Монголд анх удаа алхангаа мөнгө олох боломжийг бүрдүүлсэн “WE” нэртэй гар утасны аппликейшн зохиожээ. Аппликейшны гол хэсэг нь хүний эрүүл мэндэд чиглэсэн бөгөөд өдөр тутамдаа хийдэг алхалтад тулгуурласан аж. Замын түгжрэл, стресс, хөдөлгөөний дутагдал зэрэг нийгэмд тулгамдсан асуудал нь хүн бүрийн амьдралд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөг үзүүлж байдаг учраас энэхүү аппликейшныг хийх гол шалтгаан болсныг “We” аппликейшнийг зохиосон залуус хэлж байлаа.
Ингээд “We” аппликейшныг зохиосон залуусын төлөөлөл болох Л.Баянжаргалтай ярилцлаа.
-Монголд анхдагч гэж хэлж болохоор алхаад мөнгө олох боломжтой “We” аппликейшнийг хийх болсон шалтгаан юу?
-Манай нийгэмд түгжрэл, утаа гээд тулгамдсан асуудлууд их байгаа. Залуус бид нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг болохгүй байна гээд шүүмжлээд суухынхаа оронд өөрсдийнхөө хийж чадах зүйлээрээ тулгамдаж байгаа асуудлуудыг бага ч болтугай шийдэхийг зорих хэрэгтэй. Улаанбаатар хотын иргэд бараг л өдрийн ихэнх цагаа түгжрэл дунд өнгөрөөж байгаа. Тийм учраас бид хүмүүсийг түгжрээд сууж байхынхаа оронд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж эрүүл мэнддээ анхааран алхахыг санал болгосон юм. Тэр ч утгаараа хүний өдөр тутамдаа хийдэг алхалтыг тодорхой хэмжээнд үнэ цэнтэй болгож өгөхийг зорьсон. Замын түгжрэлд олон цаг түгжирч, стресстэж байхынхаа оронд “We” аппликейшныг ашиглан эрүүл мэнддээ анхааран алхаж оноо цуглуулах боломжийг олгож байгаа юм. Алхаж цуглуулсан оноо бүрээрээ “WE” аппликейшнтай хамтран ажиллаж буй байгууллагуудаас хөнгөлөлт авах боломжтой. Хөнгөлөлтөөр авах боломжтой зүйлүүдэд хүний өдөр тутам хэрэглэдэг бүхий л зүйлүүдийг оруулсан байгаа. Тухайлбал кофе, иогийн сургалт, бэлэг дурсгал, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг зүйлүүдийг тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой байгаа.
-Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч залуусын хандалт хэр байгаа вэ?
-Бидний хийсэн энэхүү бүтээл маань алхаад мөнгө хуримтлуулж, эрүүл мэндэд нь анхаарсан анхны аппликейшн учраас хүмүүсийн хүлээлт өндөр байсан. аппликейшн маань хэрэглээнд ороод 10 гаруй хонож байна. Бид аппликейшнаа хэдийгээр хүмүүс бага алхдаг өвлийн улиралд нээсэн ч гэсэн хандалт маш өндөр байгаа нь бидэнд их урам өгч байна. Одоогийн байдлаар 13 мянга гаруй хүн татсан байна. Насны хүрээлэл гэвэл 15-40 гаруй насныхан манай аппликейшныг ашиглаж байгаа. Хүмүүс ер нь маш идэвхтэй ашиглаж байгаа.
-Аппликейшныг хотын оршин суугчид ашиглахаас гадна хөдөө орон нутгийн иргэд ашиглах боломжтой гэсэн энэ талаар тодруулахгүй юу?
-Нээлтээ хийгээд удаагүй байгаа болохоор одоохондоо үйлчилгээний байгууллагууд нь Улаанбаатар хотын хэмжээнд байгаа. Ерөнхий цаад том хүрээ нь иргэдийн эрүүл мэндэд чиглэсэн учраас хөдөө орон нутгийн иргэд ашиглах бүрэн боломжтой байгаа. Цаашдаа бид хөдөө орон нутгийн иргэддээ зориулаад тухайн аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагуудтай хамтарч ажиллахыг зорьж байгаа. Мөн манайхаас зарласан чалленжуудад хөдөө орон нутгийн иргэд маань оролцох боломжтой байгаа. Бид аппликейшныхаа нээлтэнд зориулаад Iphone 11 гар утасны хонжвортой оноо цуглуулах чалленж зарласан байгаа. Энэхүү чалленжид хөдөө орон нутгийн иргэд маш сайн оролцож байгаа.
-Аппликейшн хөгжүүлэлт болон цаашдын зорилго юу вэ?
-Аппликейшн хөгжүүлэлтийн хувьд маш олон шинэлэг санаануудыг гаргасан байгаа. Бидний яг одоогийн зорилго бол энэхүү алхалтын өгөгдлөө илүү сайн дээд төвшинд хөгжүүлэхийг зорьж ажиллаж байна. Үүний дараа шат шаттайгаар шинэлэг санаануудаа оруулаад явна.
“We” аппликейшныг гар утсандаа суулгаснаар 1 км алхах тутамдаа 300 оноог цуглуулах боломжтой юм. Өдөрт хамгийн ихдээ 15 км алхалт хийж оноо авах заалттай бөгөөд дээд хэмжээг хүртэл алхана гэж тооцвол өдөрт 4500 төгрөгтэй тэнцэхүйц оноотой болох бөгөөд алхсан газар бүрийг интернэтгүй орчинд ч автоматаар тооцож болдгоороо давуу талтай.
Сүүлийн жилүүдэд иргэд хамт олон, найз нөхдөөрөө уул хаданд авирч, аялах дуртай болсон. Энэхүү аппликейшн хэрэглээнд нэвтэрснээр хүмүүс алхах нь ихэсч, иргэдийн эрүүл мэндэд ач тусаа өгнө гэдэгт бид итгэлтэй байгаа юм. Өдөр бүр 30 минут түргэн алхахад хорт хавдраар өвчлөх эрсдэл 40 хувиар багасдаг гэдэг. Нөгөөтээгүүр, иргэд автомашин жолоодох, ойр зайд такси хөлөглөхөөс татгалзаж алхангаа оноогоо цуглуулдаг болох нь түгжрэлийг сааруулах ач холбогдолтой юм. Мөнгөө төлөөд такси барих уу, алхаад мөнгө хуримтлуулах уу гэдэг таны сонголт болж байна.