Тамхи таны эрүүл мэндэд муу!
Тамхи ургийн гажиг үүсгэдэг!
Тамхи хорт хавдрын эх үүсвэр!
Танд эдгээр үгс танил сонсогдож байвал та тамхи татдаг хүн байх өндөр магадлалтай. Мөн эдгээр үгс тамхины хайрцаг дээрх анхааруулга болохыг ч анзаарсан байх. Ихэнх хүмүүс үүнийг байж л байдаг жижүүрийн үгс гэж хүлээн авдаг. Гэхдээ бодит байдал дээр тамхи гэгч нь ямар их хор хөнөөлтэй, жигшмээр зүйл болохыг уг муу зуршлаа хаяхаар оролдож буй хүн л хамгийн ихээр ухаардаг.
Хүмүүс тамхинаас гарахын тулд янз бүрийн арга хэмжээ авдаг. Хамгийн түгээмэл нь багасгах замаар тамхинаас гарах гэж оролддог. Гэхдээ хэрвээ анзаарах юм бол тамхинаас гарч чадсан хүмүүс эрс шийдэмгийгээр шууд л муу зуршлаа хаясан байдаг. Тэгэхээр энэ бүхэн хүний сэтгэлийн хат, тэвчээрийн тухай асуудал юм. Мөн бодит туршлагаас харахад тамхи татахаа зогсоосноос хойш эхний гурван долоо хоногт хамгийн хэцүү байдаг бөгөөд олон ч хүн энэ хугацаанд өөртөө ялагдаж буцаад тамхинд ордог.
Манай www.iToim.mn веб сайт нь тамхигүй хамт олон болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тиймээс бид бүхэн тамхинаас гарна гэдэг хүмүүсийн төсөөлж байгаагаас хамаагүй илүү хэцүү болохыг сайтар ойлгосон бөгөөд өөрийн эрүүл мэнддээ анхаардаг, гэр бүлдээ хайртай учир муу зуршлаа хаяхаар хичээж буй хүмүүстээ өөрсдийн бодит туршлагаа хуваалцахаар шийдлээ. Мөн өөр олон хүмүүсийг муу зуршлаа хаяхыг уриалж байна. Хэрвээ та өмнө нь тамхинаас гарах оролдлого хийгээд бүтэлгүйтэж байсан бол битгий бууж өгөөрэй. Учир нь энэ тал дээр зөвхөн та л өөрийгөө ялан дийлж чадна. Харин танд өөдрөг сэтгэлгээ тань тусална. Хамгийн гол нь үүнийг битгий тийм томоор хүлээж аваарай, өөдрөг байдлыг амьсгалын дасгал хийх, бүлээн ус уух, зөвхөн сайхан зүйл бодоод нэгхэн хором ч болов бясалгах зэргээр сайжруулж болно.
2. Сайтар төлөвлөсний эцэст тамхиа хая
Хэн нэгэнд амлалт өгч, утасны дэлгэц, машиндаа тамхи татахыг хориглоно гэсэн анхааруулга өлгөх нь үнэндээ танд тус хүргэхгүй. Дээр дурдсанчлан тамхи татахаа зогсоосноос хойших эхний 3-7 хоног хамгийн хэцүү байдаг. Энэ үед нэг л хором таныг буцаад тамхи татаж эхлэхэд хүргэвэл харамсалтай шүү дээ. Тиймээс яг тогтсон нэг өдөр, бүр тодорхойлбол цаг төлөвлөөд аажим аажмаар бэлдэж эхлэх хэрэгтэй. Нэг ёсондоо буцаад тамхинд орохгүй байхын тулд өөрийн тархиндаа үүнийгээ хоногшуулах хэрэгтэй гэсэн үг юм.
Мөн үдэшлэгт явах, эсвэл найз нөхөдтэйгөө уулзмагцаа буцаад тамхинд орчихдог. Иймд ээлжийн амралтаа авах ч юм уу ёр нь таны тэмцэлд хэн нэгэн саад болж чадахгүй тийм цаг үеийг сонговол зүгээр гэж зөвлөмөөр байна. Ингээд таны төлөвлөсөн өдөр тань ирмэгц эцсийн удаа хорт утааг татаад шууд л хаях хэрэгтэй.
Тамхи татдаг бараг бүх хүн хооллосныхоо дараагаар “хоёрдугаар-хоол” гэдэг зүйлийг хийдэг байх. Тэгэхээр судалгаагаар түргэн хоол, мах ихтэй хүнд төрлийн хоол идэх, алкоголь, кофе, цай болон хийжүүлсэн ундаа зэргийг уух нь тамхийг илүү амттай болгодог аж. Харин сүү цагаан идээ, хүнсний ногоо, жимс идэх, ус болон жимсний шүүс уух нь тамхийг муухай амттай болгодог байна.
Тамхинаас гарсан олон хүний туршлага гаатай бохь, чихэр болон шоколад зэргийг санал болгодог. Яг тамхи татсан үедээ энэ мэт хурц амттай зүйлийг идэх нь дуршлыг мэдэгдэхүйц буруулдаг. Гэхдээ үүнд сөрөг нөлөө байдаг. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэгчээр олон хүн эсрэгээрээ амттанд донтож эхэлдэг. Энэ нь цаашлаад амны хөндий, шүдний эрүүл мэндийн асуудал ч сөхөгдөхөд хүрдэг.
4. Ямар үед хамгийн ихээр буцаад тамхи татах дуршил тань хөдөлж байгааг олж илрүүл
Та бол өөрийгөө ялан дийлэхээр оролдож буй хүчтэй нэгэн. Бас тамхины сөрөг нөлөөг мэддэг учир жигшиж байгаа. Гэхдээ гудамжинд танихгүй хүмүүсийн татаж буй тамхины үнэр таныг огтхон ч зэвүүцүүлэхгүй. Харин ч таныг уруу татаж мэдэх юм. Эсвэл алкоголь хэрэглэсний дараагаар тамхи татмаар санагдаж эхлэх болно.
Энэ мэт тамхи татах дуршлыг тань өдөөж байгаа хүчин зүйлсээс аль болох зай барих хэрэгтэй. Гэхдээ магадгүй сайн найзын чинь төрсөн өдөр таны өөртэйгөө тэмцэх тулаантай чинь давхцаж болох юм. Ялангуяа клубт танаас бусад нь бүгд тамхи татах болно. Бид бүхэн бүгд л мэдэх нэгэн улиг болсон үг байдаг нь “тамхи татах хүсэл ердөө 5 минут үргэлжилдэг” гэж. Тиймээс бусадтай нэгдэхийн оронд бүжиглэж болох юм.
Мөн алкоголь хэрэглэнгээ тамхи татах нь хорт хавдар тусах эрсдэлийг 38 дахин ихэсгэдэг болохыг эрдэмтэд нотолсон болохыг танд сануулж байна.
5. Хамтрагчтай байх нь давуу тал болно
Дээрх бүх зөвлөгөөнөөс харахад энэ бүхнийг ганцаараа туулах нь хэцүү мэт харагдаж байна. Тиймээс яг тантай ижил тамхины хор уршгийг ойлгосон, тууштай хамтрагч байвал тийм ч хялбар ялагдахгүй. Магадгүй хамт олноороо ч байж болно. Дундаа бооцоо тавих хэрэгтэй. Мэдээж бооцоо нь хэн ч хожигдохыг хүсэхгүй том зүйл байвал илүү үр дүнтэй. Мөн олуулаа тэмцэхийн өөр нэг давуу тал нь буцаад тамхи татахыг маш ихээр хүсдэг нөгөө айхавтар 5 минутыг даван туулах олон хувилбарыг гаргаж ирдэг.
Тамхи татах нь донтолтын нэг хэлбэр. Өмнө нь ямар үед, өдөрт хэдэн ширхэг тамхи татдаг байснаас хамаараад донтолтын хэмжээг тань тодорхойлох байх. Тиймээс магадгүй мэргэжлийн сэтгэл судлаачид ч хандах нь буруудахгүй зүйл юм.
6. Бусдад үнэхээр тамхинаас гарч байгаагаа ойлгуулж хэлэх
Энэ бол муу зуршлаа орхих тэмцэлтэй чинь огт хамаагүй. Та заавал тамхинаас гарч байгаагаа түмэнд зарлаад байх алба байхгүй. Гэхдээ мэдээж найз нөхөд тань мэдэх болно. Энэ тийм ч ач холбогдолгүй ч ихэнх тохиолдолд жинхэнэ найзууд тань таны зүтгэлийг бодит гэж хүлээж авахгүй танд тамхи санал болгох бөгөөд магадгүй тохуурхана. Тиймээс та “үнэхээр” гэдэг үгийг тэдэнд сайтар тайлбарлаж өгсөн нь дээр.
Харин чухал хэсэг нь юу гэвэл. Өмнө нь таны амьдралын хэв маяг байсан тамхи татах муу зуршил үгүй болсноор таны өдөр тутамд бага зэрэг өөрчлөлт гарах болно. Эхний үед үүндээ дасах гэж бага зэрэг стрессдэж болох юм. Мөн ажлын бүтээмж ч илт багасаж, анхаарал төвлөрөх чадвар буурч байсан бодит тохиолдол байгаа. Тиймээс танд ч гэсэн тохиолдож болох боломжит энэ үзэгдлийг харгалзан гэр бүл, ажлын хамт олондоо урьдчилан үүнийг тайлбарлаж хэлэхэд буруудахгүй юм. Хамгийн гол нь үүнийг өөрт төвөгтэй байдлаар бус өөрийгөө ялан дийлэх тулаанд гарч буй золиос гэж хүлээж аваарай.
Эцэст нь зөвлөхөд “тамхинаас гаргах зургаан З”-ын зарчим гэж зүйлийн талаар бүгд сонссон байх. Гэвч үүнийг ихэнх нь мартсан байдаг. Гол санаа нь та өөрөө л хүсвэл тамхийг хаяж чадна. Түүнээс хэн нэгний зөвлөснөөр, эсвэл мөнгө төлж тамхинаас гарах нь тийм ч оновчтой шийдвэр биш юм. Энэ бүхэн цэвэр өөрийгөө ялан дийлэх хэцүү тулаан байх болно. Үүнийг тань тамхи татдаггүй, эсвэл сэтгэлийн хэт хаттай, бараг робот шиг болсон хүмүүс хэзээ ч ойлгохгүй.
Тэгэхээр та өөртөө болон зорилгодоо үнэнч байх нь л амжилтад хүрэх хамгийн чухал хөшүүрэг тань болох юм.