Open iToim app
Хөндөх сэдэв | 6 мин уншина

БАЙР СУУРЬ: Эрүүгийн хуульд 'Доромжлох' заалт оруулахыг хуульчид ингэж дүгнэв

БАЙР СУУРЬ: Эрүүгийн хуульд 'Доромжлох' заалт оруулахыг хуульчид ингэж дүгнэв
Нийтэлсэн 2022 оны 5 сарын 27
Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд “Доромжлох” тухай зүйл заалт оруулсан нь нийгэмд ихээхэн шүүмжлэл, талцал дагуулаад байгаа билээ. Иймд хуульчдаас Эрүүгийн хуульд оруулах уг заалтад ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

Хүний хамгийн эрхэм нэр хүндэд халдсан бол хариуцлага хүлээх хэрэгтэй

undefined
-Хуульч О.Алтангэрэл: Би хуульч хүний хувьд гүтгэх, доромжлох үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурьтай байдаг. Одоогийн хэлэлцүүлээд буй Эрүүгийн хуулийн анхны төсөл явж байхад л энэ байр сууриа тод илэрхийлсэн. Эрүүгийн хуулиар шийдэх нь буруу гэх хандлага байгаа ч энэ бол нийгмийн харилцааг хамгаалж байдаг хууль шүү дээ. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэдэгтэй адилхан хамгийн эрхэм зүйл болох хүний нэр төрд халдсан этгээдэд хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ. Доромжлох гэдэг зүйл заалт урд нь байсан ч энэ төрлийн гэмт хэрэгт ял оногдуулж байсан нь маш цөөхөн.

Хэвлэлийн эрх чөлөө хумигдаж, иргэд чихгүй, нүдгүй мэт болно

undefined
Хуульч С.Халиунаа: Доромжлох үйлдлийг Эрүүгийн гэмт хэрэгт оруулахаар санал гаргаж буй нь Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн дунд шүүмжит сэтгэлгээг хязгаарлах, иргэд үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах ухарсан алхам болж байна. Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн бусдыг доромжилсон иргэд эсвэл гүтгэсэн сэтгүүлчийн тухай биш юм. Тухайн нийгэмд амьдарч буй иргэд хэр бодитой мэдээлэл авч чадаж байна, эрх баригчдын буруу, зөв шийдвэрийн талаар хэр шүүмжлэлтэй хандаж чадаж байна, эх сурвалжтай, үндэслэлтэй мэдээлэл авах, авсан мэдээллийн дагуу үнэлэлт, дүгнэлт өгөх, үүний дагуу гаргах шийдвэр нь эрүүл саруул байх “нийгэм бүхэлдээ чихтэй, нүдтэй, сонсголтой, дуу хоолойтой байх” тухай юм.  
Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдахын хэрээр иргэдийн бодитой мэдээлэл авах, тухайн мэдээлэлд шүүмжит сэтгэлгээгээр хандах, цаашлаад шийдвэр гаргах явцад бүхэлдээ сөргөөр нөлөөлнө. НҮБ төдийгүй, дэлхийн хөгжилтэй орнууд доромжлох, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах нь хэвлэлийн эрх чөлөө, иргэний үзэл бодлоо илэрхийлэхэд хамгийн том аюул заналхийлэл гэж үздэг.
Өмнө нь Зөрчлийн тухай хуульд тодорхой зохицуулалт байсан байхад үүнийг Зөрчлийн хуулиас хасаж Эрүүгийн хуульд оруулж ирж байгаа нь доромжлуулсан, гүтгүүлсэн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх гэхээсээ хэвлэлийн эрх чөлөөг боомилох, улмаар иргэдийн дунд шүүмжит сэтгэлгээг хумихад чиглэсэн, иргэний нийгмийг боомилсон, дарангуйлагч төрийн тогтолцоо  руу уруудаж буйн тод жишээ гэж бодож байна.
Хэдийгээр Эрүүгийн хуулийн эцсийн шийтгэл нь өнгөц харахад хөнгөн мэт боловч эрүүгийн хэрэг хянан шалгах, шийдвэрлэх явцад сэжигтэн, яллагдагчид авч болох бүхий л таслан сэргийлэх арга хэмжээг авч болно. Тухайлбал “шаардлагатай” гэж үзсэн тохиолдолд сэжигтэн, яллагдагчид цагдан хорих арга хэмжээг авах эрхтэй. Цаашлаад эрүүгийн ял хүлээж байсан этгээд гээд дараа дараачийн хүнтэй маргалдсан, ам сөрсөн үйлдэлд улам л хүнд ял хүлээх маш том сөрөг үр дагавартай.
Маш олон иргэд тэр дундаа хүүхдийн эрх Эрүүгийн төдийгүй Зөрчлийн хуулиар хамгаалуулах хэрэгцээ байгаа. Тухайлбал боловсролын салбарт хүүхдийн эрх хамгийн ихээр зөрчигдөж байна, өсвөр насны хүүхдүүд үе тэнгийнхнээсээ гадна багш, сурган хүмүүжүүлэгчийн дарамт, хүчирхийлэлд өртөж байгаа. Өнөөдөр өсвөр насны охинд бэлгийн дарамт үзүүлсэн багш сурган хүмүүжүүлэгчид зөвхөн торгуулийн арга хэмжээ авч ажлаас халах зохицуулалт байна. Гэтэл тухайн багшийг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хязгаарлах зохицуулалтгүйгээс болоод тухайн багш өөр сургуульд очоод багшилж байна. Өсвөр насны хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж байгаа хүнийг дахиж боловсрол, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдтэй хамт ажиллах эрхийг хязгаарлах ёстой.
Энэ бол нэг л жишээ, хууль эрх зүйн хүрээнд эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байгаа, эрүү, зөрчлийн тухай хуулиар хамгаалах шаардлагатай олон асуудлууд байгаа. Гэтэл эрх баригчдад хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах боломж олгосон зүйл, заалтыг Эрүүгийн хуульд оруулахаар санаархаж байгаа нь манай улс иргэний ардчилсан нийгэм цогцлооно гэдгээсээ хэдэн алхам ухарч байна.
Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байраар ухарсан. Цаашид ч уг хуулиар иргэдийнхээ шүүмжит сэтгэлгээ, бодитой мэдээлэл авах эрхийг хянаж буй нь харамсалтай байна.

Энэ бол ухралт

undefined
-Хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөг: Эрүүгийн хуульд “Доромжлох” зүйл заалтыг оруулсанд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь олон улсын жишгээс ухарсан заалт болно. Үүнийг Эрүүгийн хуульд тусгах нь зүйд нийцэх үү, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй асуудал.
Эрүүгийн хуульд “Доромжлох” агуулгыг тусгасан нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үзэл санаанд харшилж байна гэж харж буй. Хэдийгээр үүнийг Эрүүгийн хуульд тусгахад нь шүүмжлэлтэй хандаж байгаа ч бусдыг гүтгэж, доромжлох нь зөв гэсэн утга санаа огт биш юм.  

Доромжлох заалтыг тусгаснаар илүү “шоронжино”

-Хуульч Б.Буянжаргал: Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15-д “Доромжлох” заалт шинээр оржээ. Энэ нь агуулгын хувьд одоо үйлчилж буй Эрүүгийн хуулийн 14.1-т заасан “Ялгаварлан гадуурхах гэмт хэрэг”-ээс ялгараад байх зүйл алга. Учир нь, доромжлох гэмт хэргийг төсөлд оруулахдаа “Хүний нэр төр алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол гэж тусгасан байна. Энэ нь ялгаварлан гадуурхах гэмт хэрэгтэй агуулгын хувьд нийгмийн гарал, үндэс угсаа, хэл, хөрөнгө чинээ, эрхэлсэн албан тушаал, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхаж эрх, эрх чөлөөг нь хязгаарласан гэж өмнөхтэйгээ ижил байгаа юм. Үүнээс “хязгаарласан” гэдэг үгээр ялгаа үүсэж байгаа гэвэл учир дутагдалтай. Тиймээс өндөр албан тушаалтай хүмүүсийн нэр төрд халдаж байна гэх байдлаар урвуулан ашиглах нь гэж харж байна. Энэ заалт ялгаварлан гадуурхалтаас ялгагдаад байх өнцөг өөрөөр харагдахгүй байгаа юм.
Нөгөөтэйгүүр хоёр хүн муудалцлаа гэхэд хэн дуртай нь цагдаагийн байгууллагад хандаж эхэлнэ. Ингэснээр “шоронжсон” байдлаар хүний эрх зүйн байдлыг дордуулна. Хоёр хүн хэрэлдэж, муудалцсанаас болж насан туршийн нэр хүндэд нь “Ял эдэлж, шоронд суусан хүнтэй ижил байдлаар хэрэгт холбогдож байсан” гэх тодорхойлолттой болно. Хэдийгээр хүнд доромжлуулж, гутаалгах ёсгүй ч гэлээ Үндсэн хуулиар тэртээ тэргүй хамгаалагдчихсан байхад заавал Эрүүгийн хуульд тусгаж бусдыг яллаад байх шаардлагагүй.

Доромжлох гэдгийг Эрүүгийн бус Иргэний хуулиар шийдэх нь зүйд нийцнэ

undefined
-Хуульч О.Батхүү: Нийтийн буюу төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, захиран зарцуулах эрхийг эдэлдэг. Тэдгээр хүмүүс анх улс төр болоод төрийн албанд орох шийдвэр гаргахдаа л түүнийг дагаж гарах сөрөг үр дагавруудыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Өөрсдөө энэ замыг сонгож орчхоод дараа нь “Энэ хүн намайг доромжилсон” гэдэг гомдол гаргавал цагдаагийн байгууллага шалгаж тухайн иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэдэг болох нь, энэ хуулиар. 
Нэгд, доромжлуулсан гэх иргэн цагдаад мэдүүлэг өгвөл сар орчим дуудсан цагт нь бэлэн байх үүргийг нөгөө хүн хүлээнэ. Нэг ёсондоо цагдаагаар маргааныг шийдэх явцад залхаах процесс үргэлжилж байгаа хэрэг. Бусад улс оронд төрийн тэргүүн, удирдлагуудаа шоглож зурах, муухай зүйл дээр элэглэсэн байдлаар наах нь энгийн үзэгдэл. Ардчилсан улсад ийм зүйлс байж болоод байхад Монгол Улсад яагаад болохгүй юм. Мөн “Доромжлох” гэх заалтыг маш тодорхой заахгүй бол ойлголтын зөрүү үүсэх боломжтой. Нэг иргэн шүүмжилж хэллээ гэж үзэхэд цагдаагийн алба хаагч доромжилсон гэж үзэж болно.
Хоёрт, Эрүүгийн хуульд тайлбарлахад хүндрэлтэй зүйл заалт оруулах нь буруу. Үүнийг иргэний хуулиар буюу “Энэ хүн намайг доромжилсны улмаас сэтгэл санаанд хүндээр туслаа, тэдэн төгрөгийн хохирол учирлаа” гэх байдлаар шийдэх хэрэгтэй. Ингэхдээ нөгөө хүнээр уучлалт гуйлгуулах, мөнгөн төлбөртэй холбоотой байдлаар шийдүүлдэг. Харин Эрүүгийн хэрэг гэдэг нь төрөөс ял өгч торгоно гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаа цагдаагийн байгууллагаас тодорхойлолт авахаар Эрүүгийн ял эдэлж байсан гэж гарч, цаашдын амьдралд саад учруулах эрсдэлтэй. Тиймээс энэ заалтыг ерөөс Эрүүгийн хуульд оруулах нь буруу гэж үзэж байна.
Тэгвэл энэхүү хуулийн төслийг өргөн барьсан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар уг заалтын талаар “Цахим орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ доромжилж, гадуурхсанаас болж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа. Үүний статистик тооцоог хуулийн төслийг танилцуулах үеэр дэлгэрэнгүй танилцуулна. Энэ хуулийн зохицуулалт цоо шинэ зүйл биш. Өмнө нь байсан зохицуулалт юм” гэж мэдээлсэн билээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн