Open iToim app
Дэлхий | 4 мин уншина

Урлагийн ертөнцийн тайлагдашгүй нууц буюу ‘27 клуб’

Урлагийн ертөнцийн тайлагдашгүй нууц буюу ‘27 клуб’
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 1 сарын 29
‘27 клуб’ гэх нэршил бий болсон  түүхийг эхлээд товчхон дурдая. 1969-1971 оны хооронд рок хөгжмийн алтан үеийн гоц төлөөлөл болсон Брайн Жонес, Жимми Хендрикс, Жанис Жоплин, Жим Моррисон нар бүгд цэл залуу 27 насандаа зуурдаар таалал төгссөн. Хожим олон жилийн дараа буюу 1994 онд, одоо хэрнээ “хамгийн сүүлчийн жинхэнэ рок од” гэж нэрлэгдсээр байгаа Америкийн алдарт Нирвана хамтлагийн дуучин Курт Кобэйн 27 насандаа амиа хорлож, нас барсны дараагаар 27 клуб гэх нэршлийг ярих болсон юм. Өөрөөр хэлбэл, 27 насандаа харамсалтайгаар амиа алдсан алдартнуудыг хамруулан 27 клубын гишүүд гэх болжээ. Эдгээр бүх алдартнуудын үхэлд эмнэлгийн албан ёсны дүгнэлт байдаг ч шүтэн бишрэгчид болон намтар судлаачид хэзээ ч тайлагдашгүй мэт эргэлзээ төрүүлэм асуултуудыг тавьдгаас болж олны анхаарлыг татах болсон байна. Уг алдартнууд нь ихэвчлэн архи болон хар тамхинаас болж нас барсан байдаг бол цөөн хэд нь амиа хорлож байжээ.
Зөвхөн 27 клубын гишүүдийн үхлийг судалдаг судлаачид гэж байдаг. Тэд алдартнуудын үхлийг голцуу улс төрийн аллага болон шашны зан үйлтэй холбон тайлбарлах гэж оролддог байна. Чухам яагаад эдгээр алдартнууд бүгд 27 насандаа таалал төгсөх болсныг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан хамгийн ойр хувилбар нь рок од гэх нэр алдартай хамт маш эмх замбараагүй амьдралын хэв маяг дагалддаг. Тухайлбал согтуурах, мансуурах болон сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг нь жирийн хүмүүстэй харьцуулахад урлагийн хүний хувьд, тэр тусмаа олны танил хүнд илүү түгээмэл байдгийг урлаг судлаач Ховард Соүнэс онцолсон байна. Жирийн хүмүүсийн хувьд зүй бусаар амиа алдах нь 19-31 насны хооронд илүү тохиолддог байна.
Ингээд 27 клубын зарим хамгийн алдартай гишүүдтэй танилцъя.
1. Брайн Жонес /1942-1969/
undefined
Амьд хөгжмийн домог аугаа “Rolling Stones” хамтлагийн үүсгэн байгуулагч тэрээр 1969 оны долдугаар сарын 3-нд төрөлх Англи улсад байх гэрийнхээ усан санд нас барсан байжээ. Хэргийн газрын үзлэгээр түүнийг усанд сэлж байх үедээ мансууруулах бодис болон алкоголийг хэтрүүлэн хэргэлсэн байсан гэжээ. Түүний үхэл нь хамгийн тайлагдашгүй үхлүүдийн нэг бөгөөд маш олон хүн үнэхээр албан ёсны үхлийн шалтгаан нь юу байсан тухай мэдэхийг хүсдэг ч одоо болтол хэргийн ээдрээ тайлагдаагүй байна. Хамтлагийн гишүүн Кэйт Ричардс түүнийг алдсаны дараахан хэлэхдээ “Би яг юу болсон талаар сайн мэдэхгүй байна, гэхдээ ямар нэгэн бохир бизнес явагдаж байгааг мэдэж байна ” гэжээ.
2. Жимми Хендрикс /1942-1970/
undefined
Тэрээр яахын аргагүй рок хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу соло гитарчин билээ. 1970 оны есдүгээр сарын 18-ны баасан гаригт Английн Лондон хотноо найз бүсгүйн хамтаар унтахаар орондоо ороод хэзээ ч ахин босож ирээгүй юм. Тэрээр унтахаасаа өмнө Веспаракс гэх нойрсуулах үйлчилгээтэй эм уусан бөгөөд уг эмийн нэг таблэтийг хоёр хуваасны нэг нь насанд хүрсэн хүнийг найман цаг унтуулах найрлагатай юм. Түүний цогцсод задлан шинжилгээ хийхэд түүний ходоодноос 9 ширхэг тус эмийг олсон байна. Мөн тэрээр эмийг архиар даруулан уусан байжээ. Түүний дотнын найз Дэрин Ховье хэлэхдээ “Тэр зөвхөн үүнийг ч гэлтгүй олон жилийн турш маш муу зүйлсийг хэрэглэсээр ирсэн, ялангуяа аялан тоглолтуудын үеэр маш ихээр мансуурдаг байсан ” гэжээ.
3. Жанис Жоплин /1943-1970/
undefined
Зүй ёсоор дэлхийн хамгийн анхны эмэгтэй рок од гэх нэрийг авсан дуучны үхэл 1970 оны аравдугаар сарын 4-нд Холливүүд дэх нэгэн буудлын өрөөнд  болжээ. Жанис Жоплин ойролцоогоор шөнийн 01 цагийн үед хамгийн сүүлийн уран бүтээл болох “A Women Left Lonely” дуугаа студид бичүүлж ирээд, зочид буудлын өрөөндөө героин өөртөө тарих үедээ зүүн гарынхаа венийн судсыг гэмтээсэн байна. Үүний дараа буудлын хүлээлгийн өрөөнөөс нэг хайрцаг тамхи аваад буцаж өрөөндөө ороод газар суусан байдалтай нас барсныг маргааш нь олж байжээ. Тэрээр уран бүтээлийнхээ сүүлийн жилүүдэд героинд донтсон байсан тухай түүний зарим дуунуудын үгэнд үлдсэн байдаг.
4. Жим Моррисон /1943-1971/
undefined
Жим Моррисон бол Америкийн алдарт “The Doors” хамтлагийн ахлагч, рок хөгжмийн түүхэн дэх хамгийн агуу яруу найрагч бөгөөд тайзан дээрээс үзэгчдийн сэтгэлийг хамгийн ихээр татаж чадсан дуучин юм. Ойр тойрных нь хүмүүс түүнийг бөө гэдэг байсан бөгөөд уран бүтээлээрээ дамжуулж эртний уугуул Америкчууд болох Индианчуудтай холбогддог гэдэг байжээ. Тэрээр 1971 оны долдугаар сарын 3-нд Францын Парис хотод түрээсэлж байсан байрныхаа ванд үхсэн байдалтай олджээ. Үхлийн шалтгааныг албан ёсоор зүрх гэнэт зогссон гэж тайлбарлажээ. Тэрээр найз бүсгүй дээрээ Парист ирээд байсан бөгөөд үхэх үедээ сахлаа хуссан байжээ. Түүний найз бүсгүй нь жаахан илүүдэл жингээ хасах гэж хичээж байсан тухай нь мэдүүлэг өгсөн байдаг байна.  
5. Курт Кобэйн /1967-1994/
undefined
Уналтад ороод байсан рок хөгжмийг 1980-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн үед аварсан хүн бол Америкийн алдарт Нирвана хамтлагийн дуучин, пост-рок урсгалын загалмайлсан эцэг Курт Кобэйн юм. Хамгийн их маргаан дагуулсан үхэл бол түүний үхэл юм. Одоо хэрнэ түүнийг үнэхээр өөрийнхөө амийг тэгж хороосон талаар бодитой нотолгоо гаргаж ирээгүй юм.  1994 оны дөрөвдүгээр сарын 8-нд АНУ-ын Сеатл дахь гэртээ калибр бууны хошууг амандаа хийж байгаад өөрийгөө бууджээ. Мөн хэргийн газраас гэрээслэл олсон юм. Түүний цогцост задлан шинжилгээ хийхэд Ропиноль гэх мансууруулах бодис маш их хэмжээгээр илэрч байжээ. Уг бодис нь хүнийг хий юмс харахад хүргэдэг бөгөөд тун нь хэтэрвэл буюу Курт Кобэйнын биед байсантай ижил төвшний хэмжээ нь хүний бүх булчинг агшааж калибр буу барих байтугай ямар ч хариу үйлдэл үзүүлэх чадамжгүй нэг ёсны ургамал мэт болгодог байна.  
6. Эми Уайнхаус /1983-2011/
undefined
Сөүль жазз хөгжмийн том төлөөлөл тэрээр 2011 оны долдугаар сарын 23-нд Лондоны Камден дэх гэртээ нас барсан гэх дуудлага цагдаад иржээ. Хэргийн газар цагдаа нар ирэхээс өмнө үй олон шүтэн бишрэгчид болон зурагчид ирсэн байжээ. Түүний үхлийн шалтгааныг тайлахаар шинжилгээ хийх үед цусан дахь алкоголийн хэмжээ нь 100мл тутамд 416мг буюу зөвшөөрөгдөх хэмжээнээс тав дахин их байсан нь үхлийн гол шалтгаан болсон гэх дүгнэлт хийжээ.
Бэлтгэсэн: О.Мөнхбат
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн