Open iToim app
Нээлт | 2 мин уншина

Танилц, ‘Samsung’-ын эвхэгддэг шинэ утас

Танилц, ‘Samsung’-ын эвхэгддэг шинэ утас
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 22
Технологийн салбарын аварга загас “Samsung Electronics” тусгай эвхэгддэг дэлгэц бүхий ухаалаг гар утас гаргах талаар яриа олон гарч байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу пүрэв гаригт тус компани шинэ ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулсан юм. Энэхүү шинэ технологи нь ‘Samsung’-ын уламжлалт ухаалаг гар утаснуудтай ижил боловч гол хэсгээрээ дэлгэгдэж таблетын хэмжээтэй болдог байна.  
Эвхэгддэг ухаалаг гар утас нь “Samsung Galaxy Fold” гэх нэртэй аж. Үйлдвэрлэгчид дөрөвдүгээр сарын 26-аас АНУ-д худалдаанд гаргах бол тавдугаар сарын 3-наас Европт худалдаанд гарахаар төлөвлөжээ. Үнийн хувьд ойролцоогоор 2000 орчим ам.доллар байх юм байна.
Энэхүү эвхэгддэг ухаалаг гар утсыг “Samsung Electronics”-оос өөр өрсөлдөгч компаниуд нь үйлдвэрлэх боломжгүй аж. Учир нь зөвхөн “Samsung”-ын “OLED” дэлгэцийн технологиор үүнийг бодит болгох боломжтой.  Мөн технологийн шинжээчид энэхүү эвхэгддэг төхөөрөмжийг ухаалаг гар утасны салбарын шинэ чиг хандлага гэж харж байгаа юм байна.  
Олон улсын нэр хүнд бүхий “Goldman Sachs” хөрөнгө оруулалтын компани энэхүү шинэ төхөөрөмжийг ухаалаг гар утасны салбарт “Apple” компанид хүнд цохилт болно гэж үзжээ. Тус компанийн шинжээч Род Халл хэлэхдээ “Samsung-ын уг функцын давуу тал нь хэрэглэгчдийг ихээр татах болно. Дээрээс нь бид "Samsung"-ыг тийм ч хялбар "Apple"-д энэ технологио өгнө гэж тооцоолохгүй байна. Тиймээс ухаалаг гар утасны энэ шинэ салбарт ороход технологийн дутагдалтай талаасаа болж "Apple" компани энэ жил хүнд байдалд орно гэж дүгнэж байна” гэж ярьсан байна. Үүнээс гадна  “Samsung Galaxy Fold” эвхэгддэг ухаалаг гар утсыг албан ёсоор танилцуулсны дараа “Apple” компанийн хувьцаа 0,1 хувиар буурчээ. Харин “Samsung Electronics”-ын хувьцаа 2019 онд 20 хувиар өсөх хандлагатай байгаа аж.
Харин хэрэглэгчдийн судалгаагаар “Samsung Galaxy Fold” нь сүүлийн үеийн технологийн дэвшилтийг агуулсан хэдий ч үнийн хувьд хэт өндөр байна гэж үзжээ. Үнэхээр хоёр мянган ам.доллар гэдэг нь “Samsung”-ын өмнөх цувралын ухаалаг гар утаснуудаас даруй хоёр дахин үнэтэй байгаа юм.
“Samsung Galaxy Fold”-ын үзүүлэлт:
Андройд 9.0 үйлдлийн системтэй. Quad-Core CPU, 12 гигабайтын RAM, 512 гигабайтын нийт санах ойтой. “GSM, HSP, LTE” сүлжээ дэмждэг нано сим ордог. Их биеэс салдаггүй лити-полимер батарей нь 4380 миль ампер цагийн хүчтэй. Арын камер нь 16 мегапиксел, урд камер нь 10 мегапиксел хүчин чадалтай. Хурууны хээ таних, хиймэл санах ойн автомат үйлдлийн системийн горимд ажиллах боломжтой. “Dynamic AMOLED” дэлгэгддэг мэдрэгчтэй дэлгэц нь 7,3 инчийн өргөн, 1536 x 2152 нягтшилтай, нийт 65.000 орчим өнгө ялгаруулдаг. Өнгөний хувьд саарал, хар, ногоон болон цэнхэр гэсэн сонголттой худалдаалагдах аж.

Эх сурвалж: cnbc
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн