Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Ж.Цолмонхүү: Бид зориуд Чингис хаан музейд “алтан” босго хийж өгсөн. Учир нь...

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 29
“Чингис хаан” музей нээлтээ хийгээд хоёр сарын хугацааг үджээ. Анхны өдөртөө 1200 хүн үйлчлүүлсэн тус музейн хүмүүсийн анхааралд өртөөгүй хэсэг бол музейн оройд байрлах шонхор, үүдний хаалга юм. Эдгээрийг бүтээсэн уран бүтээлчдийн нэг болох Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн, барималч Ж.Цолмонхүүтэй ярилцлаа.
-“Чингис хаан” музейн ажилд хэзээнээс орж ажиллах болсон бэ?
-“Чингис хаан” музейн оройн дээр байрлах Алтан шонхрын ажилд 2019 оноос анх орж ажилласан. Үүнээс гадна хаалгыг бүтээлцэхэд оролцсон.
-Музейн барилгын загвар эхлээд дан цулгуй бөмбөгөр оройтой байсан. Яагаад шонхрыг дээр нь оруулахаар шийдсэн бэ?
-Музейн барилгын оройн загвар бөмбөгөр гэр шиг хэлбэртэй байсан. Түүний дээр ганжир хэлбэрийн алтан дүрслэл байвал ямар вэ гэсэн санаа гарсан. Гэхдээ шонхор байх нь зөв гэж түүхэн талаасаа ч, бэлгэдэл зүйн талаасаа ч бодолцсон. Ингээд миний загвар сонгогдож хийгдсэн.
-Загварын онцлог юу вэ?
-Шонхор бэлгэдлийн үүслийг бол бид бүгдээрээ мэдэж байгаа. Шонхрын дээр нар, сарыг нэмж оруулсан. Нар, сар бол Хүннү гүрний үеэс эхлэлтэй, Их Монгол Улсын үед байсан, монголчуудтай байнга хамт явсаар ирсэн. Тиймээс шонхрынхоо дээд талд залаад, шонхрын доод талд нь бөмбөрцөг хэлбэрийн дүрслэл, тэр дотроо нүүдэлчдийн бэлгэдэл болгон тэрэгний дугуйг оруулсан. Энэ бүгд нийлээд сүлд дүр болж байгаа. Бас манай нүүдэлчдийн иргэншилд Бөртэ чоно, Гоо марал гээд сүлд дүр байдаг. Шонхрыг мөн адил сүлдчилж, амьдчилж бүтээсэн гэж үзэж байгаа.
undefined
undefined
-Хаалганы тухайд?
Хаалга бол одоо байгаа санаан дээр ингээд тогтчихсон байсан. Дээр байрлах арк эхлээд байхгүй байсан. Зураач Б.Төмөрбаатар арк нь зөв гэж үзээд оруулсан. Хаалгыг холоос харах юм бол Алтан гэрэгэ харагдана. Ойртоод харах юм бол Чингис хааны дөрвөн хүүгийн тамга дөрвөн талд нь байрласан. Түүний дээд талд Цагаан чоно, Цагаан буга шүтдэг байсан гэсэн археологийн олдвор, түүхэн сурвалжийг үндэслэн оруулсан. Хаалга, аркны заагт морьтон, нүүдэлчин монголчуудыг харуулж өгсөн. Мөн өдөр, шөнө ээлжилж байгааг харуулсан. Хаалганы гадна талын чимэглэлийн 16 дүрслэл бол “Судрын чуулга”-наас эш татаж релепүүдийг урласан. Хаалга, аркны хээнүүдийг зөвхөн “Чингис хаан” музейд зориулж хийсэн. Хээний бэлгэдлийг түүхийн сурвалжаас, археологийн олдворуудаас авсан. Хаалганы дээр байрлах таван сум бол эвтэй бол хүчтэй гэсэн Монголын Нууц Товчооны  Алун Гуа эхийн сургаал байгаа. Таван сумны доод талын толин доторх дүрсүүдэд хадны зургуудаас эш татаж оруулсан. Таван сумнаас дээшээ харсан нэг сум бол дуут сум гэж ярьдаг их чимээ гаргаж монгол цэргийн сүр хүчийг бадраадаг тэрхүү сумыг оруулсан. Толины дөрвөн талын хоосон дүрслэл бол дөрвөн цагийн эргэлтэд мөнхийн нүүдэллэн амьдарч ирсэн гэсэн утгатай. Хаалганы дотор талын хувьд адилхан 16 дүрслэлтэй. Харин бариулыг монголчуудын хэрэглэж байсан илдний түүхэн олдвороос үндэслэж хийсэн. Бүхэлд нь авч үзвэл хаалганы дээд тал нүүдэлчдийн тойрог, доод тал нь Алтан гэрэгэ гэсэн санааг агуулсан. Хаалгыг сайн ажиглах юм бол сонин содон олон бэлгэдлүүд байгаа.
undefined
undefined
-Хаалганы нэг хэсэг босго ихээхэн анхаарал татсан. Алтаар бүрсэн гэл үү?
-Бид харин зориуд хуулга алтаар бүрсэн босго хийж өгсөн. Бидний ихэс дээдсийн түүхийн алтан босгоор алхаж орж байна гэж дотоод, гадаадын музей үзэгчдэд мэдрүүлэхийн тулд. Бид мэддэг шүү дээ, босгон дээр гишгэж болдоггүй. Одоо ч гэсэн хүүхдүүддээ хэлдэг. Дээхэн үед бол язгууртан дээдсийн босгон дээр гишгэвэл алдас болдог байсан. Тиймээс бид босгыг хүндэтгэлтэй хандаж хийсэн. Музейд очиход бол хүмүүс гишгээд хамаагүй л гарч байна билээ. Гэхдээ бид сэргээгээд хийгээд байж болно л доо. Ер нь бол Монгол Төрийн түүх алтан босгоор дамжих ёстой гэж зориуд санаж хийж өгсөн.
-Дээр хэллээ, цар тахал гарч, хорио цээр тогтчихсон байсан үед ажлаа дуусгасан гэж?
-Тийм, цутгахад асуудал тулгарсан. Эхлээд урагшаа яваад цутгачихна гэж тооцож байсан. Гэтэл хил хаагдаад, сүүлдээ материал ч орж ирэхээ байсан. Гэхдээ эрсдэлгүй ажил гэж юу байх вэ. Тэгээд цутгачихаар янз янзын хүмүүсийг судалсан, хийлгүүлж үзсэн ч болж өгөөгүй. Сүүлд явж явж манай урлан дээр байдаг Б.Хатанбаатар гээд залууд хандаад, хамтдаа хариуцлагаа үүрээд хийхээр болсон. Пийшингээ бариад ямар ч байсан цутгаад ард нь гарсан.
-Тэгэхээр хил хаагдаад цутгалт, материалын асуудал гарсан гэхээр Монголдоо бүх зүйлээ хийсэн гэсэн үг үү?
-Ер нь баримал, хөөмөл, шармал, цутгалт гээд бүх ажлаа эндээ хийсэн. Монгол уран бүтээлчид, ялангуяа Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын сургуулийн уран бүтээлч багш нар оролцсон. Хаалганы чимэглэлийн хувьд Эрдэнэтийн оюу чулуу, Хөвсгөлийн хаш чулууг ашигласан.
-Ярилцсанд баярлалаа. Танд ажилд амжилт хүсье.
Э.Мишээл
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн