийлэнх нь Японоос орж ирдэг. Японд хуучин машиныг дуудлага худалдаанд оруулан үнэ хаялцуулж, хамгийн өндөр үнэ хэлсэнд нь өгдөг. Тэгвэл Японд дуудлага худалдаанд оруулах машины тоо эрс багассанаас цөөхөн машиныг үнэтэй худалдаж авч байгаа аж. Энэ нь манай улсад худалдаалагдаж буй машины үнэд шууд нөлөөлжээ.
Хоёрт, дуудлага худалдаанд оруулсан машиныг чингэлэгт ачин манай улс руу тээвэрлэдэг. Нэг чингэлэгт машины овор хэмжээнээс хамааран 2-4 машин ачдаг байна. Наадмын өмнө нэг чингэлгийн үнэ 2700-3000 ам.доллар байсан бол одоо 5600-6000 орчим ам.доллар болж өсчээ. Ямар ч бараа бүтээгдэхүүнд тээврийн зардлын үнэ шингэдэг. Үүний адилаар автомашинд ч тээврийн зардал шингэн машины үнэ өсөхөд шууд нөлөөлж байна.
Гуравт, автомашины худалдаа эрхэлдэг хувь хүн, ААН-үүд түрээсийн үнэ, өөрийн зээлийн үнийг машины үнэд нэмээд зарж байна. Тэд машин тавьсан, тавиагүй түрээсээ төлдөг аж. Да хүрээ захад нэг машины зогсоол өдөрт 3000 төгрөг байдаг. Худалдаа эрхлэгчид хамтран 10-15 зогсоолыг жилээр нь түрээслэдэг байна. Тиймээс машины үнэ дээр зогсоолын сул зогсолтын үнэ нэмэгдэж байгаа аж.