Баян-Өлгий аймгийн БТСГ-ын Нийтийн биеийн тамирын арга зүйч /НБТАЗ/ А.Ромтой ярилцлаа.
-Өнгөрсөн өдрүүдэд “Монголын үндэсний спортын долдугаар их наадам” боллоо. Тэнд олны анхаарал татаж байсан нь танай аймаг байна лээ. Энэ удаагийн наадамд ямар онцлог, ялгамжтайгаар оролцов?
-Бид аймгаа төлөөлөн 42 тамирчинтай ирсэн. Үндэсний спортын 15 төрлөөр саяны наадам болсон. Энэ удаагийн наадамд морин дээрээс барилдах төрөл оруулсан нь онцлог байлаа. Мөн морин дээрээс мөнгө шүүрэх төрөл ч байсан. Энэ төрлөөр манай Баян-Өлгийн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгө хүрэл медаль хүртэж байсан. Бидний онцлог ч энэ төрөлд тодорсон.
Мөн бид казах түмний үндэсний хувцас, бүрэн тоноглосон гэртэйгээ Улаанбаатар хотын Хүй долоон худагт ирсэн. Ингэхдээ казах эмэгтэйчүүдийн уран гарыг үзүүлсэн хээ угалзтай ширдэг, эдлэл түүнчлэн амьд бүргэд, домбортой ирсэн.
-Амьд бүргэд, домбортой ирсэн нь ямар учиртай вэ?
-Бүргэдээр ан хийдэг. Баяр ёслолоор заавал үндэсний уламжлалт зүйлсээ таниулж, мэдүүлж байх нь хамгийн чухал. Тиймээс бид баяр ёслол, олны хөл чуулсан газраар бүргэд болон үндэсний хувцсаа өмсөж явдаг заншилтай. Бүргэд, домборгүй айлыг казах айл гэж хэлдэггүй.
-Аравдугаар сард Баян-Өлгий аймагт бүргэдийн баярыг зохиодог шүү дээ. Энэ жилийн бүргэдийн баярыг танай хороо хэр өргөн дэлгэр тэмдэглэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Баян-Өлгий аймагт жил бүрийн аравдугаар сард “Бүргэдийн баяр”-ыг зохиодог нь эчнээ танил том баяр болсон. Үүнд гадаадын олон жуулчин ирж, үзэж сонирхдог. Бид хаана ч явсан бүргэдээрээ бахархаж авч явдаг соёлтой учраас энэ баярыг уламжлал болгон зохиох бас нэгэн ач холбогдол нь шүү.
Манай бүргэдийн баяр болохоос өмнө Төв Азид болж буй нүүдэлчдийн наадам есдүгээр сарын сүүл аравдугаар сарын эхээр болно. Энэ жил дэлхийн хэмжээний том баяртай “Бүргэдийн баяр” он цагийн хувьд давхцаж байгаа учраас “Бүргэдийн баяр”-ыг хойшлуулж таарна. Гэхдээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэнэ. Учир нь кодивын жилүүдэд баяраа тэмдэглэж чадаагүй шүү дээ.
-Бид хэдийгээр нэг газар нутагтаа байдаг ч та бүхний бүргэд тэжээх соёлыг сайн мэдэхгүй байх нь олонтаа. Тиймээс та бүргэд тэжээх, харьцах ухааныхаа талаар ярьж өгнө үү?
-Тэгэлгүй яах вэ. Ингэж асууж, өв соёлыг минь сонирхож байгаад баярлалаа. Манай 120 тамирчны 70 орчим хувь нь гэртээ бүргэд тэжээдэг. Өв соёл үндэсний уламжлалаа хадгалдаг гэсэн үг л дээ. Үүнтэй адил манай аймгийн иргэдийн 70 орчим хувь нь бүргэд тэжээдэг гэж хэлж болно. Гэхдээ энэ яг баттай тоотой, судалгаатай биш шүү.
Бүргэд махчин боловч тэжээвэр шувуу гэдгээрээ онцлогтой. Казах айлууд бүргэдээрээ ан хийдэг. Чоно, үнэг, догшин амьтдыг бүргэдээрээ барьдаг юм. Барьсан ангаа гэртээ хадаж өлгөнө, өмсгөл зүүсгэл хийнэ. Бүргэдтэй байна гэдэг айл гэрийн эзэн, эр хүнийг хийморьлог харагдуулдаг. Цастай өдөр морио унаад шарк, нарк гэж гишгэлээд бүргэдээрээ ан хийх нь маш сонирхолтой, гоё шүү.
-Бүргэдийг хүссэн хүн нь тэжээж чаддаггүй байх. Арчилгаа хэр шаарддаг вэ?
-Бүргэд маш их арчилгаа шаарддаг. Дээрээс нь их гомдомтгой. Тиймээс загнаж болохгүй. Хөлөө гуян дээр гаргаад тавьчихсан байхад нь “Хөл мөлөө ав” гээд жаахан эвгүй хэлчихвэл дурмаг байна гэж мэдээд сарвуугаараа базаад авна. Уурлаж байгаагаа мэдрүүлж буй хэрэг. Ер нь хүүхэд шиг л гомдомтгой сэтгэхгүйтэй. Эзэнтэйгээ хазаж, базаж тоглоно. Түүнийг нь даахгүй зандрах, цохих үйлдэл хийвэл үнэн голоосоо гомдож, дахиж тэр хүнтэй харьцахгүйдээ ч тулна. Бүргэд нь юу ч хийж байсан эзэн нь хүлээн зөвшөөрөөд, хүлцэнгүй байх хэрэгтэй.
-Ингэж их хайрлуулж эрхэлсэн бүргэд эзнээ их хамгаалдаг уу?
-Эзнийг нь хүн шоглоод бүргэдийнх нь дэргэд янз бүр болоод байвал харцаараа айлгана. Дэвж шавж эхэндээ үргээлгэ хийх гэж үзнэ. Ер нь хамгаална шүү. Бүргэдтэй айлд элдэв авиртай хүмүүс муухай аашлиж ер нь ч чадахгүй.
-Та өөрөө бүргэд тэжээдэггүй өнгө аяс ажиглагдлаа?
-Би суурин газарт амьдардаг учраас бүргэд тэжээхгүй байна. Гэхдээ яаж арчлах, хэрхэн харьцахаа сайн мэднэ. Манай өвөг дээдсүүд үе удмаараа бүргэд тэжээж байсан. Багаасаа л бүргэдтэй ижилдэн дасаж өссөн юм. Бүргэд сэрүүхэн, хөдөө зэлүүд газар амьдардаг. Харин би хороо хариуцан ажиллаж байгаа учраас бүргэж тэжээж чадахгүй байгаа юм.