Open iToim app
Таны сонорт | 7 мин уншина

ХААН Банк улсын томоохон эмнэлгүүдэд цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлж эхэллээ

ХААН Банк улсын томоохон эмнэлгүүдэд цахим төлбөр тооцооны систем нэвтрүүлж эхэллээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 30
“Монгол Улсад цахим төлбөр, цахим санхүүгийн үйлчилгээний хувьсгал гарах боломж бүрдсээр байна” хэмээн эдийн засагч Д.Жаргалсайхан бичиж байв. Үнэхээр техник технологийн дэвшлийг ашиглаж, төлбөр тооцоог хурдан шуурхай, амар хялбар гүйцэтгэх шинэ боломжууд нэмэгдэж буйн нэг жишээ нь улсын томоохон эмнэлгүүдэд  ХААН Банк цахим төлбөрийн систем нэвтрүүлж эхэлжээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт энэхүү үйлчилгээг өнгөрсөн тавдугаар сараас нэвтрүүлсэн бол саяхнаас Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ), Улсын хоёрдугаар төв эмнэлгээр үйлчлүүлэгчид цахим банк, мобайл банк, Q-Pay, ПОС машин ашиглаж цахим хэлбэрээр эмнэлгийн үйлчилгээний төлбөрөө хийх боломж бүрдлээ. Өмнө нь иргэн Эрүүл мэндийн даатгалаас давсан төлбөрөө эмнэлгийн кассанд бэлнээр төлж эмчид үзүүлэх, шинжилгээ хийлгэх цагаа авдаг байсан бол одоо бэлэн бусаар төлбөрөө хийх боломж бүрдсэн юм. Эмнэлэг доторх, эсвэл ойр хавийн АТМ, банкны салбарт дугаарлан бэлэн мөнгө авчран төлбөр төлдөг байдал үгүй болж байна гээд энэхүү үйлчилгээний давуу тал олон аж.
ХААН Банк 2.4 сая хэрэглэгчтэйгээс 1.8 сая нь карт эзэмшигч. Тус банкны нийт харилцагчдын 60 хувь нь цахим банкны үйлчилгээ ашигладаг гэсэн статистик байна. Тиймээс харилцагчдынхаа тав тух, аюулгүй байдлын үүднээс, нөгөөтэйгүүр илүү шуурхай, чирэгдэл багатай үйлчилгээ санал болгох зорилгоор ийнхүү улсын эмнэлгүүдэд бэлэн бус төлбөр тооцоо хийх систем нэвтрүүлж эхэлжээ.
Энэхүү үйлчилгээнд иргэд болон эмнэлгийн ажилтнууд хэр сэтгэл ханамжтай байгаа талаар тодруулж, хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
undefined
Өдөрт 150 гаруй хүн цахимаар төлбөрөө хийж байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т энэ оны 5-р сараас эл үйлчилгээг ХААН Банкнаас нэвтрүүлснээс хойш тус эмнэлгийнхэн болоод үйлчлүүлэгчид ихээхэн ам сайтай байгаа аж.  Тухайлбал, тус эмнэлгээр өдөрт дунджаар 400-430 хүн үйлчлүүлдгээс 150 гаруй нь төлбөр тооцоогоо цахимаар хийдэг болохыг Статистик бүртгэл, мэдээллийн албанаас нь өгөв. Үүнээс харахад сард дунджаар 3600 гаруй иргэн эмнэлгийн үйлчилгээний төлбөрөө илүү хялбараар буюу цахимаар хийж байна. Энэ нь иргэдийн цагийг хэмнэхээс гадна эмнэлгийн бүртгэл, тооцооны ажилтнуудын ажлыг  ч  мөн хөнгөвчилж буй юм.
УНТЭ-ийн Нэг цэгийн цахим бүртгэлийн кассны ажилтан Д.Цэндбазар:
-ХААН Банкны нэвтрүүлсэн цахим үйлчилгээ бүртгэлийн ажилтнуудын ажлыг багагүй хөнгөлж байна. Хамгийн гол нь ганцхан цэг биш, бусад давхруудад байршуулсан таван цэгээр ийм үйлчилгээ үзүүлж байгаа болохоор иргэд заавал нэг газар дугаарлахгүй болж, явдал чирэгдэл нь багассан. Нөгөөтэйгүүр, цахим үйлчилгээг ганц төрлөөр бус, цахим банк, мобайл банк, Q-Pay,  ПОС машин ашиглан хийж байгаа нь маш том давуу тал. Үүнийг нэвтрүүлэхээс өмнө манайх бэлэн мөнгө авдаг байсан. Мөнгөө тоолж авахад багагүй хугацаа зарцуулахаас гадна иргэдийн хувьд ч бэлэн мөнгө биедээ авч явах нь хулгайд алдах эрсдэлтэй. Энэ бүх асуудал шийдэгдэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдийн хүлээгдэл мэдэгдэхүйц багассан. Өмнө нь манай эмнэлгийн нэгдүгээр давхарт байх АТМ-д хүмүүс дугаарлаж, бэлэн мөнгөө барьж ирж, төлбөрөө хийдэг, явдал чирэгдэл ихтэй байлаа. Хэрэв тухайн хүн бэлэн мөнгөтэй бол түүгээрээ төлбөрөө хийх боломж нь бол хэвээрээ байгаа шүү дээ. Харин бэлэн бусаар буюу карт уншуулах, мобайл банк, интернэт банк, аппликэйшнээр ч төлбөрөө төлөх боломжтой болсон гэсэн үг. Үүнээс гадна бид өглөөгүүр орлого аваагүй үед заримдаа хариулт мөнгө өгөх боломжгүй байдаг. Энэ үйлчилгээнд тийм зовлон байхгүй. Мөн заримдаа алдаа гаргаад мөнгө дутуу тоолж авах явдал цөөн ч гэсэн гардаг байсан. Одоо бол тийм эрсдэл байхгүй. Ажил тараад бас бэлэн мөнгөө тоолж, тооцоо нийлэх гэж бас л хугацаа шаарддаг байлаа. Харин одоо баримтаа тушаагаад, мөнгө дүнтэйгээ тулгахад л болно.
undefined
Үйлчлүүлэгчид төдийгүй ажилтнуудад ч хэрэгтэй үйлчилгээ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг учраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэдийг хүлээн авдаг, хамгийн их хөл хөдөлгөөнтэй эмнэлгүүдийн нэг. Өдөрт давхардсан тоогоор дунджаар 2300 иргэн үйлчлүүлдэг. Тус эмнэлэг цахим бүртгэлийн дөрвөн цэг, 11 ажилтантай. ХААН Банкны цахим төлбөрийн үйлчилгээг энд нэвтрүүлээд 10 гаруй хонож байна. Эхний хэдэн өдрийн байдлаар нийслэл, орон нутгийн нийлсэн 20 гаруй хүн тооцоогоо карт болон Q-Pay, ПОС ашиглаж хийсэн болохыг бүртгэлийн ажилтнууд нь мэдээлэв. 
ХСҮТ-ийн Бодлого, төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан:
-Манай эмнэлэг 10-р сарын 10-наас ХААН Банкны цахим төлбөрийн үйлчилгээг нэвтрүүлээд явж байна. Олон улсын жишигт бол энэ нь зайлшгүй байх, хамгийн зөв, энгийн үйлчилгээ болсон. Эл үйлчилгээ нэвтэрснээр байгууллагын хувьд ямар давуу талтай вэ гэхээс урьтаад бэлэн мөнгөөр гүйлгээ хийхэд ямар хүндрэл, бэрхшээл байдгийг цухас хэлье. Бэлэн мөнгөтэй харьцах нь эрүүл ахуйн талаасаа ч, аюулгүй байдлаасаа ч эрсдэлтэйг хүмүүс мэднэ. Нөгөө талаасаа төлбөр тооцооны хэсэгт, цахим бүртгэлийн ажилтнуудын ажил хөнгөрч, үйлчилгээ илүү шуурхай хялбар болох нь мэдээж. Энэ нь зөвхөн үйлчлүүлэгч гэлтгүй эмч, ажилтнуудад маань ч чухал хэрэгтэй. ХХI зууны үйлчилгээний ямар ч байгууллагад цахим төлбөр тооцоо зайлшгүй байх ёстой зүйл. ХААН Банктай хамтраад бид ийм түвшинд үйлчилгээ хүргэж эхэллээ. Үйлчилдэг нь ч, үйлчлүүлдэг нь ч аль ч талаасаа цаг хугацаа хэмнэсэн, аюулгүй, эрсдэлгүй үйлчилгээ юм.
ХСҮТ-ийн кассчин Ч.Шүрэнцэцэг:
-Цахим хэлбэрээр төлбөр тооцоо хийхэд бидний ажил багагүй хөнгөрч байна. Наад захын жишээ гэхэд, өдөртөө төвлөрсөн бэлэн мөнгийг аваад, банк руу явж тушаадаг асуудал байхгүй болж байна. Иргэд талаасаа ч АТМ-аас мөнгө авч, эсвэл банкинд мөнгөө тушаах зэргээр явдал чирэгдэл их байсныг ХААН Банкны цахим төлбөрийн систем нэвтэрснээр байхгүй болгож, ажил шуурхай явагдах боломжтой боллоо. Тухайлбал, төлбөрөө тушаахын тулд нэг хүн өмнө нь 5-10 минут  үйлчлүүлдэг байсан бол одоо 3-5 минут болж хугацаа нь багассан байх жишээтэй. Мөн урьд нь даатгалаараа үйлчилгээ авчихаад, түүнээс давсан төлбөрөө төлөхийн тулд АТМ машинаас мөнгөө авчраад, дахин дугаарладаг байсан. Өөрөөр хэлбэл, одоо нэвтрүүлж байгаа системээр бол ганц удаагийн үйлдлээр хийх боломжтой зүйлийг өмнө нь хоёр, гурван ажил болгож, цаг хугацаа зарж, чирэгдэж байсан.
ХСҮТ-ийн цахим бүртгэлийн ахлах мэргэжилтэн П.Хишигсүрэн:
ХААН банкнаас санаачилсны дагуу эмнэлгийн үйлчилгээний төлбөр, тооцоог цахимаар хийх болсон нь олон давуу талтайг эхнээсээ мэдэрч байна. Ер нь эмнэлгээр үйлчлүүлэхдээ иргэд, ялангуяа орон нутгийнхан бэлэн мөнгөтэй явдаг. Энэ нь мөнгөө хулгайд алдах, өөрөө гээж үрэгдүүлэх зэрэг эрсдэлтэй. Мөн бүртгэлийн цонхон дээр мөнгөө тоолох гэж нэлээд хугацаа авдаг. Зарим хүн олон дахин тоолно. Будилж буруу тоолоод, мунгинах нь ч бий. Энэ бүхэнд цаг явдаг. Ард нь өчнөөн хүн дугаарлаад, мөн л бухимдаж ядаж байхад өвөр түрүүгээ ухаад, мөнгөө тоолоод зогсчихдог. Хавдартай хүмүүс сэтгэл зүйн хувьд дарамттай, бухимдалтай байдаг. Тэдгээр хүмүүс болон тэднийг дагаж яваа асран хамгаалагч нар нь бүртгэл хийлгэх, цаг авах зэргээр дугаарлаж зогсохдоо бидэнд бухимдлаа гаргах  нь олон. Төлбөрөө хийгээд зогсож байгаа хүмүүсийг яаруулах, загнах зэргээс болж буруу зөрүү тоолоод, дахиад л эхнээс нь тоолж, цаг алддаг. Энэ байдал үйлчилгээний шинэ систем нэвтэрснээр үгүй болж, стресс, бухимдал ч буурна гэж найдаж байна.
Манай бүртгэгчдийн хувьд өдөрт нэг цонхон дээр дунджаар сая гаруй төгрөгийн тооцоо хийдэг. Тэр бүхнийг тоолж, цэгцлэх, няравт тушаах гээд нэлээд ажил болдог байлаа. Харин цахимаар төлбөр хийдэг болсноор ажлын цаг их хэмнэгдэж байна. Энэ нь илүү олон хүнд шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ гэсэн үг. ПОС, Q-Pay, интернэт банк гээд олон сонголтоор төлбөрөө цахим бүртгэлийн цонхноос холдохгүйгээр хийж байгаа нь ёстой том ололт.
undefined
ХСҮТ-өөр үйлчлүүлж байсан Ховд аймгийн иргэн Б, 26 настай:
-Би ер нь бэлэн мөнгө авч явдаггүй. Байнга картаар үйлчлүүлдэг. ХСҮТ-өөр  өнгөрсөн зунаас хойш үйлчлүүлж байна. Өнөөдөр төлбөрөө ПОС машинд картаа уншуулж хийлээ. Амар байна. Бас Q-Pay, мобайл, интернэт банк гээд олон сонголтоор тооцоогоо хийх боломжтой гэж тайлбарлалаа. Урьд нь АТМ-аас мөнгө аваад, дугаарладаг байсан бол одоо илүү хялбар, цаг зав хэмнэсэн, ач тустай болсон санагдлаа.
Хан-Уул дүүргийн иргэн Э, 55 настай:
-Бэлэн мөнгө авч явдаггүй хүмүүст ХСҮТ-ийн цахим бүртгэлийн хажууд олон банкны АТМ байдаг нь давуу тал байсан. Зарим газарт АТМ байхгүйн улмаас заавал банк орох, эсвэл гарч АТМ хайх асуудал гардаг байсан. ХСҮТ-ийн цахим бүртгэлийн цонхнуудад ХААН Банкны төлбөрийн олон хэлбэрийн систем нэвтэрч байгаа юм байна. Тэгэхээр утсаараа, эсвэл ПОС машинд картаа уншуулаад үйлчилгээний төлбөрөө хийнэ гэсэн үг. Маш зөв зүйтэй ажил байна. Цаг хэмнэхээс эхлээд ариун цэвэр, ахуйн талаасаа ч талархууштай үйлчилгээ гэж харж байна. Чоно борооноор гэдэгчлэн муу хүмүүс эмнэлэг, Гандангаар явж хулгай хийдгийг манайхан бүгд мэднэ. Тийм эрсдэлээс хүртэл хамгаалах юм байна.
ХААН Банк эхний ээлжинд өдөрт хэдэн мянган хүнд үйлчилдэг улсын томоохон эмнэлгүүдэд ийнхүү цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх бол  цаашид төрийн үйлчилгээний бусад байгууллагатай хамтран ажиллаж, үйлчилгээг иргэн харилцагч бүрт хүртээмжтэй шуурхай байлгах, үйлчилгээний таатай орчныг бүрдүүлэхээр зорьж байна.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн