Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 р тогтоолыг баталсан. Энэ хүрээнд ЭМД-ын сангаас иргэд ямар үйлчилгээг үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй авах боломж бүрдэж байгаа танилцуулъя.
Иргэд амбулаторид үзүүлэхдээ төлбөр төлөхгүй
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 р тогтоолд 13 нэр төрлийн тусламж үйлчилгээ багтсан. Үүнд иргэн амбулаторийн тусламж үйлчилгээнд ямар нэгэн хамтын төлбөр төлөхгүй. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээнд нийт 490 оношийн хамааралтай бүлэг байна. Нийт 183 оношийн хамааралтай бүлэг нь хамтын төлбөргүй. Үүний 102 нь эмийн эмчилгээ бол 81 нь мэс заслын эмчилгээ юм.
-Амбулаторийн оношилгоо, шинжилгээний багц үүссэн. Өмнө иргэд улирлын оношилгоо, шинжилгээний төлбөр 165000 төгрөгөөс давбал өөрөө төлдөг байсан бол одоо багц руу шингээж өгсөн бөгөөд хамтын төлбөрөөс чөлөөллөө.
-Оношийн хамааралтай бүлгийн ор хоногийн төлбөрийг өмнө хувь иргэн даатгалаас салангид тооцон өгдөг байсан бол одоо тухайн оношийн өртөг буюу 25 хувийн хамтын төлбөрт орлоо.
-Эмнэлзүйн хувьд хэвтүүлэн эмчлэх шаардлагагүй буюу өдрөөр явах тусламж үйлчилгээг өргөжүүлэхээр боллоо. Ингэснээр тусламж, үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болох юм.
Хорт хавдрын эмчилгээг бүрэн даатгалаас санхүүжүүлнэ
Тогтоолын хүрээнд хорт хавдрын хими эмчилгээ, мэс засал, хавдрын дараа эм, өдрийн химийн бай, амбулаторийн хяналт, хими туяаны өдрийн эмчилгээ, хорт хавдрын дараах сэргээн засах эмчилгээ зэрэг хорт хавдартай холбоотой бүх тусламж үйлчилгээг даатгалаас бүрэн санхүүжүүлэхээр боллоо. Энэ тогтоолын дагуу гуравдугаар сарын 1-нээс хойш 2527 хорт хавдрын тохиолдолд 1.5 тэрбум төгрөг бүхий Эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлийг даатгалын сангаас олгоод байгаа аж.
Улсын болон хувийн эмнэлгүүд хамтран ажиллана
-Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгоно. Тодруулбал, бие биенийхээ үзүүлж чадахгүй тусламж үйлчилгээг нөхөж, түншлэлийн хүрээг бий болгох.
-Эрүүл мэндийн байгууллагын бүх тусламж үйлчилгээг гүйцэтгэлд нь үндэслэн хянаж, санхүүжилтийг олгоно.
-Одоогийн байдлаар бүх хувийн эмнэлгүүдтэй хэвтүүлэн эмчлэх чиглэлийн гэрээ байгуулан ажиллаж байна.
-Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй амбулаторийн тусламж үйлчилгээний чиглэл болон өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд зөвшилцөх байдлаар ажиллана.
-Хувийн хэвшлийн долоон эмнэлэгтэй өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээг зөвшилцсөн байна. Эдгээр хувийн эмнэлгүүд төрөлжсөн ба аймгийн нэгдсэн эмнэлгийн статустай улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг томоохон байгууллагууд юм.
Гэрээт эмнэлгээс буцаан олголтоо авах боломжтой
Иргэд даатгуулагчид хэвтэн эмчлүүлэх үедээ өвчний түүхэд бичигдсэн эм, тариа, материалын зардлыг өөрөөсөө гаргасан тохиолдолд төлбөрийн баримтыг үндэслэн тухайн эмнэлгээс буцаан авах боломжтой. Ингэхдээ иргэн та зөвхөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээт эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд буцаан олголтыг авах юм.
Өндөр өртөгтэй шинжилгээний 70 хувийг даатгалаас санхүүжүүлнэ
Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд нийт есөн төрлийн 130 гаруй оношилгоо, шинжилгээ багтаж байна. Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэхэд даатгалын сангаас 70 хувь, иргэд өөрсдөө 30 хувь төлөх зохицуулалттай.
-Өндөр өртөгтэй шинжилгээний багцад 50 мянган төгрөгөөс дээш өртөгтэй шинжилгээний багц багтаж байна. Өнөөдрийн байдлаар өндөр өртөгтэй оношилгоог хийхээр 52 байгууллагатай гэрээ хийсэн байна. Үүнд:
Төрийн өмчийн 39 эмнэлэг - Улаанбаатар хотод 18, аймагт 21
Хувийн хэвшлийн 13 эмнэлэг - Улаанбаатар хотод 12, аймагт нэг байна.
Хамтын төлбөр төлөхгүй долоон бүлэг хүмүүс
Үүнд 0-18 насны хүүхэд, нийгмийн халамж асаргаа шаардлагатай хүмүүс, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэд, ял эдэлж байгаа ялтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хугацаат цэргийн албан хаагч, хүүхдээ асарч байгаа эх зэрэг багтлаа.
-Иргэн та Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ бүхий эмнэлгүүдээр үйлчлүүлснээр хөнгөлөлт авах боломжтой. Мөн гэрээт байгууллагуудын хөнгөлөлттэй үйлчлэх чиглэл тус бүрийг анхаарна уу. Та энд дарж тухайн байгууллагуудтай танилцана уу. -Эмчийн заалтаар аливаа оношилгоо, шинжилгээ хийгдэх ёстой. Ерөнхийдөө тухайн эмчилгээг та зайлшгүй хийлгэх хэрэгтэй эсэхийг эмчээрээ тогтоолгоно. Энэ нь 13А маягтаар зохицуулагдах юм. Эмчийн заалтгүй хийж байгаа нөхцөлд даатгалын сангаас хөнгөлөлт олгогдохгүй.
-Тусламж үйлчилгээ авах үйл явц хурууны хээгээр баталгаажна. Тодруулбал, та эмнэлэгт хөнгөлөлттэй үйлчилгээ авахаар очихдоо хурууны хээгээ баталгаажуулна. Түүнчлэн хэвтэн эмчлүүлэх хүмүүс анх хэвтэхдээ болон гарахдаа хурууны хээгээ баталгаажуулна.