Open iToim app
Парламент | 2 мин уншина

Ш.Адьшаа: Ховдын удирдлагууд 'Халзан бүргэдэй'-н асуудалд нүдэн балай чихэн дүлий байна

Ш.Адьшаа: Ховдын удирдлагууд 'Халзан бүргэдэй'-н асуудалд нүдэн балай чихэн дүлий байна
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 4
Ховд аймгийн Мянгад сумын нутагт Халзан бүргэдэйн ордын лицензийг авсан уул уурхайн олборлолтын компаниудын үйл ажиллагаа байгаль орчин, ард иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувийг хадгалдаг Хар-Ус нуурын эко системд хэрхэн нөлөөлөхийг ард иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийн дагуу мэдэх эрхтэй гэж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдэгдлээ.  
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Эрдэнэт ТӨҮГ-ын 49 хувийг авч байсан Зэс эрдэнийн корпораци гэж компанийн харьяанд байдаг хүмүүс орон нутгийн иргэдийг тагнах, чагнах, хууль хүчний байгууллагаар далайлгах, мэдэхийг хүссэн иргэдийг хавчин боох үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан Монгол Улс хүний эрхийг дээдэлнэ гэж эрх баригчид хэлдэг. Гэвч Үндсэн хуулиар олгогдсон мэдэх эрхээ эдлэх гэсний төлөө хүчээр түрэмгийлж байна. Ийм байхад орон нутгийн засаг захиргааны байгууллага, ИТХ нь нүдэн балай чихэн дүлий байгаа нь харамсалтай. Тиймээс ХЗДХЯ, Засгийн газарт анхааруулъя. Мэдэх эрхээ эдлэх гэж буй иргэдийг мөрдөн шалгах, торгох, хүч хэрэглэх, баривчлахыг хатуу эсэргүүцнэ. Хариуцлагатай уул уурхайг бол дэмжинэ. Иргэдийн мэдэх эрхийг эхний ээлжид хангах хэрэгтэй байна гэлээ.  
Мөн тэрээр өргөн барьсан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслийг эгүүлэн татсан талаараа тайлбар хийв.  
Тэрээр “Энэ хуулийн гол ач холбогдол нь төрөөс баталгаа гаргасан зээл тусламжийг улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтан авахыг хориглосон байсан юм. Мөн АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг төрийн албан хаагчдыг жилийн орлогын 80 хувиас хэтрүүлэхгүйгээр зээл авахыг хязгаарласан зохицуулалт мөн байсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад буруу ойлгогдсоноос болж эгүүлэн татахад хүрлээ. Энэ хуулийг батлуулахгүй байх эсэргүүцэлтэй туллаа. Хөгжлийн банк, ЖДҮ гэх мэт төсөл хөтөлбөрийг улстөрчид өөрсдөө авч завших, бусдын боломжийг булаах асуудлыг таслан зогсоохын тулд тус хуулийг өргөн барьсан. Гэтэл хэлэлцүүлгийн явцад төрийн жирийн алба хаагчдад зээл авахыг хориглосон мэт нөхцөл байдал үүсгэлээ. Үүний цаана Хөгжлийн банк, ЖДҮ зэрэг төслөөс мөнгө авах гэсэн улстөрчдийн санаархал үргэлжилсээр байна. Тиймээс хуулийн төслийг дахин оруулж ирнэ. Ингэхдээ төрийн өндөр албан тушаалтнууд буюу УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ерөнхийлөгч зэрэгт төрөөс баталгаа гаргадаг зээл тусламжийг авахыг хязгаарлахаар оруулж ирнэ” гэж мэдээллээ.  
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн