Ургац хураалтад ажиллах оюутнуудын асуудлаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодрууллаа.
-Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургуулийн оюутнуудыг ургац хураалтын ажилд оролцуулахаар болсон билээ. Хэдэн сургуулийн нийт хэчнээн оюутныг ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Ургац хураалт нь технологийн хугацаатай, хүн хүч шаардагддаг ажил учраас их дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтад ажиллуулдаг. Энэ жилийн тухайд мөн адил залуусыг сайн дурын үндсэн дээр ажиллуулахаар төлөвлөж байна. Ингэхдээ илүү зохион байгуулалтад оруулж байрлах байр сууцыг сайжруулж, сайн дураараа ажиллах оюутнуудын идэвхийг өрнүүлэх тал дээр анхаарах Засгийн газраас шийдвэр гарсан. Ерөнхийдөө тухайн жилийнхээ дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүнсийг хураах нь туйлын чухал асуудал юм. Түүнчлэн тариаланчдын хэдэн сар ургуулсан тариа будаа, хүнсний ногоог цас, бороонд хайрагдуулахгүй технологийн хугацаанд нь хурааж авах нь чухал учир энэхүү ажлыг хэрэгжүүлж байна. Бид тариаланчдаас судалгаа авахад энэ жил нэмэлтээр 4987 ажиллах хүч шаардлагатай байгааг ирүүлсэн. Ерөнхийдөө сайн дураар ажиллах залуус эхнээсээ хураалтад гаргаад эхэлсэн. Тухайлбал, Дотоод хэргийн их сургууль, Боловсролын их сургуулийн Биеийн тамирын ангийнхан, Үндэсний биеийн тамирын дээд сургууль, Хөдөө, Аж ахуйн их сургууль өргөн бүрэлдэхүүнтэй гарсан.
-Ажиллаж байгаа залуус улсаас цалин мөнгө өгөх үү. Энэ ажилд улсаас хэдэн төгрөгийн төсөв гаргасан вэ?
-Мэдээж цалин хөлсгүй бол хүн ажиллахгүй. Цалингийн хувьд оюутан, тариаланч хоорондоо тохироод туслах ажилчны цалингаар цалинжина. Энэ ажилд улсаас төсөв гаргаагүй тариаланчид өөрсдөө цалинжуулна.
-Ургац хураалтад оролцож байгаа оюутнуудыг кредит дүйцүүлнэ гэсэн асуудал яригдаж байсан. Энэ үнэн үү?
-Зарим сургууль нийгмийн тустай хөдөлмөр гэдэг хичээл ордог. Энэ хичээлээ зарим оюутан тахимаар хичээлээ авдаг, зарим нь дадлага хийж, нийгмийн тустай хөдөлмөр хийж кредитээ тооцуулж байна. Иймд ургац хураалтын ажлыг нийгмийн тустай хөдөлмөр гэж үнэлээд тэр хичээлийн кредитийг дүйцүүлж болно. Бусад хичээлийн кредитийг дүйцүүлэхгүй.
-Оюутнуудыг ургац хураалтад ажиллуулахаар бусад хичээл номын асуудлуудыг нь яаж зохицуулж байгаа вэ?
-Энэ асуудлыг сургуулиуд нь хичээлүүдээ шахах зэргээр өөрсдөө зохицуулна.
-Хэднээс хэдний хооронд ажиллуулахаар төлөвлөж байгаа вэ?
-Ургац хураалтын ажил наймдугаар сарын сүүлээс аравдугаар сарын 1 хүртэл явагдана. Үндсэндээ 30-45 хоногийн хугацаанд эрчимтэй явагдана. Хөдөө, аж ахуйн сургууль гэхэд есдүгээр сарын 10-аас, мэргэжлийн ангийн оюутнууд эрт гарсан ажиллаж байна.
-Цаг агаарын байдал ургац хураалтад хэр нөлөөлж байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд огцом хүйтэрч уулархаг газраа цас, газар тариалангийн зарим газар хяруу унах зэрэг хүндрэл тулгарлаа. Гэхдээ энэ нь ургац хураалтад хүчтэй нөлөөлөх хэмжээнд байгаагүй учраас харьцангуй гайгүй байлаа. Маргаашаас эхлээд цаг агаар эргээд дулаарах төлөвтэй байгаа тул ургац хураалтаа эрчимтэй явуулна.
-Ургац хураалтад яг одоо тулгамдаж байгаа асуудал байна уу?
-Бэлтгэл ажлууд нэлээд хийгдсэн учир төлөвлөгөөний дагуу явж байна. Ногоо, тарианы талбайд шөнийн цагаар мал орох асуудлууд гардаг учраас үүн дээр л анхаарч байна.