Open iToim app
Ерөнхийлөгч | 3 мин уншина

У.Хүрэлсүх: Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа нь энхийг сахиулагчид та бүхэн юм

У.Хүрэлсүх: Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа нь энхийг сахиулагчид та бүхэн юм
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 29
Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн цэргийн ёслолын жагсаал жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх жагсаалыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Эрхэм хүндэт энхийг сахиулагч цэнхэр дуулгатан дайчид аа!
Эрхэм хүндэт зочид оо!
Та бүхэнд Олон улсын энхийг сахиулагчдын өдөр, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
2002 онд Монгол Улс цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш  20 гаруй мянган цэрэг, дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцуулж, монгол цэрэг Дэлхийн цэрэг боллоо.
Энэ нь манай улс, Зэвсэгт хүчний түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэж байна.
undefined
Энхийг дэмжих ажиллагаанд цэрэг эрсээ оролцуулах нь манай улсын хувьд цоо шинэ бодлого, зорилт бас томоохон сорилт байлаа. Үүнийг Монгол төрийн нэгдмэл бодлого, төрийн байгууллагуудын хамтын хүчин чармайлт, цэрэг дайчдын маань идэвх зүтгэлээр богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Манай улс өнөөдөр цэрэг хандивлагч орнуудын дотор энхийг сахиулагчдын тоогоор 24 дүгээрт, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоор 17 дугаарт жагсаж байгаа нь Монгол Улс энхийг эрхэмлэгч орон болохын бодит баталгаа болж байна.
Монгол Улс нь Бүгд Найрамдах Сьерра Леон Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд найрамдах Өмнөд Судан Улс, Бүгд найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд найрамдах Ардчилсан Баруун Сахар Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс, Эритрей Улс, Бүгд Найрамдах Гүрж Улс, Бүгд Найрамдах Косово Улс, Бүгд Найрамдах Йемен Улс зэрэг гурван тивийн 10 гаруй улсад цэргийн ажиглагчаас хүчний командлагчийн орлогч, мотобуудлагын салаанаас батальон хүртэл хүчийг сурган бэлтгэж, энхийг сахиулах ажиллагаанд үе шат, бодлого зохион байгуулалттайгаар оролцон, бахдам сайхан амжилт үзүүлсэн юм.
Манай Улс Бүгд Найрамдах Ирак Улсад явагдсан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргийн баг, Исламын бүгд Найрамдах Афганистан Улс дахь  “Тогтвортой эрх чөлөө”, “Олон улсын аюулгүй байдлыг хангах хүчин”, “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаануудад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг, Нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээний сургалтын бүлэг, цэргийн хамгаалалтын багуудыг илгээж, дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн үйл хэрэг, бүс нутгийн аюулгүй байдлыг тогтворжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд жил бүр 900 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь манай улсын хүн амын тоо, Зэвсэгт хүчний чадавхтай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Эх орныхоо нэр хүндийг дэлхий ертөнцөд дуурсган, эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоох ариун үйлсэд нэр төртэй зүтгэж байгаа энхийг сахиулагч нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч чин сэтгэлийн талархал илэрхийлье.
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн