Эрүүл байх, зөв хооллолтын үндэс нь өглөөний цайг “тогтмол” уухаас эхэлнэ. Хүн болгон өглөөд цай ууж байж ажил, сургуульдаа явах ёстой.
Өглөөний цай уух нь бодисын солилцоог эрчимжүүлнэ, цусан дах сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана, өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдэлээс хамгаалдгийг эрдэмтэд нотолсон байна.
Мөн өглөөний цай ууснаар “ходоод” дүүрэн байх мэдрэмж удаан хугацааны туршид байснаар хоногийн хоолноос авах илчлэгийн хэмжээ багасаж, “жин” нэмэгдэхгүй, сайн хянаж чадна, ажлын бүтээмж өндөр байж, анхаарал төвлөрөлт, шинэ юм хүлээж авах чадвар илүү өндөр байдаг аж. Өглөөний цай нь даралт ихдэх, харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлдгийг тогтоожээ.
Өглөөний цайгаа уусан хүн таргалалтад илүү бага өртдөг гэсэн судалгааны дүн гарчээ. Өглөөний цайг гурван сарын хугацаанд тогтмол ууснаар энэ хугацаанд идэж байсан нийт хоолны хэмжээ 8 кг орчим хасагдсаны дотор оройн хоолны хэмжээ 3,300 гр-аар хасагдсан. Эндээс биеийн жинг хянах, бууруулахад өглөөний цай ихээхэн ач холбогдолтой. Өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө. Мөн гоо сайханд ч эерэг нөлөөтэй. Гоолиг бие, тунгалаг царайтай байхын нэг үндэс нь өглөөний цайгаа уух явдал юм. Хамгийн гол нь өглөөний цай ууснаар ходоод, хоол боловсруулах эрхтнээ хамгаалж чаддаг аж.
Өглөөний цайнд юу идэв вэ
Хамгийн түрүүнд танд зөвлөхөд, өглөөний цайнд кофе болон жигнэмэг огт тохиромжгүй гэдгийг сануулъя.
Сайн өглөөний хоолонд уураг, бүхэл үр, эрүүл өөх тос, хүнсний ногоо ба жимс гэсэн таван зүйлс багтдаг байна. Өглөөд уураг болон өөх тос хэрэглэх нь хүний биеийн шим тэжээлийг нөхөөд зогсохгүй орой хоол идэх зуршлыг бууруулдаг байна. Харин бүхэл үр, хүнсний ногоо, жимс нь хүний биед хэрэгтэй эрдэс бодис, витамины хэмжээг нэмэгдүүлдэг аж.
Зарим эрүүл хооллолтын зөвлөгөө ялангуяа өглөөд юм идэхгүй байх нь сайн гэж үздэг хүмүүсийн хувьд өглөөд жимсний шүүс болон смүүти уухыг зөвлөдөг. Гэвч судалгааны үр дүнд энэ нь маш их витамин, амин дэм агуулдаг ч уураг, өөх тос байхгүй учир үр дүнгүй өглөөний унд гэж үзжээ.
Нэмэлт мэдээлэл: Уураг нь далайн хүнс, мах, самар, сүү, тараг, шош, өндөг шар буурцаг зэрэгт ихээр агуулагддаг байна. Бүхэл үрийг анх идэхэд эвгүй боловч төмөр, кальци, магни, уураг зэргийг маш ихээр агуулдаг эрүүл хүнс юм. Харин эрүүл өөх тос гэдэг нь авакода, бяслаг, хар шоколад, чанасан өндөг, загас, самар, чиа үр, оливын тос зэрэгт агуулагддаг байна. Мэдээж хүнсний ногоо болон жимс нь олон төрлийн витаминыг агуулдаг билээ.