Багш: Шүүслэг гээд чангаар дагаад хэлээрэй
Хүүхэд- Сүүс-лэг хэмээсээр хичээнгүйлэн өөрийн хэл ярианы бэрхшээлтэйгээ тэмцэх таван настай хүү. Яг үүнтэй адилаар маш олон хүүхэд хичээнгүйлэн суралцаж байна. Судалгаагаар манай улсад таван хүүхэд тутмын нэг нь хэл ярианы бэрхшээлтэй гэсэн үр дүн гарчээ. Тиймээс “Бяцхан эрдэмтэн” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, хэл ярианы засалч, доктор Ж.Мөнхнасантай ярилцлаа.
-Эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ хэлээ хазаж ярих нь элбэг байдаг. Тэгвэл үүнээс болж хүүхдийн хэл ярианд өөрчлөлт орох боломж бий юу?
-Бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил гэдэг нь өөрийн гэсэн зүй тогтолтой байдаг. Хүүхдийн бие бялдрын онцлог болон мэдрэлийн системийн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдал нь хүүхдийн хэл яриа хэвийн хөгжих боломжийг бий болгодог. Эцэг эх зөвхөн хэлээ хазаж, эрхлүүлж ярьснаараа хүүхдийг хэл ярианы бэрхшээлтэй болгодог гэдэг нь өрөөсгөл юм. Хүүхдэд үгээ тод бус дуудах, хэл яриа нь ойлгомжгүй байгаад үндсэн хэдэн шалтгаанууд байгаа учир буруу ярих, дуудлага нь буруу байх асуудлууд бий болдог. Тиймээс хүүхэдтэйгээ ярилцаж, буруу зөв дуудлагыг нь засах шаардлагатай. Гэхдээ эдгээр бэрхшээлүүд нь олон шалтгаантай жишээлбэл, мах иддэггүй хүүхэд авианы буруу дуудлагатай болдог. Удаан зажилж байж боловсруулагддаг хоол идэх дургүй байх нь хүүхдийн хэл ярианы хөгжилд буюу өгүүлэх эрхтний булчин системийн хөгжил сул байгаатай холбоотой байдаг.
-Хүүхдийн хувьд ихэвчлэн аль үсгийг эсвэл авиаг дуудаж чадахгүй байдаг юм бол?
-Хүүхдүүдийн авиа, үсэгнүүдийг ялган сонсож сурах чадвар нас насандаа зохицсон байдаг. 4-5 сартайгаас хүүхэд ганганаж, шулганах үедээ баба, дадада гэх мэт уруулын авиануудыг ялган сонсож “Аба”, “Мама” гэх үгнүүдийг даган дуурайх процесс нэг нас хүртэл явагддаг. Үүнээс хойш хүүхдүүд Д,Т,С,Ц,Ш,З,Ч,Р,Л гэх мэт авиануудыг тав хүртэлх насандаа зөв дуудаж сурдаг. Энэ нь хүүхдүүдийн авиа ялган сонсох чадвартай холбоотой. Нөгөө талаараа хүүхдийн дуудах, өгүүлэх эрхтний тогтолцоо, мэдрэлийн үйл ажиллагааны хөгжлийн түвшинтэй холбоотой.
-Удаан хугацаанд хэл ярианы бэрхшээлтэй, цаашилбал сургууль орсон хэл яриа нь асуудалтай байвал ямар үр дүнд хүрэх вэ?
-Хүүхдийн хэл ярианы бэрхшээл гэдэг нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжилтэй шууд холбоотой. Танин мэдэхүйн хөгжил гэдэг нь хүүхэд орчин тойрон болон өөрийн харьцдаг бүхий л зүйлийнхээ нэрийг мэдэх, түүнтэйгээ харилцах үйл үг, түүнтэйгээ холбоотой холбоо үгийг үүсгэж өөрийн гэсэн үгийн сантай болох чухал ач холбогдолтой. Энэ нь хүүхэд танин мэдэж, ойлгож эргэн хэрэглэх гэсэн үйл явцаар хүүхдийн хэл ярианы хөгжил хөгждгийн илрэл. Тиймээс хүүхэд сургуульд орсон тохиолдолд багш дэвтрээ гарга гэхэд ойлгож дадлага ажлын дэвтрээ гарга гэхэд ойлгохгүй байх нь элбэг. Энэ нь хүүхдийн үгийн нөөц, түүнийгээ хэрэглэж чадахгүй байгаатай холбоотой. Мөн буруу дуудлагатай хүүхдүүдэд унших, бичихэд хүндрэл үүсдэг. Хүүхэд унших үедээ буруу уншиж, ярихдаа өөрийн буруу дуудаж байгаа авиатай үгэн дээр нь хүндрэл гардаг. Мөн хүмүүсийн ярьж байгаа үгнүүдэд өөрийнх нь буруу дууддаг үг байвал хүлээн авах, ойлгох чавдар нь сул болчихдог. Түүнээс болж цээж бичгийн сургалтад асуудал үүсэх нь бий. Бас бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвар муудаж өөртөө итгэлгүй, дотогшоо, ярих дургүй, ганцаардмал, зожиг, уур уцаартай болох гэсэн хүндрэлүүд сургуульд орсны дараа илэрдэг.
- Дэлгэц, утаснаас болж хүүхдийн хэл ярианд нөлөөлж байна уу?
-Дэлхий нийтээр цахим руу шилжиж байна. Энэ үед хүн өөрөө болон хүүхдээ хаана, ямар түвшний хэрэглэгч байх, яаж зохистой зөв хэрэглэхийг мэддэг байх нь зүйтэй. Цар тахлын үед хамгийн их хохирч байгаа хүмүүс бол хүүхдүүд. Эцэг эхчүүд зав багатай их ажиллаж байгаа тул хүүхэддээ анхаарал хандуулах нь буурч, хэрхэн яаж ажиллах арга зүйгээ мэдэхгүйгээс болж хүүхдэд хүндрэлүүд гарч байна. Нөгөө талаас хүүхдийн бие бялдрын хөгжил, эрүүл мэнд, хүүхдийн хүчилтөрөгч, шим тэжээлийн дутагдал бүхий л зүйлд анхаарал хандуулах шаардлагатай. Тиймээс дан ганц дэлгэц гэхээс илүүтэй бусад хүчин зүйлээс давхар шалтгаалж байна. Дэлгэц нь хүүхдийн харилцааны хүрээг хязгаарлаж байгаа, мэдрэлийн тогтолцоо, тархины мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааны алдагдалд хүргэх зарим нэг мэдрэлийн эсүүдийг гэмтээх хүртэл нөлөөг үзүүлж байна. Ялангуяа хүүхдийн харааны болон сонсголын мэдрэлийн эсүүдэд өөрчлөлт оруулдаг. Энэ нь хүүхэд өндөр хэмнэлийн дуу чимээ, долгионыг хүлээж авснаар энгийн харилцаанд буй зүйлсийг хүлээж авах, ойлгох чадваргүй болох дээрээ тулдаг. Тиймээс хүүхдэд гар утас, дэлгэцийг хэлд орж, аливаа зүйлийг ойлгон таньж мэдсэн цагаас нь хэрэглүүлбэл зохистой. Мөн монгол хэл нь хатуу дуудлагатай хэцүү хэл тул хүүхэд байхаасаа зөв дуудлагатай сайн сурч чадвал том болсны дараа бусад хэлийг сурахад хялбар байдаг.
- Хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн тоо 10-20 жилийн өмнөх үетэй харьцуулбал өссөн үү, буурсан уу?
-Миний хувьд энэ чиглэлээр хийсэн судалгааг Монголд олж хараагүй. Харин миний хийж буй судалгааны ажлын түвшинд байгаа судалгааны үр дүн бий. Төрийн болон төрийн бус хот, хөдөө орон нутгийн цэцэрлэгүүдийн 2000 таван настай хүүхдүүдийг хамруулсан судалгааны үр дүн нь таван хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хэл ярианы бэрхшээлтэй гэж гарсан юм. Үүнийг хийхдээ өндөр шалгуур тавиагүй. Энгийн үг, үсэг хэлүүлэх, аливаа зургийг харуулж заалган, нэрлүүлж ээрдэг, гацдаг, буруу дуудлагатай, гуншдаг, үгийн нөөц нь хүрэлцэхгүй энгийн зүйлсийг нэрлэж чадахгүй байгаа хүүхдүүдийг олж тогтоосон судалгаа юм. Манай улстай адилхан хатуу дуудлагатай хэлтэй бусад улсын жишиг зүйлсийг харахад бидний хийсэн энэхүү судалгаатай ижил зүйлс харагдаж байсан. Хэр ярианы энэхүү бэрхшээл нь хаа сайгүй нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч байна.
-Хэл ярианы бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд гэртээ сэргээн, засах ямар арга байна вэ?
-Хүүхдэд хэл ярианы бэрхшээлийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд. Утас, дэлгэц их ашигладаг хүүхдүүдийн ой тогтоолт, анхаарал, төвлөрөлт сул байдаг тул түүнийг нь сайжруулахын тул эцэг эхчүүд нэгдүгээрт утас, дэлгэцийг хорих нь зүйтэй. Мөн бие бялдрын хөгжлийг дэмжих нь зүйтэй. Гадаа гаргаж алхуулах, дугуй унуулах, хөдөлгөөн хийлгэх нь чухал. Биеийн хөгжлийг дэмжсэн аливаа үйл ажиллагаа нь хүүхдийн тархины болон танин мэдэхүйн хөгжлийг сайжруулах, тархинд очих хүчилтөрөгч, цусан хангамжийг нэмэгдүүлэх давуу талтай. Үүнээс гадна хүүхэдтэйгээ сайн ярилцаж, асуулт тавьж хариултыг нь нэхдэг, хариултыг нь хэлж өгч даган дуурайлгаж зааж сургадаг байх шаардлагатай. Хэрэв ингэж чадвал хүүхдийн хэл ярианы хөгжилд онцгой дэмжлэг болж чадна.
-Хөл хорионоос үүдэж хүүхдийн хэл ярианд нөлөөлж байгаа юу?
-Гол нөлөөлөх асуудал нь нийгмийн харилцаа байдаг. Хүүхэд олны дунд орж чадахгүй байх, харилцаж чадахгүй байх нь хүүхдийн танин мэдэхүйн болон хэл ярианы хөгжил цаашилбал сэтгэлзүйд нь хүртэл муугаар нөлөөлж байгааг олон улсын судалгаанууд баталж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ олон хүнтэй хамт байлгах, хүүхдүүдтэй тоглуулж харилцаанд оруулах гэж хичээх хэрэгтэй байна.