БНСУ-ын “Emart” сүлжээ супермаркетын Улаанбаатар хот дахь гурав дахь буюу Хан-Уул салбарын нээлт өнөөдөр боллоо. Үнэгүй нийтийн номын сан, спорт цогцолбор, хүүхдийн экстрим тоглоомын төв зэргийг багтаасан Монголын хамгийн том хайпермаркет нь нийт 38.000 метр квадрат ашиглалтын талбай, 540 авто машины зогсоол, мянга гаруй харилцагчийн 60.000 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж, өдөрт 30.000 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.
-Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол дахь “EMart” сүлжээ дэлгүүрийн эрхийг эзэмшигч Алтай холдинг группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг “EMart сүлжээ дэлгүүрийн Улаанбаатар дахь гурав дахь салбарын барилгын ажлыг 100 гаруй туслан гүйцэтгэгч компанийн ажилчид 1.2 сая цагийн хүнд хөдөлмөрөөр бүтээн босголоо. Бид EMart сүлжээ дэлгүүрийг Монголд анхлан нэвтрүүлсэн энэхүү зургаан жилийн хугацаанд жил бүр дунджаар 8-9 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт хуримтлуулжээ. Шинэ салбар нээгдэж буйтай холбоотойгоор бидний улсдаа төлөх татвар, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ч гэсэн улам бүр нэмэгдэх болно. Бид Монголын ард түмэндээ өдөр бүр олон улсын стандартад нийцсэн орчинд найрсаг уур үйлчилгээтэйгээр эрүүл, чанартай хүнс, шинэлэг бараа бүтээгдэхүүнээр үйлчлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг. Та бүхэн цаашид манай EMart Хан-Уул салбараар тав тухтай үйлчлүүлээрэй” гэсэн юм.
Мөн нээлтийн арга хэмжээний үеэр “Скай хайпермаркет” компанийн Гүйцэтгэх захирал Л.Жавзмаагаас шинэ салбарын онцлогийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-EMart Хан-Уул салбар ашиглалтанд орсноор хэчнээн ажлын байр шинээр бий болж байгаа вэ?
-Юуны өмнө манайхыг сонгон үйлчлүүлдэг хэрэглэгчид, хамтран ажилладаг нийт түншүүдээ талархал дэвшүүлмээр байна. Манай хамт олон өнөөдөр Улаанбаатар хот дахь гурав дахь салбараа Хан-Уул дүүрэгт амжилттай нээлээ. Бид бүхэн зөвхөн энэ шинэ салбар дээрээ 950 ажлын байрыг шинээр бий болгоод байна.
-Шинэ салбарын онцлог юу вэ?
-Бид бүхэн шинэ салбараараа дамжуулан иргэддээ шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байгаа. Та бүхэн хүрэлцэн ирж сонирхоорой. Манай хамт олны хамгийн гол зорилго бол “Монгол хүн зуу наслаг” гэсэн уриатай байдаг. Үүнийхээ хүрээнд Монголынхоо худалдан авагч нарт шинэ салбараараа дамжуулан улам шинэ, эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх олон ажил зохион байгуулсан.
Үүний нэг нь маш олон аж ахуй нэгжүүдээр дамжуулан хүлэмжийн ногоо, жимс жимсгэнүүдийг тарьж ургуулан иргэддээ санал болгож байгаа. Та бүхний мэдэж байгаачлан Монголчууд маань сүүлийн үед сүши, сашими зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэх болсон. Гэвч манай зах зээл дээр худалдаалагдаж буй загаснууд нь хэзээ ч шинэ байдаггүй. Харин энэ удаад бид сүшиний загаснуудыг амьдаар нь буюу шинээр нь авчирч та бүхэнд амтлуулахаар бэлдсэн байгаа.
Мөн бид “EMart” Хан-Уул салбарынхаа гурван давхарт нийтийн биеийн тамир, эрүүл мэндэд чиглэгдсэн спорт, цогцолбор, хүүхдийн тоглоомын төвүүдийг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа. Хамгийн чухал шинэ салбартаа бид нийтийн үнэгүй номын санг бий болгосон. Үйлчлүүлэгчид маань тус номын сангаас хүссэн номоо чөлөөтэй авч уншихаас гадна өөрсдийн номоо ч хандивлах боломжтой.
-Нээлтийн ямар урамшууллууд зарлаад байгаа вэ?
-Нээлтийн урамшууллын хувьд 50.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн эхний 10.000 үйлчлүүлэгчдэд “EMart”-ын эко торыг бэлэглэж байгаа. Мөн 200.000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авалт хийсэн эхний 7.000 үйлчлүүлэгчдэд дугуйтай түрдэг сагс бэлэглэхээр бэлдсэн.
-ЕMart сүлжээ дэлгүүр нь Хан-Уул салбартаа 950 ажлын байрыг шинээр бий болгосон гэлээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд эдгээр ажилчдын хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа вэ?
-Бид яг энэ шинэ салбараа нээхтэй холбогдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа.
Нэгд, бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байр бий болгох. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс үйлчлүүлэх тав тухыг хангах чиглэлд маш олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын байрны хувьд 20 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бид шинэ салбартаа ажиллуулж байгаа. Цаашдаа ч энэ тоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхээр удирдлагын төвшинд яригдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань олон нийтийн газраар үйлчлүүлэхэд хүндрэл, бэрхшээлтэй үргэлж тулгардаг. Харин манай Хан-Уул салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлчлүүлэх нийтийн ариун цэврийн өрөөг эрэгтэй, эмэгтэй гэж хуваарилахаас гадна, тав тухтай байх орц гарцыг шийдэж өгсөн. Үүний дээр манай төв нь нийт 540 орчим авто машины зогсоолтой. Үүний тодорхой хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй болон жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулагдсан. Дээрээс нь нийт үйлчлүүлэгчдийн ая тух, аюулгүй байдлыг хангах үүднээс орц, гарцын тэмдэглэгээ гэх мэт бүх зүйлийг бүрдүүлсэн.
Хоёрт, нийгмийн хариуцлагын хүрээнд хэдхэн хоногийн өмнө Худалдаа үйлдвэрийн дээд сургуульд шинээр номын сан байгуулж, ашиглалтад оруулсан байгаа. Та бүхний мэдэж байгаачлан саяхан манай Сансар дахь салбарт гамшиг тохиолдсон. Ер нь гамшиг, галын аюул гэдэг зүйл хэнд ч тохиолдох боломжтой. Тиймээс бид Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ажиллаж, аюултай буюу яг галын голомт дээр ажилладаг аврагч нарт зориулж дэлхийн хамгийн шилдэг хорт утааны эсрэг баг болон өндрөөс үсрэхэд хэрэглэгддэг аврах дэрийг худалдан авч өгсөн байгаа.
Цаашдаа ч бид нийгмийн хариуцлага, нийгэм хамгааллын чиглэлд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа гэдгийг шинэ салбарын нээлт болж буй энэ завшааныг ашиглаад хэлмээр байна.
Иргэдэд сонордуулахад "Emart" Хан-Уул салбарын хувьд "Home Plaza"-с чанх урагш, Оргил "Encanto" үйлчилгээний төвийн замын эсрэг талд байршиж байна.