Open iToim app
Анализ | 4 мин уншина

Нүүрсний хулгай: Хилээр гарсан зарим нүүрс тээвэрлэгчийн мэдээллийг ГЕГ, ХХЕГ-ын системээс устгажээ

Нүүрсний хулгай: Хилээр гарсан зарим нүүрс тээвэрлэгчийн мэдээллийг ГЕГ, ХХЕГ-ын системээс устгажээ
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 9
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарсан нүүрсний экспортын тээвэрлэлтэд хийсэн шалгалтын үр дүнг танилцуулсан.
Шалтгалтуудыг 2013, 2018, 2022 онуудад хийсэн байдаг. Ингэхдээ Монгол Улсын хилээр экспортод гарсан нүүрсний мэдээллийг БНХАУ-ын гаалийн мэдээлэлтэй тулгах замаар тодорхой зөрчил, нотлох баримтууд илрүүлжээ.
Дээрх гурван шалгалтаар нийт 1.4 сая тонн буюу 108.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий нүүрсийг улсын хилээр хууль бусаар гаргасан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Үүнд:    
-379 мянган тоон нүүрсийг гаалийн мэдүүлэггүй улсын хилээр гаргасан
-857.3 мянган тонн нүүрсийг гаальд мэдүүлснээс илүү хэмжээгээр экспортолсон
-186 мянган тонн нүүрсийг гаалийн мэдүүлэггүй манифестаар гаргасан
Шалгалтуудаар илрүүлсэн анхаарал татсан баримтуудыг тоймлон хүргэвэл. 
2013 онд хийгдсэн шалгалтаар:
1. Гашуунсухайт боомтоор 2010-2011 оны долдугаар сарын 1-ний өдрийн хооронд 3758 тээврийн хэрэгслээр урд хөрш рүү гарсан 379 мянган тонн нүүрсэнд экспортын бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг мэдээллийн нэгдсэн санд байхгүй. Тиймээс үүнийг гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр хууль бусаар нүүрс тээвэрлэсэн байж болзошгүй гэж үзсэн.
Тэгвэл гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан уг нүүрсний өртөг нь тухайн үеийн нүүрсний ханшаар 41.69 сая ам.доллартай дүйж байна.
Хамгийн гол нь, тээвэрлэгч компаниуд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км автозамаар шатахуун, зардал гаргаж хоосон тээвэр хийсэн гэдэг хэнд ч логикгүй сонсогдоно. Мөн 3758 машин Гашуунсухайтын боомтоор хоосон гарсан атал Хятадын гаалийн мэдээллээр Ганцмод боомтоор ид шидийн мэт нүүрс тээж орсон нь яах аргагүй ГЕГ, ХХЕГ-ын албан тушаалтнууд оролцсон гэмт хэрэг байж болзошгүйг илтгэнэ. Мөн татвараас зайлсхийсэн гэмт хэрэг.
Улсын хилээр нүүрс ачсан 3758 машин хоосон гараад явчихсан гэдэг огтоос үнэмшилгүй. Улсын хилээр 100-аас дээш тоннын даацтай машинд ачсан ачааг олж харахгүй байгаа хилийн хяналтын байгууллагууд хориотой ачаа, барааг хэрхэн илрүүлж байгаа нь эргэлзээ төрүүлнэ.
2. Улмаар урд хөршийн талд хүсэлт тавьж, Хятадын гаалийн мэдээлэлтэй тулгахад Монгол Улсын хилээр гаальд мэдүүлснээс 53 мянган тонн нүүрс илүү гарчээ. Тухайн үед хилийн цэргийн мэдээллийн сан цахимжаагүй, нүүрсний тээврийг гараар бүртгэдэг байсан тул 3 тонноос дооших жингийн зөрүүг механик алдаа гэж үзсэн. Харин хоёр улсын гаалийн бүртгэлээр 3 тонноос дээших жингийн зөрүүтэй бүртгэгдсэн нүүрсний хэмжээ 53 мянган тонн буюу тухайн үеийн ханшаар 5.8 сая ам.доллар болж байна.
Өөрөөр хэлбэл, Гашуунсухайт боомтоос гаалийн мэдүүлгээр 100 тонн гэж гардаг хэрнэ Хятадын Ганцмод боомтоор орохдоо 110 тонн болж, зөрүү нүүрсэнд татвар, АМНАТ төлдөөггүй аж.  Ачаатай нүүрсийг замд нь арвижуулдаг гэмт хэргийн ард хилийн хяналтын байгууллагууд тээвэрлэгч компаниудтай үгсэн хуйвалдсан авлига, албан туушалын хэрэг байж болзошгүй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэр үед ажиллаж байсан гаалийн байгцаагчдыг бүгдийг нь тухайн үеийн гаалийн мэдээллүүдтэй тулган шалгах. Тээврийн компаниудын эцсийн өмчлөгч, улс төрийн өндөр албан тушаал бүхий хүмүүсийн холбоо хамаарлыг ил болгох ажил хийгдэж байгаа талаар мэдээлсэн. Тиймээс 10 жилийн өмнөх эл асуудал нэг тийш шийдэгдэх нь цаг хугацааны асуудал биз.  
2018 онд хийгдсэн шалтгалтаар:
3. Харин сүүлд хийгдсэн хоёр шалтгалтаар дээрх асуудал 10 жилийн дараа ч үргэлжилсэн хэвээр байжээ. Тиймээс нүүрсний хулгайн гэх асуудлаар хилийн хяналтын байгууллагын үе үеийн удирдлагууд, тэдний томилсон хүмүүсийг холбоо хамаарлаар нь шалгах нь зохистой мэт.
Тухайлбал, 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 компани 2727 автомашинаар 17149 удаа улсын хилээр “хоосон” гарсан. Үүнийг 2013 оны шалгалтын адил мөн нүүрстэй гарсан байж болзошгүй гэж үзсэн. Уг хэрэгт холбогдуулан АТГ дээр хоёр хэрэг, Эрүүгийн цагдаагийн албанд гурван эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Мөн 2013-2017 онд 54 компани “Тавантолгой” ХК-аас 6.25 сая тонн нүүрс худалдан авч, хоёр улсын гаалийн мэдээллийн тулгалтаар 591.5 мянган тонн нүүрс илүү гарсан нь тогтоогдсон. Хятадын 24 компани “Тавантолгой” ХК-аас худалдаж авснаасаа 211.5 мянган тонн нүүрс илүү экспортлосныг илрүүлсэн.  
2022 онд хийгдсэн шалгалтаар:
4. Гаалийн мэдээллийн санд 2019 онд (14209100819E00028, 14211100519E04586, 14214100119E21891, 14214100119E21666) дугаар бүхий гаалийн мэдүүлэгт 57 ширхэг манифест бичиж 5402.6 тонн нүүрс экспортолсон гэжээ. Гэвч  хамтарсан манифестын сангаас шүүж үзэхэд уг 4 гаалийн мэдүүлгийн дугаар бүхий 62 ширхэг манифест бичигдэж 5852.5 тонн нүүрс экспортолсон. Өөрөөр хэлбэл, 5 манифест илүү бичиж, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийснээсээ 450 тонн нүүрсийг илүү хэмжээгээр экспортолсон байна.
Үүнээс харахад, бичигдсэн гаалийн мэдүүлгийн жин тоо манифестын жин тооноос зөрүүтэй, илүү манифест бичиж нүүрсийг гаргадаг бас нэг хэлбэр бий болсон байна гэх дүгнэлт хийжээ.
Мөн улсын хилээр гаргахаас татгалзсан төлөвтэй гаалийн мэдүүлгээр 725.4 тонн буюу 143.6 мянган ам.долларын үнэ бүхий нүүрсийг 6 удаагийн үйлдлээр улсын хилээр гаргасан нь ГЕГ болон ХХЕГ-ын мэдээллээр баталгаажсан.
5. Хамгийн ноцтой нь, ХХЕГ-ын улсын хилээр нэвтрэгчийг бүртгэдэг бүртгэлийн системийн мэдээллийг устгасан, засварласан болохыг тогтоосон. Улмаар ХХЕГ-ын зүгээс БНХАУ-ын хил хамгаалах байгууллагад хандан 2021 аравдугаар сарын 1-нээс 2022 дөрөвдүгээр сарын 25-ны хооронд улсын хилээр нэвтэрсэн зорчигч, тээврийн хэрэгслийн хил нэвтрэлтийн мэдээг гаргуулан авч, Гаалийн мэдээлэлтэй тулгалт хийхэд тулгалт хийхэд 574 тээврийн хэрэгслийн зөрүү гарсан. Тэдгээр нь улсын хилээр хууль бусаар нүүрс гаргасан байж болзошгүй байгаа юм.
Ийнхүү гаалийн бүрдүүлэлтгүй, гаальд мэдүүлснээс илүү хэмжээгээр нүүрс гаргаж, гаалийн мэдээллийг устгадаг “хулгайн сүлжээ” 2010 оноос хойш буюу Тавантолгой орд ашиглалтад орсноос хойш оршин тогтнож иржээ.
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн