Францын нийслэл Парис хотод байх Дундад зууны түүхийг тэр чигт нь агуулсан Нотре Дам католик сүм шатсанд дэлхий нийт харамсан хүлээн авч байна. Тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сүмийг ахин сэргээн босгох болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж, иргэдээ уриалсан билээ.
Тэгвэл АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Францын түүхэн үнэт өвийг хамгаалах нийгэмлэг болон онлайн орчинд хандив цуглуулах платформ болох www.gofundme.com хамтран Нотре Дам сүмийг сэргээн босгох ажилд хандив цуглуулж эхэлсэн байна. Түймэр гарснаас хойш www.gofundme.com дээр Нотре Дамыг сэргээн босгох зорилготой гэх 50 орчим өөр, өөр хандивын арга хэмжээнүүд явж эхэлсэн байна. Харамсалтай нь тэдний ихэнх нь хуурамч эсвэл 19 зуунд бичсэн Виктор Хюгогийн Нотре Дамын бөхтөр нуруутан буюу Монголчуудын орчуулснаар Парисын дарь эхийн сүм зохиолын гол дүр Квазимодог аваръя зэрэг тоглоом шоглоомын хэлбэртэй байжээ. Тиймээс Францын Ерөнхийлөгчийн уриалгын дараагаар албан ёсны хандивыг цуглуулж эхэлсэн нь энэ аж. Үүнээс төд удалгүй Францын тэрбумтан бизнесийн магнат, тансаг зэрэглэлийн бараа үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч Франциус Хенри Пинау Нотре Дамын сэргээн босголтод зориулж 100 сая еврог хандивласан байна. Тэрээр сэтгүүлчдэд хандан “Бидэнд маш эмгэнэлтэй зүйл тулгарлаа. Бидний түүхэн өвийн хамгийн үнэт шигтгээ болсон Нотре Дамыг сэргээн босгох ажилд хүн бүр өөрийн боломж чинээгээрээ туслаарай” гэсэн юм. Франциус Хенри Пинау нь тансаг зэрэглэлийн алдарт “Gucci”, “Saint Lauren” болон “Balelciaga” брэндүүдийн эзэмшигч гэдгээрээ олонд танигдсан нэгэн билээ.
Сүмийн дотор гадар, хана тааз гээд бүгд Францын болон Католик шашны түүхийг агуулсан үнэлж баршгүй уран баримлуудаар дүүрэн юм. Нотре Дамыг 1991 онд үнэлж баршгүйд тооцон ЮНЕСКО-ын дэлхийн өвд бүртгэн авсан байдаг аж. Тиймээс хохирлын хэмжээг бодитоор тодорхойлох ямарч боломжгүй юм. Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар гал гарч эхлэх үед зөөх боломжтой түүхэн хосгүй өвүүдийг шилжүүлж чадсан байна. Нэгэн эх сурвалж энэ үеэр үнэлж баршгүй урлагийн бүтээлүүдийг гэмтээх эсвэл хулгайд алдахгүй байх нөхцөлийг хангахад цаг их алдсанаар галыг түргэн унтрааж чадахгүй байх нөхцөл байдал үүссэн гэсэн аж.