Арьсны эмгэгийн эмч нар хайрст үлдийг хамгийн тааварлагдашгүй өвчин хэмээн нэрлэдэг. Уг өвчин нь юунаас болж үүсдэг нь мэдэгддэггүй, олон жилийн турш нуугдмал байдалд байж, гүйцэт эдгэрдэггүй юм байна. Тиймээс энэ өвчний талаар Арьс Өвчин Судлалын Үндэсний Төвийн клиникийн хоёрдугаар тасгийн эрхлэгч Б.Нандинцэцэгтэй ярилцлаа.
-Монголд псориаз буюу хайрст үлд өвчин их гарах боллоо. Энэ өвчин нь юунаас болж үүсдэг юм бол. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Сүүлийн үед хайрст үлд өвчин маш их тохиолдож байгаа. Улсын хэмжээний тоо баримтаар хайрст үлд өвчин нь арьсны өвчлөл дотроо хамгийн түгээмэл тохиолддог, хоёроос гуравдугаар байранд ордог өвчин. Ялангуяа бага насны хүүхдэд элбэг тохиолдох болсон нь арьсны өвчний салбарт анхаарахгүй өнгөрч боломгүй болсон. Энэ нь нэг талаасаа энэ өвчинг удамшлын гаралтайг нотолж байна, нөгөө талаасаа энэ өвчин нь олон шалтгаантайг харуулж байгаа юм. Хайрст үлд өвчин тархалт ихтэй архаг явцтай, үс хумс зэрэг дайвар эрхтнүүдийг гэмтээдэг, эмчилгээ хийлгэхгүй эсвэл буруу эмчлүүлбэл бусад эрхтэн системийг ч гэмтээх эрсдэлтэй өвчин. Дэлхийн олон эрдэмтэн судлаачид энэ өвчний талаар олон судалгаа шинжилгээ хийж байгаа боловч яг шалтгааныг нь одоо болтол төгс тайлбарлаагүй байна. Тэгэхдээ одоогийн байдлаар тус өвчнийг удамших хандлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ 100 хувь удамшдаг өвчин бол биш. Ер нь аливаа өвчин эмгэг үүсэхэд гадаад, дотоод хүчин зүйлүүд нөлөөлдөг. Мэдрэлийн, халдвар харшлын, дотоод шүүрлийн, удамшлын гэх олон шалтгаан байна. Мөн үүнээс гадна байгаль орчны таагүй байдал, хоол хүнс, нийгмийн болон гэр бүлийн стресс зэрэг олон зүйл нөлөөлнө. Ерөнхийдөө дархлааны систем алдагдахад уг өвчин нь үүсч, дахин сэдрэхэд нөлөөлдөг.
-Энэ өвчний үед ямар зовуурь, шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хамгийн элбэг тохиолддог хэлбэр нь ердийн хайрст үлд юм. Энэ үед гүвдрүүт гарна, гүвдрүүт нь бүдэг болон тод улаан ягаан өнгөтэй, зөв дугуй хэлбэртэй, арьснаас дээш бага зэрэг өргөгдсөн, дээрээ мөнгөлөг хөвсгөр хайрсаар хучигдсан байдаг. Шалтгаанаас хамаараад хэмжээ нь том жижиг янз бүр байж болно, мөн өвөрмөц байрлалтай ч байж болдог. Хайрст үлд өвчин нь харшлын гаралтай өвчин биш учраас айхтар загатнахгүй. Тэгэхдээ сүүлийн үед загатнах зовууриуд илрээд байгаа учраас зарим хүнд бага зэрэг загатнах шинж тэмдэг өгч болно. Мөн янз бүрийн эмнэлзүйн хэлбэрүүдтэй байдаг учир зовууриуд өөр, өөр байдаг. Тухайлбал, үе мөчний, улайрлын, идээт цэврүүнцэр, шүүст, ердийн гэсэн олон янзын хэлбэр байдаг. Жишээ нь үе мөчний хэлбэрийн үед үе мөчний хэлбэр алдагдаж, хавдаж, үе мөчөөр өвддөг. Их хурц үрэвсэлтэй үед хордлогын шинж илэрдэг.
-Энэ өвчин нь хэдэн насныханд илүү тохиолдож байна вэ?
-Ихэвчлэн залуу, идэр нас буюу 20-30 насныхан хайрст үлдээр өвчлөх болсон. Ерөнхийдөө их залуужих хандлагатай байна. Бага насныханд сүүлийн үед анхаарал татахуйц ихсэж байгаа. Бага насныхан өвчлөх шалгаан нь удамшлаас үүдэлтэй байх магадлал их байдаг. Хүйс харьцангуй хамаарахгүй. Ерөнхийдөө ижил тохиолдоно.
-Биеийн аль хэсгүүдээр тууралт гардаг вэ?
-Ер нь биеийн бүх хэсгүүдээр гарч болно. Ихэвчлэн тохой, өвдөг, толгойн үстэй хэсэг, чихний ар, их бие, мөчдөөр илүү байдаг. Толгойн хуйх хэсгээр гарсан үед хүмүүс ихэвчлэн цагаан мөнгөлөг, хайрсыг нь хагтай андуураад удаан явах тохиолдол гаргадаг. Зарим ховор тохиолдолд, хумсны, алга улны хайрст үлд гэж байна.
-Тууралт нь хүнд халдварладаг уу?
-Хайрст үлд өвчин нь халдвартай өвчин биш. Дархлааны урвалаар явагддаг, удамших хандлагатай арьсны архаг өвчин. Манай иргэд хайрст үлдийг мөөгөнцөрт халдварт өвчинтэй андуураад ойлгоод байдаг. Үүнээс үүдээд хайрст үлдийг халдварт өвчин гэж бодоод байдаг. Тэгэхээр нь энэ хоёр өвчин нь хоёр тусдаа өвчин гэдгийг хэлье. Мөөгөнцөрт өвчин бол халдвартай, харин хайрст үлд бол халдваргүй арьсны өвчин гэж ойлгоно.
-Энэ өвчин нь бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
-Хайрст үлд өвчин арьсны архаг, дахих хандлагатай өвчин. Бүрэн гүйцэд төгс эмчлэгдэхгүй. Харин тус өвчнөө сэдрээхгүй байх эмчилгээг сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр энэ өвчнийг эмчлэхэд тухайн өвчнөөр өвчилсөн хүн маань дэглэм сахиж, дархлаа болон ариун цэвэртээ сайн анхаарч чадах юм бол намжмал хугацааг хэдэн жилээр ч уртасгаж болно. Хамгийн гол нь эмчийн зөвлөгөөг дагаж, эмчилгээг дэс дараалалтай сайн хийвэл сэдрэхгүй байж болно. Дур мэдэж өөрийн дураар эмчилж болохгүй.
-Ямар тохиолдолд сэдэрдэг вэ?
-Тус өвчнийг сэдрэхэд нөлөөлж байгаа янз бүрийн хүчин зүйлүүд байдаг. Жишээ нь халдварын шалтгаантай хоолойны ангина, шүдний цооролт, бөөрний үрэвсэл гэх мэт ерөнхий бие махбодид байдаг халдварын голомтууд байгаад тэдгээр идэвхжээд ирэх үед, мөн ханиад томуу хүрэх үед өвчин сэдэрнэ. Тэгэхээр аль болох архаг халдварын голомтуудаа төгс эмчлүүлэх нь зүйтэй. Мөн ханиад томуу хүрэлгүй дархлааны системээ тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Дархлааны системийг алдагдуулж байгаа хэд хэдэн гадны хүчин зүйлүүд бий. Тухайлбал архи, тамхины хэрэглээ, нойргүйдэл, стресс, ажлын ачаалал, цахим хэрэглээнд донтох гэх мэт маш олон зүйлээс болж дархлааны систем тэнцвэртэй байдлаа алддаг. Тийм учраас эдгээр зүйлүүд дээр сайтар анхаарч дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй.