Шинэ жил, зул сарын баярын өдрүүдээр цөөн хэдэн хундага алкоголь хэрэглэх нь зарим хүмүүсийн хувьд баярын уламжлал, сайхан уур амьсгал бүрдүүлэх хүчин зүйл байдаг. Зарим оронд энэ нь ерөөл өргөх ёс заншил болсон байдаг. Ер нь аливаа баярын үеэр хүн бүр л их бага хэмжээгээр алкоголь хэрэглэдэг. Хэтрүүлдэг нь ч цөөнгүй. Тэгвэл алкоголийг хэтрүүлэн хэрэглэх нь ямар нөлөөтэй, шинжлэх ухаанд юу гэж үздэг болохыг та дараах зөвлөмжөөс уншаарай. Брайтоны их сургуулийн профессор Хал Сасабовскигийн хэлснээр “энэ нь огт сайн зүйл биш” аж.
Алкоголийн зохистой хэрэглээ
Насанд хүрсэн хүн нэг өдөрт буюу 24 цагт 285 миллилитр шар айраг, 100 миллилитр улаан дарс, 30 миллилитр архи уух нь зохистой дээд хэмжээ гэж үздэг. Насанд хүрсэн, эрүүл хүний элэг цагт 10 грамм спиртийг цэвэршүүлэн, хоргүйжүүлж 10-12 цагийн дараа биеэс бүрэн гадагшлуулдаг. Жишээ нь, хоёр хүн 0.5 литрийн архийг хоёрхон цагийн дотор уусан гэвэл, тэд нэг дор тус бүр 10 өдрийн алкоголийн хэрэгцээг авч, түүнийхээ хэрээр өөрсдийгөө хордуулж байна гэсэн үг юм.
Шинжлэх ухаанд хүний согтолтын зэргийг цусан дахь этанол буюу этилийн спиртийн төвшнөөр тодорхойлдог. Үүнийг олон улсад согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг хуулийн дагуу тогтооход ашигладаг. Ердөө маш бага хэмжээний этилийн спирт нь хүний тархины лимбик систем буюу сэтгэл хөдлөл, ой санамжийг зохицуулдаг бүтцэд хүчтэй нөлөөлдөг. Тиймээс л замын цагдаа нар “багахан амссан бол жолооны ард бүү суу” гэх үгийг байнга анхааруулдаг аж.
Алкоголь хүний биед хэрхэн нөлөөлдөг вэ?
Бага зэргийн алкоголийг тохируулан хэрэглэх нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг болохыг бид бүгд мэднэ. Учир нь алкоголь хэрэглэснээр хүний биед допамин, эндорфин зэрэг бодис ихээр ялгарч тэр нь хүний тархийг сэргээх, урам зориг өгөх, өөртөө итгэлтэй болох зэрэг эерэг сэтгэлийн хөдлөл бий болгох химийн урвалыг үүсгэдэг. Гэсэн ч энэ бүхэн нь хуурамч мэдрэмж юм. Өөрөөр тархи, мэдрэл этилийн спиртийн нөлөөнд дарангуйлуулсан гэсэн үг аж. Энэ үед таны цусан дахь этилийн спиртийн хэмжээ 0.03-0.2 хувь байна.
Гэвч хэсэг хугацааны дараа эсвэл нэмж уух тусам энэхүү урвал нь хүний тархины зарим үйл ажиллагааг дарангуйлж, зүрх, судасны үйл ажиллагаа, амьсгалыг удаашруулдаг байна. Энэ нь таны хариу үйлдэл үзүүлэх байдлыг саармагжуулснаар согтолт үүсдэг аж. Согтолтын төвшин хэр хурдтай нэмэгдэх нь тухайн хүний биеийн онцлог, согтууруулах ундааг хэр хэмжээгээр, ямар хурдтай уусан зэргээс хамаарна.
Ингэж согтолтын үе шат ахисаар мансууралд хүрдэг бөгөөд хэт их хэмжээнд хүрсэн тохиолдолд алкоголийн хордлогод орж шууд үхэлд хүргэх аюултай. Үүнээс гадна согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцох, хүйтний улиралд осгох зэргээр өөрийгөө болон бусдыг ноцтой гэмтэл бэртэл, үхэлд хүргэж болох олон асуудал бий.
Үндсэндээ согтууруулах ундааг тохируулан хэрэглэх болон хэтрүүлэх хоёрын хооронд согтолтын зэргийн маш том зааг бий. Хүний бие, мэдрэлд алкоголь нөлөөлөхүйц хэмжээнд очсон болохыг та “өөрийгөө илүү ухаантай бас царайлаг гэж бодож эхлэх”-ээс анзаарч болох аж. Гэсэн ч ихэнх тохиолдолд хүмүүсийн эдгээр бодлууд гудамжинд бөөлжсөн, хэн нэгэнтэй маргасан, ахиж дурсахаас ч ичмээр явдлуудаар өндөрлөдөг. Харин согтолт их хэмжээгээр нөлөөлж эхлэх үед хариу үйлдэл үзүүлэх чадвар эрс муудаж хэл яриа ээдрэх, алхаж чадахгүй болох зэргээр илэрнэ. Энэ үед таны цусан дахь этилийн спиртийн хэмжээ 0.6 хувь байна.
Цусан дахь этанолын хэмжээ ихсэхийн хэрээр согтолт нэмэгдэж улмаар сэтгэцийн огцом хямралд орох, тухайлбал, гэнэт хөөрч баярлах, эсвэл сэтгэлээр унах, уурлаж бухимдах зэргээр илэрдэг. Энэ үед эрүүлээр сэтгэх чадвар эрс муудах бөгөөд цусан дахь этилийн спиртийн хэмжээ 1 хувь байна. Энэ тохиолдолд зүрх, судасны асуудал үүсдэг. Учир нь алкоголь нь судсыг өргөсгөж, цусыг биеэр хэвийн үетэй харьцуулахад илүү хурдтай эргэлдүүлж эхэлдэг. Энэхүү огцом ачааллын улмаас хүний зүрх хурдан цохилж эхэлнэ. Энгийнээр тайлбарлавал алкоголь хэтрүүлэн хэрэглэсэн үед таны тархи, амьсгалын зам тайван байх ч зүрх, судсанд гал дүрэлзэж байна гэсэн үг юм. Гэсэн ч таны хэрэглэсэн алкоголь нэгэнт тархины мэдрэлийн тогтолцоог дарангуйлсан байх тул та энэ бүхнийг тэр бүр мэдэж чадахгүй. Мөн хэрэв анзаарах юм бол согтууруулах ундааг олон жилийн турш хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүсийн хамар, хацар зэрэг улайсан байдаг. Энэ нь тэдний судас ийнхүү тогтмол хэвийн бус агшиж, тэлдэгтэй холбоотой аж.
Харин согтууруулах ундаа хэрэглэсний дараа нүд бүрэлзэх, өөрийн эрхгүй нойрмоглож эхлэх, огцом огиудас хүрч эхлэхэд цусан дахь этанолын хэмжээ 12 хувьд хүрсэн байдаг. Согтууруулах ундаа ихээр хэтрүүлэн хэрэглэх үед бөөлждөг нь цусан дахь этилийн спиртийн хэмжээ эрс өссөнтэй шууд холбоотой аж. Учир нь хүний элэг үүнийг шүүх үед алкоголиас 10 дахин хүчтэй, 6 дахин согтууруулах үйлчилгээтэй бодис ялгардаг. Энэ нь хүний биеийн тархи мэдрэл, ходоод гэдэсний үйл ажиллагааг дарангуйлж бөөлжих болон суулгах шалтгаан болдог байна. Цаашлаад 15 хувь хүрэхэд сэтгэцийн хувьд өөрийгөө хянах чадваргүй болдог. Ингээд 30 хувь хүрэх үед хагас ухаан алдалтын байдалд ордог буюу тасардаг. Үүнээс дээш тохиолдолд алкоголийн гүн хордлогод орж комын байдалд шилждэг нь үхэж болохуйц бодит аюул юм.
Таны уусан алкоголийн 80 хувь судасны ханаар нэвчиж, 20 хувь нь ходоод, нарийн гэдэсний ханаар шимэгддэг. Дараа нь 20-30 минутын дотор хүний биед бүхэлдээ тархаж, хордуулж эхэлдэг. Тархи, элэг зэрэг эрхтэнд хамгийн ихээр нөлөөлдөг. Учир нь хүний элэг алкоголийг шүүхийн тулд өөрт хэрэгтэй молекулуудыг задалж, алкогольд зориулсан тусгай молекулууд болон ферментүүдийг үйлдвэрлэдэг. Эдгээр нь алкоголийн хэд хэдэн үе шаттай шүүдэг. Ингэх үед хүний бие маш их энерги зарцуулах хэрэгтэй болдог. Тиймээс л хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс хойш хэд хоногийн турш эрч хүчгүй болдог аж. Мөн хэрэв анзаарах юм бол архинд хамааралтай хүмүүс ихэвчлэн илүүдэл жинтэй хэрнэ маш бага хоол иддэг. Хоол бага идэх нь архинд хамааралтай болсон хүн өөрт шаардлагатай калорийн ихэнх хэсгийг алкоголиос авдагтай холбоотой. Хэдий алкоголиос хэрэгцээтэй калорио нөхөж байгаа ч хоол тэжээлээс авах ёстой бусад эрдэс, витамин дутагдсанаар эрүүл мэндийн ноцтой асуудалд ордог. Харин жингийн илүүдлийн хувьд энгийнээр хүний биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй молекулууд уусан архийг задлахын тулд золиос болсон учир таргалалт үүсдэг гэж ойлгож болох аж.
Эх сурвалж: Community, Asian Wire