Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадоржтой 2023 оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Төсвийн төслийг өргөн барихад Сангийн сайд төсвийг байж болох хэмжээгээр нь танасан гэж хэлсэн. Гэвч эдийн засагчид, олон нийт төсвийг хангалтгүй танасан гэж үзэж байгаа юм. Төсвийн зардлыг тооцохдоо ямар зарчмаар, ямар ямар зардлуудыг танасныг хэлж өгнө үү?
-Төсвийн зарлагыг дунд хугацаанд аль болох тэлэхгүй байх бодлого баримталсан. Энэ хүрээнд Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан. Үүний үр дүнд ирэх жилийн төсөв дээр гарах байсан зардлаас нэг их наяд төгрөг хэмнэж чадлаа. Харамсалтай нь, төсөв тогтвортой байгаад байж болдоггүй. Хүн амын өсөлт, статистикийн өөрчлөлттэй холбоотой зардал тэлж байдаг. Тэтгэвэр авч буй хүний тоо жил бүр нэмэгддэг. Гэтэл бид зарлагаа нэмэгдүүлэхгүй гээд тухайн жилд тэтгэвэрт гарч буй хүний тэтгэврийг өгөхгүй байж болохгүй шүү дээ. Аравдугаар анги төгсөж буй хүүхдийн тоо нэгдүгээр ангид элсэж буй хүүхдийн тоо 40 мянга орчмоор зөрүүтэй. Жил бүр хүүхдийн тоо ингэж нэмэгдэж байна. Тэгэхээр нэг хүүхдэд зарцуулдаг сургалтын, хоолны гэх мэт бүх зардал энэ хэмжээгээр нэмэгдэж байна гэсэн үг.
Мөн нэгэнт УИХ-аар батлагдсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх шаардлагатай байдаг. Жишээлбэл, УИХ-аас хүнсний хангамжтай холбоотой тогтоолыг баталсан. Энэ тогтоол нь дунд хугацаанд Монгол Улс дотооддоо хүнсээ үйлдвэрлэх, хүнсний аюулгүй байдлаа хангах зорилготой. Тус тогтоолтой холбогдуулан 230 тэрбум орчим төгрөг төсөвт суусан. Түүнчлэн, 2023 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байна. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уясан халамжийн хэмжээ нэмэгдэх жишээтэй. Ингээд урсгал зардал 1.5 их наядаар нэмэгдэх зайлшгүй шаардлага үүссэн.
-Танасан нэг их наядад юу юу багтаж байна вэ?
-Төсөвт байгууллагын үйл ажиллагааны бүх зардлаас байж болох хэмжээгээр таналаа. Гэхдээ эмнэлэг, сургуулийн үйл ажиллагааны зардлаас хасаагүй. Харин төрийн захиргааны байгууллагуудын төсвийг танасан гэж хэлж болно. Эмнэлгийн төсвийг хасахгүйгээр ЭМЯ-ных нь төсвөөс хасаж байх жишээтэй. Нөгөө талдаа, төрийн үйлчилгээг тасралтгүй үзүүлэх ёстой. Үүнийг доголдуулахгүй байхад мөн анхаарсан.
-Яг юуг нь хассан бэ, бичиг хэргийн зардал гэх мэтийг хассан уу?
-Урсгал зардлаас гадаад, дотоод томилолт, автомашинтай холбоотой зардал, дүрэмт хувцасны зардал гэх мэт Төрийн хэмнэлтийн хуульд заасны дагуу хассан.
-Энэ өвөл хамгийн хэцүү байх салбарыг эрчим хүчний салбар гэж тодорхойлоод байна. Гэтэл тус салбар маш их алдагдалтай байхаас гадна төсвөөс бага мөнгө тавигдсан гэж харж байгаа юм. Эрчим хүчний салбарт тавих мөнгийг нэмэхгүй байсан уу?
-Эрчим хүчний салбар бол нийгмийн салбартай харьцуулахад өөрөө орлогоо олох чадамжтай салбар юм. Харин зах зээлийн тогтолцоо руу нь илүү чиглүүлэх шаардлагатай байна. Харамсалтай нь, эрчим хүчний үнэ тариф чөлөөлөгдөөгүй, чөлөөлөгдөх боломжгүй нөхцөлтэй яваад байна. Үүнээс үүдэж гарч буй зардлаасаа олж буй орлого нь хамаагүй бага болсон. Нэг кВт цахилгааныг үйлдвэрлэж буй өртөг нь зарж буй үнээсээ бага байх жишээтэй. Эрчим хүчний салбар зах зээлийн тогтолцоо руугаа шилжиж чадахгүй байгаа цөөхөн салбарын нэг болоод байна. Тиймээс ирэх жил үнэ тарифыг зах зээлийн зарчимд шилжүүлэх асуудал ирэх жил орж ирнэ. Ингэснээр эрчим хүчний салбар улсын төсвөөс хөрөнгө аваад байх шаардлагагүй болно. Илүү хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах чиглэл рүү явах болов уу. Сангийн яамны баримталж буй бодлого энэ л дээ.
-Эдийн засагчид, судлаачид Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж байхад төсөв ч мөн хумьсан бодлоготой байх хэрэгтэйг хэлж байна. Харин Засгийн газраас үүнээс илүү танаж чадахгүй гэж үзэж байна. Төсвийг үүнээс илүү танавал бид ямар эрсдэлтэй нүүр тулах вэ?
-Үүнээс илүү хумивал төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр рүү орохоос өөр аргагүй болно. Урсгал зардлын бүтцийг аваад үзвэл халамж 2 их наяд, тэтгэвэр тэтгэмж 4 их наяд, боловсрол, эрүүл мэнд, соёл биеийн тамирын салбарын алба хаагчдын цалин, үйл ажиллагааны төсөв 3 их наяд, үүнээс бусад салбарын цалин, үйл ажиллагааны зардал нь мөн 3 их наяд орчим төгрөг байна. Энэ зардлуудыг хасах юм бол төрийн үйлчилгээ доголдох эрсдэлтэй юм.
-Хөрөнгө оруулалтын зардлаа танаад төсвөө алдагдалгүй батлах хэрэгтэй гэдэг санал ч гарч байсан. Цаашид эдийн засаг үүнээс ч илүү хямрах эрсдэлтэй байхад хөрөнгө оруулалтын зардлыг өндөр тавих нь хэр зохимжтой вэ?
-Хөрөнгө оруулалтын зардалд 5.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 2.9 их наяд нь улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөрөнгө оруулалтад нэг их наяд орчим, 1.2 их наяд нь гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг хөрөнгө оруулалт байгаа юм.
Өмнөх жилүүдэд бид маш олон хөрөнгө оруулалтыг эхлүүлсэн нь үнэн. Цаашид эдийн засаг хямрах эрсдэлтэй гэсэн таны байр суурьтай санал нэг байна. Тиймээс л хөрөнгө оруулалтаа хамгийн түрүүнд дуусгах хэрэгтэй байгаа юм. Дахиад хоёр жилийн дараа эдийн засгийн нөхцөл байдал сайжрахаар хөрөнгө оруулна гээд хүлээлгэвэл үнэ тариф улам нэмэгдээд л, төсөвт улам дарамт болно. Нэг барилгаа дуусгаж чадахгүй, тэр зарцуулсан мөнгийг нь салхинд хийсгэх эрсдэлтэй юм.
Түүнчлэн тендерт шалгарсан барилгын компаниудын үйл ажиллагааг ойлгох хэрэгтэй. Тэд зээл аваад, барилгаа бариад, тэгээд гүйцэтгэлээ нотлоод улсын төсвөөс санхүүжилтээ авдаг. Хэрвээ энэ барилгуудыг хүлээлгэх юм бол зээл авсан компаниуд зээлээ төлж чадахгүйд хүрэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд барилгын салбар, арилжааны банкуудыг дамнасан санхүүгийн хямрал үүсэхийг үгүйсгэхгүй.
-Цаашид хөрөнгө оруулалтыг барилга байгууламжид зарцуулахаа больж, эдийн засгийг өргөх томоохон төслүүдийг санхүүжүүлж эхлэх үү?
-Тийм ээ. Хөрөнгө оруулалтад мөнгө зараад тэр нь эргээд төсөвт орлого оруулдаг байдал руу чиглэнэ. Тиймээс нэгэнт эхлүүлсэн төслүүдээ дуусгахаар шийдсэн. Ингэснээр дараа жил 2024 оны төсвийг төсөвлөхөд орон зай гараад ирнэ. Тэр үед тойрог руу чиглэсэн хөрөнгө оруулалт тавихгүйгээр бүсийг хамарсан, улсыг хамарсан төслүүд рүү хөрөнгө оруулна. Төрийн хэмнэлтийн тухай хууль ч үүнтэй холбогдоно. Сумын асуудлыг сум нь өөрөө шийддэг байх, аймгийн асуудлыг аймаг өөрөө шийддэг байхад чиглэнэ. Харин улсын төсөв эргээд орлого олдог томоохон төслүүдийг санхүүжүүлнэ.
-Орлогыг бодит бус төлөвлөсөн гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал, 36 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн. Гэтэл сүүлийн хоёр жилийн нүүрсний экспорт нийлээд 36 сая тонн хавьцаа байна шүү дээ. Орлогоо хэт өөдрөг төсөөлөөд байгаа юм биш үү. 2019 оны экспортын хэмжээтэй дүйцнэ гэдэгт яаж итгээд байна вэ?
-Орлого бодит уу, бодит бус уу гэдгийг статистикаар л нотолно. Орлого ДНБ-д 33 хувьтай байна. Ирэх жил энэ хэмжээг 34 хувь байхаар тооцож оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, яг олон жилийн дунжаар л төлөвлөсөн гэсэн үг. Хангалттай биелнэ гэж харж байна.
Орлогын дийлэнх хувийг уул уурхайгаас олох орлого эзэлдэг. Бид 2019 онд 36.5 сая тонн нүүрс гаргасан. Энэ жил бид 18 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21 сая тонн гараад байна. Өнгөрсөн тавдугаар сараас нүүрсний экспорт идэвхжиж эхэлсэн. Оны эхний дөрвөн сард бид дөрвөн сая тонн орчмыг л гаргаад байлаа. Гэтэл сүүлийн таван сард нүүрсний экспорт эрчимжиж, энэ жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байна. Яг энэ эрчмээрээ явбал 36 сая тонноос ч илүүг экспортлох боломжтой.
-Төсвийн алдагдал болох 1.5 их наядыг хэрхэн санхүүжүүлэх вэ. Алдагдалгүй оруулж ирэх боломжгүй байсан уу?
-Алдагдлыг бууруулахын тулд орлогоо нэмж болно л доо. Гэхдээ орлогыг бодитой тодорхойлох ёстой учир алдагдалтай орж ирж байна. Алдагдлыг үе шаттайгаар бууруулна. Алдагдлын 1.2 их наядыг нь гадаадын зээл, тусламж /хөрөнгө оруулалтын зардалд туссан/, 350 тэрбумыг дотоодын бондоор санхүүжүүлнэ.
-Сүүлийн жилүүдэд төсвийг маш их тодотгож байсан. Нэг жилд гурван удаа тодотгосон тохиолдол ч байна. Ирэх жил төсөв тодотгох нөхцөл байдал үүсэх үү?
-Төсөв тодотгох нөхцөл байдал үүсэхгүй гэж бодож байна. Нөгөө талдаа бид төсөв тодотгохгүй байхад зорих ёстой.
-Төсвийг реформын шинжтэй байлгая гэж жил бүр ярьдаг. 2023 оны төсөвт реформын хэв шинжтэй юу багтсан бэ?
-Төрийн хэмнэлтийн хуулийг баримталсан анхны төсөв гэдгээрээ онцлог. Нөгөө талаар 2023 оны төсөв маш том сорилтуудтай нүүр тулна. Геополитикийн нөхцөл байдал ийм байгаа үед хэрхэн эдийн засгаа тогтворжуулах вэ гэдэгт зорьж төлөвлөсөн.
Бидний өргөн барьсан төсөв энэ чигээрээ батлагдсан тохиолдолд инфляцын хувь нэг оронтой тоонд орж, төсвийн орлого биелж, экспортоо нэмэгдүүлж, халамжаа зорилтот бүлэг рүүгээ чиглүүлж чадна гэж найдаж байна.