Open iToim app
Засгийн газар | 3 мин уншина

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилов

ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, БЭТ томилов
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 26
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой” ХК-д авах арга хэмжээний талаар хэлэлцэн, шийдвэр гаргажээ. Шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан танилцуулав.
Тэрээр "Эрдэнэс тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоохоор шийдвэрлэлээ. Аравдугаар сарын 5-ны өдрийн тогтоолоор “Монгол Улсын төлбөрийн тэнцэлтэй холбоотойгоор валютын нөөцийг нэмэгдүүлэхэд онцгой арга чиглэл авах үүрэг чиглэл өгөгдсөн байдаг. Тус тогтоолоор “Эрдэнэс тавантолгой” ХХК энэ оны 500 сая долларыг татан төвлөрүүлэх үүрэг өгөгдсөн. “Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр”-т 300 сая ам.доллар татан төвлөрүүлэх үүрэг чиглэл өгөгдсөн. Мөн уул уурхайн бусад компаниудад уул уурхайн борлуулалт хийсэн бүтээгдэхүүнийхээ мөнгийг татан төвлөрүүлэх үүрэг өгсөн байдаг.
Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани дээр авах  Засгийн газрын тогтоолыг танилцуулъя.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн наймдугаар зүйлийн тав дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн нэг, хоёрдугаар зүйлд заасныг тус тус үндэслэн тогтоох нь:
Нэг. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөдрийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дахь тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын онцгой дэглэм тогтоосугай.
Хоёр. Онцгой дэглэмийн хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийн бүрэн төлөөлөх онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг томилон ажиллуулсугай.
Гурав. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны хэвийн нөхцөл байдлыг бүрэн хангаж, дор дурдсан аргыг авч хэрэгжүүлэхийг дараах албан тушаалтанд даалгасугай.
3.1. Компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх. Шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтыг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,
3.2. Компанийн хөдөлмөрийн болон үйлдвэрлэл технологийн тухайлсан дүрэм үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тусгай журам тогтоож тэдгээрийг зөрчигчдөд зохих хариуцлагыг тооцох талаар онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,
3.3. Нүүрсний ордоос нүүрс ачих, тээвэрлэх худалдан борлуулах, хил нэвтрүүлэх бүхий л үе шатны хяналтыг сайжруулахад шаардлагатай ажлыг авч ажиллахыг Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад,
Эдгээрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасугай
3.4. Компанийн хөрөнгө оруулалт, бизнес төлөвлөгөөнд заасан зорилт арга хэмжээний хэрэгжилт, үйл ажиллагаа, санхүүгийн иж бүрэн хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нарт,
3.5. Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбаатарт,
Дөрөв. Энэ тогтоолын хэрэгжилт “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн үр дүнг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгасугай
Тав. Тогтоолыг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс дагаж мөрдсүгэй гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн