Төрийн байгууллагуудын ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөн Улаанбаатар хотноо эхэллээ. Уг зөвлөгөөнийг УИХ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Канадын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Төрийн албаны шинэтгэл-Ёс зүйн хандлага” сэдвийн хүрээнд бүх шатны төрийн байгууллагын Ёс зүйн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гурван өдрийн турш чуулна. Зөвлөгөөнд Монгол Улсын 330 сум, 21 аймаг, нийслэлийн төр захиргааны байгууллагын 1500 гаруй төлөөлөл цахимаар оролцож байгаагаараа онцлог болж байна.

Зөвлөгөөнийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн юм. Тэрээр “Монгол төрийн босго өндөр байх хэрэгтэй. Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульчилсан нарийн зохиуцуулалттай хуулийг УИХ батлан гаргана. Төрийн албаны хуулиар улс төр, төрийн алба хоёрыг хооронд заагласан боловч мэдлэг чадвар дутмаг албан хаагчид танил тал, арын хаалгаар албан тушаалд томилогдох байдал байсаар байгааг иргэд шүүмжилж байгаа учраас олон нийтийн хяналттай болгож, сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод болгох нь зөв. Төрийн алба бол өндөр ёс суртахуунтай, боловсролтой, чадвартай зөв хүмүүсийн нэгдэл байх ёстой. Харин ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим төрийн алба, төрийн албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ цагаас эхлэн өөрсдөөсөө өөрчлөлтийг эхэлье. Аймаг, сум, яам, агентлаг, төрийн үйлчилгээний газартаа үлгэр жишээ, ёс зүйтэй төрийн албан хаагчид байцгаая. Нийгэм, эдийн засагт цэгцлэх асуудал маш олон байна. Ядуурал, архидалт, авлига гаарсан. Энэ бүхэн цэгцрэхийн эхлэл нь ёс зүйтэй нийгэм, ёс зүйтэй төрийн алба байхаас эхэлнэ. Ингэвэл хэвтээ босоо чиглэлд цэцрэх өөрчлөлт үр дүнтэй хэрэгжинэ.
Цаашдаа төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлийг бүртгэх тогтолцоог боловсронгуй болгож, ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг төрийн албаны хүний нөөцийн удирдлагын нэгдсэн санд бүртгэдэг болох учиртай. Та бүхэн гурван өдрийн зөвлөгөөнөөр төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг илүү сайжруулах чиглэлд олон санал гарна гэдэгт итгэж байна” гэлээ.
Б.Баатарзориг: Ганцхан ёс зүйн алдаа, зөрчил нь төрийн албыг бүхэлд нь харлуулна. Тиймээс ёс зүйг ямагт дээдэл
-Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг: Төрийн албанд чанарын өөрчлөлтийг системийн төвшинд бүтээлчээр сэтгэж ажиллахыг цаг үе, нөхцөл байдал биднээс шаардаж байна. Үүний тод жишээ "Ковид-19" цар тахал юм. Бүх зүйл технологижиж, хувьсан өөрчлөгдөн ажиллах чадварыг илүүтэй шаардаж байна. Харин төрийн алба, төрийн албан хаагчдад өөрчилж болохгүй, өөрчлөх шаардлагагүй нэг эрхэм зүйл бий. Энэ бол ёс зүй. Өнөөдөр ёс суртахуун, ёс зүйг сахихад санхүү, төсөв, хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардахгүй. Төрийн ажлыг үр дүнтэй баталгаатай, байлгаж чадах зүйл бол төрийн албан хаагчдын ёс зүйн хандлага, харилцаа юм. Төрийн нэг ажилтан ёс зүйн алдаа, үнэт зүйлээ гээсэн үйлдэл гаргавал шууд утгаараа төрийн албыг бүхэлд нь харлуулахад нөлөөлж байна.
Сайн эмнэлэг, сайн эмч байгаа болохоор өвдөж, зовсон цагт эмчилгээ сувилгаа авчихна гэж иргэд итгэдэг. Онцгой байдлын алба гэж байгаа болохоор аливаа гамшгаас ард түмнээ авран хамгаална гэж боддог. Үүн шиг төр засагтаа, төрийн албанд итгэх итгэл иргэдийн сэтгэлийн гүнд байдаг. Иргэдээ алгачилдаггүй, ёс зүйг эрхэмлэн сахидаг төр, төрийн албан хаагчидтай иргэд хамтран ажиллана. Тиймээс төрд итгэх ард түмний итгэлийг сэргээж, төрийн албаны нэр хүндийг дээшлүүлэхийн төлөө Төрийн албаны төв байгууллага ажиллаж байгаа.
Төрийн алба, төрийн албан хаагчид бид ёс зүйг ямагт дээдэлж, нийгэмдээ үлгэр дуурайлал болгоцгооё. Төрийн албан хаагч та монгол төрөө дээдэлж хүнтэй харьцаж байгаа гэдгээ ухамсарлаж, санаж байх хэрэгтэй. Төрийн албаны нэн тэргүүний зорилт бол мэргэшсэн чадварлаг төрийн албан хаагчийг бэхжүүлж, чанарын өөрчлөлт гаргаж, төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулахад чиглэж байна” гэсэн юм.
Мөн ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг цаашдаа мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай төрийн албыг бэхжүүлж, ёс зүй, сахилга хариуцлагатай байх шаардлага төрийн албаны бүх шатанд, улс орны өнцөг булан бүрт байгаа төрийн байгууллагад тавигдаж эхэлснийг онцолж байв. Энэ хүрээнд Канад улсын туршлагаас судалж, тухайн улсын санхүүгийн дэмлэгтэйгээр төсөл хэрэгжүүлж байгаа бол төрийн албыг чадавхжуулах чиглэлд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран шинэчлэлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна.
Энэхүү гурван өдөр үргэлжлэх зөвлөгөөнөөр төрийн албан хаагчдын ёс зүйн асуудал, ёс зүйн дүрмийг хэлэлцэж, гарын авлага боловсруулан, эрдэмтэн судлаачдын саналыг сонсох юм.