Өндөг бол хүн бүрийн хувьд өглөөний цайн дээрээ тогтмол хэрэглэдэг, хамгийн түгээмэл хүнсний бүтээгдэхүүний нэг билээ. Гэхдээ өндөг үнэхээр эрүүл хүнс үү, үгүй юү, өндөг хүний бие дэх холестериныг нэмэгдүүлдэг үү. Бид өндөгний зөвхөн цагаан хэсгийг идэх ёстой эсвэл шарыг нь идсэнээр эрүүл мэндэд тустай гэсэн эргэлзээтэй асуултууд их байдаг.
АНУ-ын эрүүл мэндийн холбооны албан ёсны сэтгүүл болох “JAMA”-д энэ асуултуудад хариулт өгсөн хамгийн сүүлийн үеийн судалгааны ажил хэвлэгдсэн байна. Тус судалгааг Фининбергийн анагаах ухааны их сургуулийн эрдэмтэн Виктор Вензе Жон тэргүүтэй эрдэмтэд 31 жилийн турш хийсэн аж. Энэ судалгааны ажил нь өндөгний талаар урт хугацаанд үргэлжилж буй маргаанд цэг тавьсан юм.
Тус судалгаагаар өндгөнд агуулагдах уураг нь хүний цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөл үүсгэж, эрт нас барах шалтгаан болдог гэж үзсэн байна. Харин зохистой хооллолтын зөвлөгөө өгдөг хүмүүс хамгийн эрүүл аргаар хоолны дэглэм барихад өндөг чухал хэсэг нь болдог гэж үздэг аж. Учир нь үүнээс өөрөөр эрдэмтдийн сүүлд олж илрүүлснээр хүн өдөрт 300 миллиграмм холестериныг хүнснээс авах нь зохимжтой бөгөөд энэ нь хоёр өндгөнд агуулагдах хэмжээнээс ялгүй бага гэсэн үг юм.
Анагаах ухаан олон арван жилийн турш холестериныг зүрх судасны өвчлөлийн гол эх үүсвэр, эрт нас барах шалтгааны үндэс гэж тайлбарласаар ирсэн. Харин өнөөдрийн шинжлэх ухааны төвшинд олж илрүүлсэн бүхий л судалгаанд өндөгний ач тусыг өөрөөр тайлбарласан байдаг.
Өнгөрсөн жил хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр өндөг идэж заншсан хүмүүсийн хувьд зүрх судасны өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг бөгөөд өндөг огт иддэггүй хүмүүстэй харьцуулахад цус харвалт болох магадлал хамаагүй бага байгааг анзаарсан байна. Мөн 2016 онд хийгдсэн судалгааны дүнгээр өндөг идэх нь титэм судасны өвчлөлд тийм ч их нөлөөлдөггүй болохыг олж илрүүлсэн аж. Тиймээс зарим судлаачид зүрх судасны өвчлөлийг зөвхөн хоол хүнстэй бус зохистой дасгал хөдөлгөөнийг тогтмол хийдэг эсэхтэй нь уялдуулан авч үзэх хэрэгтэй гэсэн чухал байр суурьтай байдаг байна.
Харин Виктор Вензе Жон өөрийн судалгаагаа олон талын нөхцөл байдлыг хамруулан хийсэн хамгийн бодит судалгаа гэж үзэж байгаа аж. Тэрээр өөрийн хамтрагчдынхаа хамтаар 30.000 орчим америк иргэдэд зургаан төрлийн ажиглалтын судалгаа хийж мэдээллээ бүрдүүлсэн байна. Судалгаанд хамрагдсан иргэд дунджаар 51 настай байсан бөгөөд тэднээс тогтмол хооллолтын дэглэм, эрүүл мэндийн байдал, амьдралын хэв хаяг болон хүн ам зүйн судалгааны мэдээлэл цуглуулдаг байсан аж. Гучин нэгэн жилийн турш хийгдсэн судалгааны явцад нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 6100 орчим нь нас баржээ. Үүний 5400 орчим тохиолдол нь зүрх судасны өвчлөлөөс болж нас барсан ажээ.
Харин судлаачид зүрх судасны өвчлөл нь өдөр тутамдаа өндөг, мах, сүү сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэхтэй хамааралтай болохыг олж илрүүлсэн байна. Хамгийн гол нь долоо хоногт гурваас дөрвөн ширхэг болон үүнээс илүү өндөг хүнсэндээ хэрэглэдэг хүмүүсийн хувьд зүрх судасны өвчнөөр өвчлөх явдал нь зургаан хувиар өсч байсан бөгөөд эрт нас барах магадлал нь найман хувиар нэмэгдэж байжээ.
Гэхдээ Виктор Вензе Жоны хэлж буйгаар “Өндөг нь эрүүл хооллолтын дэглэм барьж буй хүмүүст хамгийн зохимжит хүнс болохыг үгүйсгэх араггүй. Учир нь өндөгний цагаан хэсэг нь өндөр уургийн агууламжтай байдаг. Мөн холестерин агуулдаггүй. Тиймээс өндгийг бүхлээр нь идэхийн оронд зөвхөн цагаан хэсгийг идэж уургаа нөхөх боломжтой. Мөн өндөгний шар нь амин хүчил, төмөр зэрэг хүний биед шаардлагатай олон эрдэс бодисыг агуулж байдаг. Үүний дээр өндөгний шар нь ‘Д’ амин дэмийг авч болох байгалийн цөөн хэдэн эх сурвалжийн нэг юм. Тиймээс үүнийг ч бас зүгээр хаяад байж болохгүй” гэсэн байна.
Тэрээр өндөг нь хүний биед олон талын ашиг тустай ч хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчлөл үүсгэж болох сөрөг нөлөөтэй болохыг сануулсан юм. Тиймээс өөрийн зохимжит өндөгний хэрэглээг мэддэг байхыг зөвлөж байна. Таны гэр бүлд өмнө нь болон одоо зүрх судасны өвчлөлтэй хүн байсан, байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрвээ байгаа бол мэргэжлийн зүрх судасны эмчид хандаж өөрийн хооллолтын дэглэмийг зайлшгүй тодруулах шаардлагатай. Учир нь зүрх судасны өвчлөл нь удамшдаг ба ихэнх тохиолдолд зохисгүй хооллолтоос болж үүссэн байдаг байна. Мөн өндгийг шарснаас илүүтэй чанах, тэр тусмаа ууранд болгож идэх нь илүү ашиг тустай байдаг аж.