Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Япон дахь АНУ-ын цэргийн бааз хагас сая иргэдийн ундны усыг хордуулжээ

Япон дахь АНУ-ын цэргийн бааз хагас сая иргэдийн ундны усыг хордуулжээ
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 29
Японы Окинава муж дахь АНУ-ын агаарын цэргийн Кадена баазын хог хаягдал тус улсын хасаг сая гаруй иргэдийн ундны усыг хордуулж байгаа талаар “The Diplomat”  мэдээлж байв.
АНУ-ын Хорт бодис, өвчний хяналтын агентлагийн мэдээлснээр америк болон Японы 20 мянга гаруй цэргийн алба хаагчид байрладаг тус бааз нь бөөр, төмсөгний хорт хавдар үүсгэж, хүний цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх, аливаа вакцины хариу урвалыг бууруулдаг поли-фторалкилил гэх хорт бодисыг үйл ажиллагаандаа ашигладаг байна. Уг бодис нь ихэвчлэн хүнсний сав баглаа боодол, түлэгддэггүй хайруулын таваг болон гал унтраах хөөс зэргийг үйлдвэрлэхэд ашиглагддаг аж. Уг бодис нь Өмнөд Солонгос, Гондурас болон Бельги дахь АНУ-ын цэргийн баазуудаас мөн илэрсэн байна.
Окинава мужийн Аж ахуйн нэгжийн товчоо анх 2016 онд Кадена баазын ойролцоо урсдаг голд поли-фторалкил хорт бодисын хэмжээ ердийн түвшнөөс их байгааг тогтоосон талаар мэдээлж байв. Орон нутгийн “Okinawa Times” сонины мэдээлснээр 2014 оны хоёрдугаар сараас 2015 оны арваннэгдүгээр сарын хооронд хийсэн шалгалтаар цэргийн баазын бохирын усны цоргоноос гарах хаягдал усанд литр тутамд хамгийн ихдээ 80 нано-грамм поли-фторалкилил илрүүлсэн нь зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс дор хаяж 1.5-аас 10 дахин их байсан аж.
Харин Киотогийн их сургуулийн эрдэмтдийн өнгөрөгч дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар Кадена баазын ойролцоо амьдардаг Окинава мужийн оршин суугчдын цусан дахь поли-фторалкилилын хэмжээ Япон иргэдийн дунджаас дөрөв дахин их байгааг тогтоосон байна. Мөн мужийн оршин суугчдын дунд элэгний өвчлөл, холестерины хэмжээ ихэссэн шинж тэмдгүүд илэрчээ. Үүнээс гадна судлаачид Кадена цэргийн баазын хаягдал усанд перфторохексан сульфоны хүчлийн агууламж ердийн хэмжээнээс мөн өндөр байгааг тогтоосон аж.
Гэвч АНУ-ын агаарын цэргийн Кадена баазын удирдлагууд поли-фторалкилил болон перфторохексан сульфоны хүчил зэрэг хорт бодис ялгаруулж байгаа тухай асуудлыг няцааж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Харамсалтай нь, Окинава мужийн засаг захиргаа АНУ-ын цэргийн баазад нэвтэрч шалгалт хийх боломжгүй тул бохирдлын эх үүсвэрийг тогтоох ажил мухардалд оржээ. Учир нь АНУ болон Японы Засгийн газруудын хооронд 1960 онд байгуулагдсан Хүчний байдлын гэрээний дагуу япон дахь америкийн батлан хамгаалах байгууламжуудад Японы албан тушаалтнууд нэвтрэхийг хориглодог байна.
Тэгвэл Японы “The Asia-Pacific” сэтгүүл АНУ-ын Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу олж авсан Пентагоны дотоод тайланг үндэслэн Кадена цэргийн бааз нь 2001-2015 оны хооронд 23 мянган литр төрөл бүрийн гал унтраах бодис гаргаж хаясан талаар мэдээлсэн юм.
Эх сурвалж: The Diplomat, The Globe Post, The Asia-Pacific
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн