Сүүлийн жилүүдэд манай улсад мөөгөнцрийн халдвараар өвчлөх иргэдийн тоо нэмэгдэх болсон. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Арьс өвчин судлалын үндэсний төвийн тасгийн эрхлэгч, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч А.Байгалмаатай ярилцлаа.
-Мөөгөнцөрт өвчний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?
-Мөөгөнцөрт өвчин бол дэлхий нийтээр маш их тархсан халдварт өвчнүүдийн нэг. Дэлхийн хүн амын 20-28 хувь нь ямар нэгэн байдлаар мөөгөнцөрт өвчний халдвараар өвчилсөн гэж үздэг. Мөөгөнцөрт бол маш эртний өвчин. Үүсгэгч нь их олон жил амьдрах чадвартай халдварт өвчин. Гэхдээ гоц хурц халдварт өвчин бол биш, олон дахин хүрэлцэх замаар халдварладаг. Манай иргэд халдварт мөөгөнцөр өвчнийг үлд гэж нэршээд сурчихсан байгаа, анагаахын нэршил нь бол мөөгөнцөрт өвчин, мал эмнэлгийн практикт бол цахлай гэж нэрлэдэг.
-Сүүлийн жилүүдэд мөөгөнцөр өвчний тохиолдол бүртгэгдэх нь олширчээ. Үүний шалтгаан нь юу вэ?
-Бид шинэ эрин зуунд амьдарч байна. Наад зах нь хүнсний хэрэглээ маш олон төрөл болсон, хувцасны материал хүртэл өөрчлөгдсөн, амьдарч байгаа орчин хүртэл өөрчлөгдөж, хүүхдүүд гадаа гарч цэвэр агаарт тоглохоосоо илүүтэйгээр утас, телевиз, цахим орчинд голдуу цагаа өнгөрөөж байна. Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсан, хот суурин газар барилгажилт ихсэж, тоос шороо бусад химийн болон хүнд металлын нэгдлүүд ихэссэн, замбараагүй эмийн хэрэглээ ихэссэн гээд тоочоод байвал эдгээр нь бүгд өвчин үүсгэх болон өвчинг сэдээх хүчин зүйлд орж байна. Ганц мөөгөнцөрт өвчин гэхгүй бас бусад өвчний шалтгаан болж байна. Нийгмийн стресс, бухимдал, аюулгүй эрүүл амьдрах орчин нөхцөл бүгд улам л аюултай болж байгааг манай иргэд мэдэж байгаа.
-Энэ өвчин ямар замаар халдварладаг вэ?
-Мөөгөнцөрт өвчнөөр өвчилсөн хүн ба амьтнаас халдварладаг гэж ойлгож болно. Мөн мөөгөнцрөөр халдварлагдсан эд зүйлсээр дамжиж халдварлагдана.
-Арьсны халдварт мөөгөнцөр хүний ямар эд эрхтнүүдийг гэмтээдэг вэ?
-Мөөгөнцөр нь арьсны бүх давхарга, үс, хумс, яс болон дотор эрхтнүүдийг хүртэл гэмтээх чадвартай. Өөрөөр хэлбэл гэмтээхгүй эрхтэн байхгүй, бүх л эрхтэн системийг өвчлүүлэх чадвартай. Гэхдээ аль эрхтэн системийг ямар мөөгөнцрийн үүсгэгч гэмтээж байгаагаараа ялгаатай.
-Мөөгөнцрийн халдварын үед илрэх нийтлэг ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ямар эрхтэнг гэмтээж өвчлүүлснээр өөр, өөр шинж тэмдгүүд илэрдэг. Жишээ нь арьсны өнгөц хэсгийг өвчлүүлж байгаа бол арьсан дээр янз бүрийн хэлбэр хэмжээтэй толбон тууралтууд гарах, хумс гэмтээсэн бол хумс өнгөө алдах, зузаарах, үйрэх, ургалт удаан болох, хэлбэр дүрсээ алдах, толгойд гарч хүндэрвэл идээт хүндрэл хүртэл гардаг.
-Ямар, ямар төрлийн мөөгөнцрийн халдвараар иргэд түлхүү өвчилж байна вэ?
-Энгийн үед бидний эргэн тойрон мөөгөнцөрт өвчнүүдийн үүсгэгч олон байдаг боловч дархлаа сулрах, нойргүй явах, чихрийн шижингээр өвчлөх, хэт таргалах, антибиотик болон дархлал дарангуйлах эмүүд их хэмжээгээр хэрэглэх болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр мөөгөнцөрт өвчнөөр өвчлөх магадлал илүү өндөр болдог. Дэлхийд 10000 орчим мөөгөнцрийн төрөл зүйл байдгаас 200 орчим нь хүнд өвчин үүсгэх чадвартай гэж үздэг. Хамгийн аюултай нь сүүлийн үед шээс, бэлгийн замын мөөгөнцөрт өвчнүүд, дотор эрхтний мөөгөнцөр, ходоод гэдэсний салстын мөөгөнцөрт өвчнүүд ихээр бүртгэгдэх болсон.
-Энэ төрлийн өвчин хэдэн насныханд илүү тохиолдож байна вэ?
-Өвчин бол аль ч насанд тохиолдоно. Арьсны болон толгойн хуйхны мөөгөнцөрт өвчнөөр голдуу бага насныхан, хүүхэд залуучууд өвчилж байхад хумс, шээс бэлгийн замын мөөгөнцөрт өвчин, салстын мөөгөнцрөөр насанд хүрэгчид илүү их өвчлөх жишээний байна.
-Толгойн мөөгөнцөрт өвчнөөр өвчлөгчдийн зонхилох хувийг 3-14 насны хүүхэд эзэлж байгаа гэсэн. Шалтгаан нь юу вэ?
-Сүүлийн үед хүүхдүүд нохой, муур тэжээх, худалдан авч байгаатай холбоотой мөөгөнцөрт өвчин их гарч байна. Учир нь муур бол мөөгөнцөрт өвчний үүсгэгчийг тээж байдаг гол амьтан. Муурнаас халдсан мөөгөнцөрт өвчин бол хамгийн халдвартай хурдан тархдаг. Манай иргэд амьтан авахдаа мал эмнэлэгт үзүүлдэггүй, өвчинтэй амьтад авдаг. Тэгээд эмнэлэгт ирээд үзүүлж муур, нохойноос халдсан өвчин байна гэхээр нөгөө муураа өөр айлд өгдөг, буцаагаад зардаг, эсвэл өөр хүнд зүгээр өгөх зэргээр дараагийн иргэдэд халдварлах эрсдэлийг бий болгодог. Тэгэхээр иргэд ч бас өөрсдөө хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
-Мөөгөнцрийн халдварыг эмчлэхгүй явах нь эрүүл мэндэд ямар сөрөг нөлөөтэй вэ?
-Мэдээж мөөгөнцөр өвчинг эмчлэхгүй явах нь олон сөрөг үр дагавартай, өвчин архагших, арьсны архаг өвчлөлд шилжих, бусдад халдаах, хумс үс гэмтэх, цаашилбал эмчлэхэд төвөгтэй болох, удаан хугацаагаар эмчлэх шаардлага гардаг.
-Мөөгөнцрийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу?
-Боломжтой. Гэхдээ нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчлэх хэрэгтэй. Иргэд өөрсдөө дур мэдэн эмчилснээр өвчнөө хүндрүүлээд байдаг.
-Бэлгийн мөөгөнцрийн илрэх шинж тэмдэг нь юу вэ?
-Шээс бэлгийн замын мөөгөнцөрт өвчин буюу өөрийн чинь хэлж байгаагаар бэлгийн мөөгөнцрөөр өвчилсөн бол шинж тэмдэг өвчний байдлаас хамаарч янз бүр байдаг. Гэхдээ нийтлэг шинж тэмдэг бол үтрээнээс ээдэм маягийн ялгадас гарах, бэлэг эрхтний салстууд загатнах, ирвэгэнэх, зарим тохиолдолд үрэвсэх, улайх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг.
-Бэлгийн мөөгөнцөр хэрхэн халдварладаг вэ?
-Шээс бэлгийн замын мөөгөнцөрт өвчинг халдварладаг гэж шууд хэлэх боломжгүй. Миний дээр хэлсэн янз бүрийн эмүүд ялангуяа антибиотик, дархлаа дарангуйлах эм удаан хэрэглэх явцад өвчлөх тохиолдол нэмэгддэг. Эрдэмтэн судлаачид бэлгийн замын мөөгөнцөрт өвчнөөр өвчилсөн тохиолдолд бэлгийн хамтрагчийг хамтад нь эмчлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа.
-Антибиотикийн зохисгүй хэрэглээ мөөгөнцөр үүсэх гол шалтгаан болдог гэсэн?
-Тийм ээ, нөлөөлнө. Ер нь эмийн зохисгүй хэрэглээ ганц мөөгөнцөрт өвчин гэлтгүй бусад өвчний үүсэхэд бас нөлөөлдөг.
Мөн гадаад орнуудад аялж, амарч, ажиллаж байгаа иргэд далайн эргээр явах, бассейн саунд орох гээд олон зүйлүүдээс хамаараад хөлийн улын мөөгөнцөрт өвчний халдварыг авдаг.
-Мөөгөнцрөө эмчлүүлсэн ч хурдхан дахилаа гэх хүмүүс элбэг. Юунаас шалтгаалж байна вэ. Ер нь мөөгөнцрийг бүрэн эмчилж болдог уу?
-Тэр бол дутуу эмчлүүлэх, буруу оношлогдож буруу эмчилгээ хийх зэргээс болж байгаа. Мөөгөнцрийн эмчилгээ нэлээд удаан хийдэг болохоор иргэд эмчилгээгээ дутуу орхих нь элбэг байдаг.
-Мөөгөнцрөөс сэргийлэх хамгийн энгийн аргын талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Хүн бүр эрүүл мэнддээ анхаарах, нэг удаагийн усны углааш, өөрийн сам, алчуур, цагаан хэрэглэл, оймс, гутал гэх мэт бусдад дамжуулж хэрэглэж болохгүй эд хэрэглэлийг зөвхөн өөрөө хэрэглэж сурах хэрэгтэй. Мөн шөнийн нойрыг сайн авах, агаарт явах, дур мэдэн эмчилгээ хийхгүй, заавал мэргэжлийн эмчид хандах ёстой. Сүүлийн үед иргэд интернэтээр тийм эм сайн гэхээр нь хэрэглэсэн зэрэг замбараагүй эмчилгээ хийж өвчнөө хүндрүүлж, эмчлэхэд төвөгтэй байдал үүсгэдэг. Бас эрүүл мэндийн наад захын мэдлэгтэй байх нь чухал. Манай боловсролын салбарт эрүүл мэндийн хичээлийг тогтмол оруулдаг байх нь чухал байна.